Categories
мэдээ нийгэм

Сэнжтэй, сэнжгүй уут тараагдана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараахаар болсон.

    Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хогны уут тараах ажил энэ оны тавдугаар сар хүртэл үргэлжилж зарим иргэний зүгээс дэмий зүйлд мөнгө зарлаа гэх эсэргүүцэлтэй тулгарч зогсоход хүрсэн. Улмаар НЗДТ-ын ажлын хэсэг байгуулагдан иргэдээс санал хураахад 60 гаруй хувь нь дэмжиж энэхүү ажлыг үргэлжлүүлж, ирэх сарын 1-ээс эхлэн хогны уут тараахаар болжээ.

Мөн иргэдээс ирсэн саналын дагуу сэнжтэй болон сэнжгүйг үйлдвэрлэж байгаа аж. Нийт 15ш уутыг гэр хорооллынхонд 50х75 хэмжээтэйг, орон сууцныханд 45х65 хэмжээтэйг сард нэг удаа тараах гэнэ. Гэр хорооллын болон орон сууцны нэг өрхөөс гарах хогны хэмжээнээс хамаарч хэмжээний хувьд өөр өөр байгаа гэнэ. Нэг ширхэг уутны үнэ 95-100 төгрөгийн өртөгтэй гэнэ. Нэг өрхийн сарын хэрэглээнд олгож буй 15ш хогны уутны зардал 1425 төг байгаа нь айл өрхүүдээс авч буй хогны хураамжийн 2000-2500 төгрөгийг уут хэлбэрээр буцаан олгож байгаа аж.   

Өмнө нь хэсгийн ахлагч хогны уутыг тараадаг байсан бол есдүгээр сараас эхлэн өрх бүрт талон тараагдана. Хогийн уут авах газрыг харъяалагдах хорооноос хуваарилж өгөх ба олны хөл хөдөлгөөн ихтэй байршил буюу үйлчилгээний газар эсвэл  гэр хороолол дахь ус түгээх газраас хогийн уутаа тухайн талоноор авах гэнэ. Нийслэлээс энэ есдүгээр сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хогны уутанд нийт 2,7 тэрбум төгрөг зарцуулжээ.

Хог хаядлын хураамжийн болон хогны уутанд зарцуулах мөнгийг хүүхдийн эмнэлэг, сургууль барихад зарцуулах хэрэгтэй хэмээн зарим иргэд шүүмжилдэг. Гэтэл хог хаягдлын тухай хуулийн 20-р зүйлд хогны хураамжийг зөвхөн хог тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих, мэдээлэл, сургалт, сурталчилгаанд л зарцуулна хэмээн заасан байдаг. Тиймээс хуулиараа бол энэхүү хөрөнгийг өөр зүйлд зарцуулах боломжгүй гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Баярмаа хэлсэн юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *