Сэлэнгийн Базарсад, Сэлэнгийн Сүхдорж, Сэлэнгийн Доржсүрэн гээд хэдэн сайхан найрагчдыг бид мэднэ. Миний бие Сүхдорж ахтай ойр, Доржсүрэн найрагчтай мэндтэй устай явдаг нэгэн. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Базарсад найрагчийг Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын урилгаар манай сургуульд ирээд байхад нь харж байсан. Оюутнуудтай уулзаж, шүлэг найргаа уншиж байв. Маш гоё костьюмтай жигтэйхэн цэмцгэр, өндөр соёлтой, дотроосоо оргилсон сайхан хүн байлаа. Ёстой л яруу найргийн одонд төрсөн нэгэн байсан нь мэдээж. Эдгээр найрагчдын, өргөн Сэлэнгээрээ овоглосон эрхмүүдийн үргэлжлэл нь яруу найрагч Бямбадоржийн Пүрэврэнцэн юм.
Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн тэрээр Хараа голын тунгалаг хөвөөнд өсч, Сэлэнгийн хэмээх тодотголыг хүртэн, тэр л зүгийн найрагчдын дунд өсөн өндийж, анхны шүлгүүдээ бичиж, утга зохиолын зам мөрөө эхэлсэн байдаг. Шүлэг найрагт дуртай, ном уншихын өвчтэй, “Элс цас”-аас аваад хуучны бүхий л зохиолуудыг толгой дараалан уншсан нөхөр хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Монгол Улсын их сургуулийн уран зохиолын ангид оров. Их утга зохиол, хэл шинжлэлийн үе үеийн эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн, оюуны их уурхайд Чойжилжавын Билигсайхан, Дашлхүмбийн Галбаатар хэмээх хоёр аварга ханайж угтсан нь мэдээж. “Намайг шүлэг зохиол бичихэд хамгийн их дэмжиж, халуун сэтгэлээр хүлээж авсан хүн бол Билигсайхан багш маань юм. Утга зохиол судлалын нэртэй эрдэмтэн тэрээр яруу найргийн шинэ урсгал, орчин цагийн өнгө аясыг надад мэдрүүлж, уран зохиолын мөн чанарыг таниулж ойлгуулахын төлөө зүтгэсэн. Галаа багшийн гавьяа ч мөн их байсныг би мартах учиргүй” гэж нэгэнтээ өгүүлсэн.
Их сургуулийн монгол хэл, уран зохиолын танхимаас зохион явуулдаг “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам олон ч залуусын авьяасыг нээн, урам зоригийг бадраасан нь бий. Уг наадамд “Ганцаардал” шүлгээ уншин тусгай байр эзлээд бөөн баяр болов. Ямар сайндаа шагналынхаа мөнгөөр найз нөхөдтэйгөө дарвиж яваад захирлынхаа нарийн бичигт баригдан загнуулж байхав дээ. Оюутан ахуй цагийн шуугиант он жилүүдийнх нь нэгэн сайхан мөч тэрхүү найргийн наадам байжээ. Сургуулиа дүүргэж Сэлэнгэ нутгаа зорин, “Сүхбаатарын туг” сонины гал тогоо бараадаж бүтээл туурвилын ажилдаа шамдах нь тэр. Яруу найрагт өөрийн гэх ертөнцийг бий болгож, тэрхүү ертөнцийнхөө буйд аглагт цаг улирлын дотоод дуу чимээг анирдсан шүлгүүдээ бичиж, аймгийн утга зохиолын нэгдлийнхэнд уншиж, зэмлэл магтаал хоёрыг зэрэгцүүлж явсан нь мэдээж. Ийм л үедээ буюу хоёр мянга нэгэн онд “Цэнхэр хөг” нэртэй яруу найргийн анхны номоо уншигчдын хүртээл болгов. Анхны гэгээн тунгалаг шүлгүүдийг нь Билигсайхан багш нь эх барин эрхэм шавийнхаа номыг ариутган шүүж, элгэн халуун сэтгэлээр найргийнх нь зам мөрийг мялаажээ.Билгээ багш бол яруу найраг үнэндээ өөр зүйл гэдгийг шавь нартай даанч тодорхой хэлсэн хүн. Билгээ багшийн “Ухаарахуй” номыг уншсан хэн бүхэн уран зохиолын мөн чанарыг ухаарна. Яруу сайхны сэтгэлгээ нэг л өөр болоод ирдэг. Сүүлд Галсансүх, Өлзийтөгс, Уянсүх, Баяржаргал нарын шүлгүүдэд хийсэн задаргаа, судлал шинжлэл нь онцгой. Аюурзана, Цэвээний Цэнд гээд яруу найргийн шинэчлэлийн төлөө яваа олон найрагчдад талархалтай байсан. Яруу найраг чухамдаа өөр зүйл гэдгийг шулуун шударга хэлж байсан. Монголын их утга зохиолын судлал шүүмжлэлийн ийм л ноён оргил Билигсайхан багшийн халуун талархлыг хүлээсэн шавь нарынх нь нэг Пүрэврэнцэн найрагч. Юм гэдэг сонин. Өнгөрөгч жил тэрээр “Үзэг мөрлөхүй…” яруу найргийн номоо уншигч олны гар дээр тавив. Уг номын өмнөтгөлийг Билигсайхан багшийг гүнээ хүндэтгэн хайрладаг эрхэм нэгэн, утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн эзэн яруу найрагч судлаач Гомбожавын Бямбажав бичсэн байх юм. Мөн “Бөхийн ам” хэмээх өгүүллэгийнх нь өмнөтгөлийг эдүгээ цагийн сонгодог найрагчдын төлөөлөл Д.Нацагдоржийн шагналт Мулцангийн Уянсүх бичсэн байна. Уянсүх бол Билгээ багшийн “агуу” хэмээн дуун алдсан хайрт шавь нь юм. Тэгэхээр Пүрэврэнцэн найрагч эрхэм багшийн зааж сургасныг чиг шугамаа болгож, халуун дотно хүмүүстэй нь утга зохиолын агаар нэг яваа нь сайхан.
