Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.
Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардаг. Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу. 2016 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 8 аймгийн 8 суманд 8 удаа, нийслэлийн 3 дүүрэгт 5 удаа тохиолдож 12 хүн амь насаа алдсан байна. Онцгой байдлын албаны албан хаагчид 6 хүнийг гол усанд осолдохоос аварчээ.
Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдэд тавих хараа хяналттаа дээшлүүлэх, гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.