Их Британийн гадаад тагнуулын байгууллага(MI6)-ын тэргүүн, сэр Ричард Мур 1968 онд Зөвлөлтийн танкуудад харгис хэрцгийгээр дарагдсан коммунист дэглэмийн эсрэг бослого болох “Прагийн хавар”-ын 55 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Чех улсын Их Британийн Элчин сайдын яаманд хүрэлцэн ирсэн хүмүүст хандан хэлсэн үгийг товчлон хүргэж байна.
Англи хэл дээрх илтгэлийг бүрэн эхээр нь https://www.gov.uk/government/speeches/speech-by-s… хаягаар орж үзнэ үү.
Тэрбээр өөрийн илтгэлийн эхэнд “Өнөөдөр олон орос иргэн тэдний зэвсэгт хүчин Украины хот, сууринуудыг газрын хөрснөөс арчин сүйрүүлж, олон гэмгүй иргэд амь үрэгдэж, гэм зэмгүй гэр бүлүүдийг гэрээс нь хөөн харь улсад цагаачлуулж, олон мянган хүүхдийг нь хулгайлж байгааг айж эмээн, чимээгүйхэн ажиглан харж байна. Цэргүүд нь төрөл нэг хөрш улсыг хэрхэн тонон дээрэмдэж сүйтгэж байгаагаас тэд айцгааж байна. Тэд сэтгэлийнхээ гүнд Путины зарласан дайны шалтгаан нь худал хуурмаг, зохиомол зүйлээс өөр юу ч биш гэдгийг ойлгодог” гэж хэлжээ. Түүний хэлснээр өнөөдөр маш олон орос иргэд 1968 онд Зөвлөлтийн танкууд Прагийн бослогыг дарах үед тэдний өмнөх үеийнхэнд тулгарч байсан харамсал, гэмшлийн байдалтай нүүр тулахаас өөр аргагүйд хүрээд байна. Кремлийн Прагийн харгислалын дараа манай байгууллагатай орос иргэдийн хамтран ажиллах явдал эрс нэмэгдэж байсан түүхэн уламжлал бий. Иймээс би өнөөдрийн орос иргэдийг сүүлийн 18 сарын хугацаанд бидэнтэй нэгдсэн орос хүмүүсийн үлгэр жишээг дагаач хэмээн албан ёсоор урьж байна. Манай үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй” гэж хэлжээ.
Сэр Ричард орос иргэдийн хамтран ажиллах санал нэг бүрийг анхааралтай, мэргэжлийн түвшинд авч үзэх болно. Бид өөрийн тагнуул, төлөөлөгчдөөсөө хэзээ ч урваж байгаагүй, цус урсгах явдлыг таслан зогсоохын тулд Оросын иргэдтэй хамтран ажиллахад бид бэлэн байна гэж онцлон дурдаад “Манай байгууллагын гол зарчим бол бид тагнуул, төлөөлөгчдөдөө насан туршид нь үнэнч байж, тэдэнд үүрд талархаж байдаг явдал” гэж батлан хэлжээ.
“MI6”-гийн дарга Украиныг дайнд ялж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа батлан харуулахын тулд сүүлийн үеийн үйл явдлуудыг жишээ болгон дурджээ. Тэрбээр Евгений Пригожин Украины түрэмгийллийн гол зүтгэлтнүүдийн нэгэн боловч “Улсын баатрын одон, тэмдэгтэй болохын тулд Шойгуд дайн хэрэгтэй байсан… Орос иргэдэд бус Оросыг удирдаж буй олигархи бүлэгт л дайн хэрэгтэй байсан” гэж Евгений Пригожин өөрөө хэлсэн гэдгийг онцлоод тэрбээр “сэтгэцийн өвчтэй новшнууд” санасандаа хүрэхийн тулд “хэдэн мянган оросуудыг Украины их бууны мах болгон хаях” шийдвэр гаргасан гэж видео бичлэгээр мэдэгдсэнээсээ хэдхэн цагийн дараа Москва руу хөдөлсөн болохыг дурджээ. Энэхүү явдал нь “MI6”-гийн тэргүүний хэлснээр “Путин тэргүүтэй автократ засаглал хэрхэн сул дорой болж нуран унаж буйг илчилсэн үйлдэл болсон” аж.
Сэр Ричард Мурыг Элчин сайдын яаман дээр үг хэлсний дараа Британийн сэтгүүлч Энн Макэлвой “Пригожиний бослого яг юуг нотолсон бэ?” гэж түүнээс асуухад “Энэ явдал Путины засаглал Украины хил дотор явагдаж байгаа дайнаас бусад ямар ч нөхцөл байдлыг хянах чадваргүй болсон гэдгийг батлан харуулсан. Оросууд тулалдааны талбарт асар их хохирол амссанаас үүссэн тогтворгүй байдал нь Оросын төрт ёсны төв хэсэгт хэрхэн хамгийн тогтворгүй байдал бий болгон нэвтэрч байгааг бид харсан” гэж хариулсан байна.