“Үзэг мөрлөхүй…” яруу найргийн бүтээл бол найрагчийн өнөө л дэврүүн омголон чөлөөт сэтгэл, мөнхүү орчлон ертөнцийн аяг аашийг сэтгэлдээ тунгаан бодлогоширсон ухаарал зэрэг нь багтсан нь “Аясын салхи хацрыг минь илбэхэд
Аандаа л хүн эрх чөлөөний баяслыг мэдэрнэм
Талын салхийг амтлан зогсохуйд
Цаанаа л нэг эрх чөлөөний үнэр амтагдана…” (“Эрх чөлөө минь”),
“…Тэртээх модын цаг хугацааны эхлэл надтай адил
Тэндээ үүрд юм шиг байдаг нь биднээс ондоо
Тэгэхдээ ганцаар ургасан модонд насны хязгаар үгүй мэт
Тэр чигээрээ л бусдыг хүлээн мөнхөд оршдог мэт ээ
…Салхинд туугдсан үүлс
Санаа бодлыг минь уншин
Ертөнцийн хаа нэгтээ очин
Ерөөл айлтгах мэт дамжуулдаг юм шиг
Энэ дэлхий тэр чигээрээ нүүж яваа мэт…” (“Ертөнцийн тухай бодлогошрол”) хэмээх мөр бадгуудаас тодорхой мэдрэгднэм.
Бага балчир цагийн л омголон дэврүүн зан нь олон сайхан найрагчтай нөхөрлүүлсэн болов уу гэж санахаар. Сэлэнгийн Баянгол сум буюу Баруун хараад “Наранд наадсан алтанхан буудай, намраа дуулсан Сэлэнгийн буудай” хэмээн эгшиглүүлсэн Сүндэвцэрэнгийн Базарсад найрагчтай нэгэн сууринд аж төрж, Хараа голын хөвөөнд намрын алтан шаргал наран дор шүлгээ уншиж явсан. Мөн хорин гуравхан настай хорвоог орхисон ч “Алтан сэрлийн найрагч” хэмээн үеийн үед хэлэгдсэн Гомбын Сэр-Одоос улбаатай авьяас билэгтнүүдийн өлгий Сэлэнгийн утга зохиолын нэгдлийг нэгэн үе даргалж, Сүхдорж, Доржсүрэн, Цэвээнгэрэл, Цогтгэрэл гээд өнөө л хэдтэйгээ дөрөө харшуулан, Алтанбулагаар цааш одон буриадын найрагч нөхөдтэйгөө нийлж утга зохиолын өдөрлөг хийж, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Жамсрангийн Баяржаргал гээд “Болор цом”-ын эздийг аваачин шүлгийг нь уншуулж, буриад нөхдийгөө мөн л нутагтаа урин Амарбаясгалант хийд, Сайханы хөтөлөө үзүүн дарвиж, даргиж явсан өдрүүд бий.
