Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн нутаг “Цагаан чулуут” гэдэг газар уржигдар ой хээрийн түймэр гарчээ. Тус газар нь сумын төвөөс 75 км-ийн зайтай аж. Түшиг сумын удирдлагуудтай холбогдож энэ талаар асуухад “Уржигдар үдээс хойш түймэр гарсан. Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хилийн цэргийн 37 алба хаагч болон орон нутгийн иргэд ажиллаж байж өчигдөр өглөө 9.20 цагийн орчимд цурманд орууллаа. Түймрийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэлээ.