Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг: Сөрөг сэтгэгдэл дээр тухайн иргэн хувийн сахилга баттай байж мэдээллийн сувгуудаа хянах, хаах нь чухал

Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.


-Ер нь сөрөг мэдээлэл, сэтгэгдлийг өөртөө хүндээр тусгаж авах нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Сөрөг мэдээллийн нөлөө тархинд илүү хүчтэй тусдаг.Тиймээс ихэвчлэн сөрөг мэдээлэл аваад сэтгэл хөдлөл сөрөгждөг. Уурлах, бухимдах, сэтгэл тавгүйтэх, түгших, хямрах зэрэг сэтгэлийн хөдөлгөөн гаргах нь сэтгэл зүйн тайван байдалд нөлөөлдөг. Ингэснээр ажил дээрээ анхаарал төвлөрөхгүй байх, бүтээмж буурах, бусадтай харилцахдаа авсан сөрөг мэдээллээ хуваалцаж “халдварлуулах” зэрэг үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийж байдаг. Нийгмийн сэтгэл судлалын сонгодог туршилт, судалгаануудаас үүнийг харж болно. Эерэг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд дамжаад зогсдог бол сөрөг мэдээлэл нэг хүнээс гурван хүнд, гурван хүн нь цааш дахин тус бүр гурван хүнд гэх маягаар дамждаг. Цуурхлын сэтгэл зүйн хүчин зүйлтэй адил. Хүн эерэг мэдээллийг аль болох өөртөө шингээж үлдээхийг, харин сөрөг мэдээллийг өөртөө үлдээхийг хүсдэггүй учир заавал цааш дамжуулдагт оршиж байна. Тиймээс анхнаасаа ийм төрлийн мэдээллийг авахгүй байх талд анхаарах нь чухал юм. Бид энэ тохиолдолд ихэвчлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгадаг. Түүнээс өмнө хувь хүн өөрийн гэсэн хувийн сахилга баттай байж, мэдээллийн сувгуудаа хаадаг, хянадаг байх нь чухал.

-Хүмүүсийн өөрт нь тухайлан хэлсэн сөрөг сэтгэгдлийг хүндээр тусгаж аваад өөрийгөө сэтгэл гутрал, дарамтад оруулаад байдаг тохиолдол бий. ийм байдалд орохгүйн тулд тухайн сөрөг сэтгэгдлийг хэрхэн хүлээж авах ёстой юм бол?

-Мэдээллийг шүүлтүүргүйгээр хүлээн авч байгаад олон хүчин зүйлс нөлөөлж байх талтай. Аливаад шүүн тунгаах сэтгэлгээгээр хандахгүй байх, эргэлзэх, тээнэгэлзэх, эргэлзэж байгаа зүйлээ нягтлах чадамжгүй байх зэрэг. Шинжлэх ухаанч байдлын хамгийн эхний шинж бол ертөнцийн үйл явц, нөхцөл байдалдаа тийм л байдаг. “Анхнаасаа”, “угаасаа л тийм байна” гэсэн тогтсон үзэл хандлагаас илүү аливаад эргэлзээтэй хандах эргэлзээгээ тайлахын тулд олон эх сурвалжаас мэдээлэл хайх зэрэг чадвар юм. Бид нэг эх сурвалжаас юм уу нэг хүний бичсэн бичлэг, ярианаас шууд энэ мэдээлэл үнэн гэж хүлээж авч байгаа нь аливаад шинжлэх ухаанчаар бус зөвхөн амьтны интуиц (зөн билгээрээ) хандаж байгаагийн жишээ.

-Сөрөг сэтгэгдлийг өөртөө хүндээр тусгаж авах нь тухайн хүний дархлаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бид өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой зүйлд мэдрэмтгий байдаг. Энэ нь сэтгэл зүйн сонгодог онолуудад тусгалаа олсон байдаг. Болж буй үйл явдалд бид сэтгэл зүйн болон биеийн хариу үйлчлэл үзүүлдэг. Иймээс аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авч яаран дүгнэлт хийж бусдад дамжуулах, өөрийн сэтгэл санааг мэдээллээр дамжуулан хямраах нь сэтгэл зүйн болон биеийн дархлааг дарангуйлах эрсдэлтэй. Эрүүл байхад бусад нь аандаа болно оо гэдэг үгийг ахмад настангууд хэлдэг. Тиймээс өөрийн эрүүл мэнд дархлаагаа сайтар дэмжээсэй гэж хүсч байна. Дархлаа нь зөвхөн биеийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй. Нэг эх сурвалжаас мэдээлэл авч хэт бухимдаж стресстэлгүй энэ үеийг өөртөө болон гэр бүлдээ гаргаж буй чанартай цаг гэж хүлээж аваасай. Хийж хэрэгжүүлж эхлүүлж чадаагүй байсан зүйлээ илүү нарийн төлөвлөж гэртээ хийх гээд хийж чаддаггүй байсан зүйлээ эмхлэх, цэгцлэх, цэвэрлэх зэрэг ажлыг хийж өөртөө дадал болгох үйлдлүүдээ дадуулах чухал цаг мөч гэж хүлээн аваасай гэж хүсч байна.