Сэлэнгээр овоглосон эл найрагчийг энгийн олон байтугай утга зохиолын хүрээнийхэн ч тэр бүр сайн мэдэхгүй. Гэхдээ мэдэх нэг нь мэднэ. Манайхны хэлдгээр “нохой шуугиулдаг” нөхдийн нэг тэр мөн. Мань мэтийг оюутан ахуй цагт Сүхбаатар хотоос галт тэргээр Улаанбаатарт ирж яруу найргийн ганц нэг наадамд шүлгээ уншиж явсан. Ялангуяа “Адуу байхад гэр байна” гэх шүлэг уншаад л, омголон чөлөөлт зан ханхлуулсан, тийм нэг гудиггүй нөхөр таардаг байлаа. “Үзэг мөрлөхүй…” номыг нь саяхан хүлээн авч, түүний тухай цөөн хэдэн мөр хэлхэж суугаа минь энэ л дээ. “Адуу байхад гэр байна” шүлгээс нь улбаалаад энэ тэрхэнийг хөөрөлдөж суухуйд “Шүлэгч байна гэдэг нэг талаас сайхан, нөгөө талаас бас зовлонтой. Амьдралд хандах хандлага нь яруу найргаар илрэх гээд байдаг. Энд тэнд шүлэг уншихад урмын үгээр мялаалгах ч басхүү шүүмжлэл дагуулах үе ч бий. Анхны номоо гаргаснаас хойш би хаа нэгэн газар шүлэг уншихдаа
Адуу байхад гэр байнам
Гэр байхад адуу байнам
Уул шигээ уртын дуунд морьд үүрсэж
Тал шигээ туульсад морин хуур хөглөгднөм
Жингийн цуваанд үүл эцэж
Жим дагасан үнэг андуурч будилан
Малын хөлийн тоос мэт
Мэндийн цэнхэр хадаг
Миний нутаг ардын дуу эгшиглэнэ…гээд уншина. Нэлээд олон хүн энэ шүлгийг сайшааж урам өгч байсан. Зарим нэг нь өөгчлөн шоглон “Ширээ байхад сандал байна” гэх зэргээр цаашлуулж, энэ бол шүлэг гэхээсээ зүгээр энгийн ойлголт гэж хэлэх гээд байдаг. Уг шүлгээ бол би философийн шүлэг гэж боддог. Эрдэмт багш нарынхаа нөлөөгөөр бичсэн гэж боддог. Хүмүүсийн зэмлэлд би гомдож гудийх хүн биш ээ” гэж ил цагаанаар сэтгэлээ хуваалцсан юм.
Тэрээр 2001-2003 онд Германд олон улсын маркетинг менежмэнтийн чиглэлээр суралцаж боловсрол эзэмшсэн залуучуудын нэгэн. Германы Карл Дуйсбергийн нийгэмлэг Монголын мянга орчим залуучуудаас 22-ыг нь шигшиж авахад тэр дунд мань эр багтсан байдаг. Тэр тухайгаа “Бид-бидний суралцсан Герман орон” хэмээн тэмдэглэлийн сайхан ном гаргасан байна лээ. Уг номыг МУИС-ийнх нь ангийн нөхөр буюу Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа хэвлүүлж өгсөн байна. Их Нацагдоржийн маань сурч асан Берлиний тэнгэр дор онгод цалгиан явахдаа “Уянгатайхан юм шиг Берлиний амьдрал
Уйтайхан ч юм шиг Берлиний тэнгэр
Ус мөрөн, уул толгод, урсах цаг хугацаа
Урьдынхаараа л энд байна
Орь залуу насны ааг омгоор
Олон хотуудаар чинь аялахдаа
Чулуун гудамж, тариан талбай, эртний байшингууд
Чухам үүнд л сэтгэл минь дурлалаа гэж үү
Шуугьсан их моддын чинь дундуур
Шулганан ганганах шувуудтай чинь цуг
Тэнгис далайн эрэг
Тэр их усны чимээ яг л хөгжим мэт
Өглөө бүр амрыг эрэх герман жолооч
Үнэндээ сэтгэлийн минь тайтгарал…” хэмээн бичиж байсан удаатай.
“…Үүлс уруудуулж, уул амарч
Усыг эргүүлж тал тухлан
Эхийн минь сэтгэл шиг ингэний буйлаан
Элсэн ширхэгт бүрдний аяз дуулна
Айраг исэхэд голио царцаа баярлаж
Ам хүрэхэд эх орон минь санагдаж
Ховоон дахь ус цэлмэг тэнгэрээ эгшнээ мөнхөлж
Хуурын намуухан аянд сэтгэлийн морьд тургилна
Хүүхдийн гийнгоотой уухайн дуу хөг нийлж
Хөмсөг шиг боссон тоос наранд мэнд хүргэх нь
Холоос над руу ирэх дагина мэт ээ
Өнгийх тэнгэрийн өөдөөс морьд харайж
Өлмий гишгэх дөрөөнд нь нар найган
Орчлонг бөмбөрдөж салхиар аргадуулан
Олон зуун хүлэг давхиж тал уухайлна
Адуу байхад гэр байнам
Гэр байхад адуу байнам
Адуу байхад тал байнам
Тал байхад морьд байнам
Морьд байхад
Монгол байнам” хэмээх шүлгийнх нь мөрүүдээр хашилт болгож бадрангуй найрагчийн тухай бичил туурвилаа өндөрлөе.