Сэтгүүлч Энн Макэлвой Ричард Мураас “Путин эрх мэдлээ хадгалахын тулд ямар арга хэмжээ авах вэ?” гэж асуухад “Мэдээж би Оросын удирдагчийн толгой доторхыг харж чадахгүй. Гэхдээ тэр Пригожиний бослогыг урьдчилан сэргийлж, зохих ёсоор эсэргүүцэж чадаагүйг бүгд мэдсэн. Путин онцгой байдал үүсэхэд зөвхөн өөрийн арьсаа аврах гэрээ л хийсэн гэдгийг бид харсан” гэж хэлээд “Хэрэв улсад чинь дурын хөлсний цэргүүд нийслэл рүү чинь зүгээр л цуваагаар довтолж, 125 км хүрэхгүй зайд очиж чадаж байгаа бол, үүний эсрэг төр, засаг чинь ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа бол хамгийн муу зүйл болж байна гэсэн үг” гэж онцолжээ. Мөн тэрбээр “Цөмийн зэвсгийн аюулаар заналхийлж байгаа нь зөвхөн Путин өөрөө болон түүний цөөн хэдэн гар хөл бологчид л байна. Энэ нь хариуцлагагүй, бодлогогүй явдал бөгөөд зөвхөн Украиныг дэмжих бидний шийвэрийг сулруулах зорилготой үйлдэл бөгөөд хэзээ ч тэр зорьсондоо хүрч чадахгүй” гэж Мур хэлжээ.
“MI6”-гийн дарга Украин бүрэн эрх чөлөөтэй болж байж л Украины дайн дуусна гэдгийг онцлоод “Энэ мөчийг яаравчлуулахын тулд Украины зэвсэгт хүчин шинэ арга, шинэ технологи ашиглан гайхалтай чадваруудаа харуулсан довтолгоон хийж байна… Өнгөрсөн зун би Оросын арми туйлдаж байгааг онцлон тэмдэглэж байсан. Оросын армийн хувьд дахин сэргэх ямар ч боломж алга байна. Украины арми сүүлийн нэг сард Оросын нэг жилд эзэлсэн газар нутгаас илүү их газар нутгаа чөлөөлчихөөд байна” гэжээ.
Украин улс олон холбоотон, найз нөхөдтэй хэдий ч зарим нэгэн улс түрэмгийлэгчийн хамсаатан болж байгааг сэр Ричард Мур мөн тэмдэглэв. Түүний хэлснээр, Иран улс Украины хотуудыг сүйтгэж, украинчуудыг устгаж буй дрон Орост нийлүүлэх болсон нь Тегеранд эрх мэдлийн дээд түвшинд дотоод хагарал үүсгээд байна гэжээ.
“MI6”-гийн дарга мөн хиймэл оюун ухааны хөгжил, энэ нь уламжлалт тагнуулын ажилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан байна. Сэр Ричард хиймэл оюун ухаан нь тагнуулын салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч хүнийг орлож чадахгүй гээд
“Тагнуулын албаны гол зорилго бол компьютер бус хүмүүс юм. Харин хиймэл оюун ухаан манай ажилд дам тусламж үзүүлж байгаа ч заримдаа зарим төр,засаг алан хядагч байгууллагын удирдлагын шийдвэрт нөлөөлөх нь бий гэж хэлсэн байна. Мөн тэрээр барууны улсуудтай сөргөлдөгч улсууд хиймэл оюун ухааныг ямар ч ёс суртахуун, хүнлэг ёсноос гадуур ашиглах аюул байгааг анхааруулжээ
Сэр Ричард Мур мөн “Манай ажилчид хиймэл оюун ухааныг өөр өөр нөхцөл байдалд хүмүүс хэрхэн шийдвэр гаргаж ажиллах талаар өөрсдийн дүгнэлтийг баяжуулан, нөхөхийн тулд ашигладаг. Тэд хиймэл оюун ухааныг ашиглан ур чадвар, ажлын үр дүнгээ дээшлүүлдэг” гэж хэлжээ. Үүний зэрэгцээ, ирээдүйд хиймэл оюун ухаан хүний үйл ажиллагааны зарим салбарт зонхилох үүрэг гүйцэтгэж, тоон хэрэгслүүд нь зөвхөн ойлгох төдийгүй хүний үйлдлийг хүмүүсээс илүү урьдчилан таамаглах боломжтой болно гэдгийг дурдсан байна. Гэсэн хэдий ч, хувийн холбоо, зөвхөн нүүр тулан харилцах замаар бий болох ойлголт нь ойрын ирээдүйд ямар ч хиймэл оюун ухаантай машинуудад боломжгүй зүйл гэдгийг онцлоод “Хиймэл оюун ухааны хөгжил хичнээн хурдан бөгөөд бүх зүйлийг хамарсан ч зарим өвөрмөц харилцаа зөвхөн хүн төрөлхтний шинж чанартай хэвээр үлдэх бөгөөд энэ нь миний удирдаж буй байгууллагын гол зорилго байх болно” гэж “MI6”-гийн дарга дүгнэн хэлжээ.
Г.АМАРСАНАА