-Хэт эмзэг байх нь сөрөг зүйл мөн үү?

-Сэтгэл зүйн шинжлэх ухааны хувьд тэнцвэрт байдал чухал. Сэтгэлийн хөдөлгөөн, зан араншин ч тэнцвэртэй байснаараа хүн сэтгэл тэнүүн, өөртөө итгэлтэй, бодол, үйл ойлгомжтой байдаг. Харин тэнцвэргүй болсноор хэт эмзэг байх, бодит байдлыг хэт ургуулан бодох зэрэг асуудалтай тулгардаг. Тиймээс аливаа зүйлд хэт эмзэг мэдрэмтгий бол энэ байдал өөрт чинь болоод бусад хүмүүст дараатай бол мэргэжлийн сэтгэл судлаачид хандах хэрэгтэй.

-Хэт эмзэг байх нь ямар үр дагавартай вэ?

-Дээр хэлсэнчлэн өөртөө болон бусдад түвэгтэй байдлууд үүсдэг. Бусдын хэлсэн үг, үйлдлийг ургуулан бодох, төсөөлөх эсвэл өөрөө бусадтай харилцахад бэрхшээлтэй болдог. Тиймээс хэзээнээс ийм байдал үүссэн бэ? Хэрвээ урт хугацаанд хэт эмзэг байдлаар аливааг тусгаад байгаагаа бодох хэрэгтэй. Удаан хугацаанд эмзэглэх нь сэтгэл санааны тэнцвэрт байдлыг үгүй хийдэг.

-Өвчин тусчихгүй байгаа, ажлаасаа халагдчихгүй байгаа гэдэг ч юм уу болзошгүй эрсдэлийг тохиолдох гэж буй зүйл мэтээр бодож өөрийгөө айдаст автуулах нь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Аливаа асуудалд тархи хоёр янзаар хариу үйлдэл үзүүлдэг. Эхнийх нь тухайн асуудалтайгаа нүүр тулж бодит байдлыг илүү эрүүл нүдээр хардаг бол хоёр дахь нь зугтах юм. Нэгэнт бий болсон байгаа нөхцөлийг зөв үнэлэн өөрийн сэтгэл зүйгээ удирдах нь чухал бөгөөд үүнд сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах арга тусалдаг. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахын тулд өөрийн байгаа нөхцөл байдлыг хэт хийсвэрлэхгүй байх шаардлагатай. Энэ хийсвэрлэл нь биднийг зөв шийдвэр гаргахад саад болдог. Өөрөөр хэлбэл, айсан хүнд аргал хөдөлнө гэсэн хэлцтэй ижил зүйл болдог. Болж байгаа үйл явдалд эрсдэлийг тооцож байна уу, айж байна уу гэдэг хоёр өөр ойлголт. Айх нь тооцоолол хийхдээ ихэвчлэн хувилбар гаргах боломжгүй байдаг бол эрсдэл нь тооцоолол хийж тухайн асуудлыг шийдэх хувилбар гаргадгаараа ялгаатай.

-Ер нь нийгмийг айдаст автуулж буй аливаа сөрөг мэдээлэлд хүн ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой вэ?

-Мэдээлэл нь хүний сэтгэл санаа, үзэл бодол, хандлагад шууд нөлөөлөл үзүүлж байдаг хүчтэй зүйл. Мэдээллийг бид уншиж, харж, сонсож хүлээн авдаг. Хүн бүр тус бүртээ дэлгэцгүй (ухаалаг утас, компьютер) байхад хязгаарлагдмал хүрээнд мэдээллийг авдаг байсан. Харин одоогоор өөрийн хүссэн хүсээгүй (хогон мэдээлэл- өөрт хэрэглэгдэхгүй, зөвхөн сэтгэл санааны хямрал үүсгэх) мэдээллийг хязгааргүйгээр авч байна. Тиймээс энэ мэдээлэл миний амьдралд надад ямар хэрэгтэй вэ гэсэн байдлаар хандаад үзвэл мэдээлэлд хандах бидний хандлага арай өөр тал руугаа өөрчлөгдөх байх гэж найдаж байна.

У.ЧИНЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *