Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд өнгөрсөн сарын сүүлчээр хонины цэцэг өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан ч энэ сарын 10-наас ихэнхийг нь цуцлаад буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд цэцэг өвчний тархалт их байгаа талаар орон нутгийн иргэд мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тарвагатай багийн малчин Б-гийн суурьт 442 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 2-нд мэдээлснээс хойш нийт 2000 гаруй хонийг устгалд оруулаад байгаа гэнэ.
Нутгийн иргэдийн хэлж буйгаар Хүдэр сум 14000 гаруй хоньтой бөгөөд үүнийхээ 10 гаруй хувийг хагас сарын хугацаанд “тавиад туучихжээ”. Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан тус суманд ирэх сарын 1 хүртэл хорио тогтоосон байна. Одоогоор хяналтын таван цэгт 30-аад албан хаагч ажиллаж байгаа гэнэ.
Цэцэг өвчний тархалтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч буй, цаашид хэрхэх талаар тус сумын болон аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтнүүдээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Сэлэнгэ аймгийн Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Ариунтөгс “Орос руу зөвхөн Сэлэнгээр дамжуулан мах экспортолдог учраас энэ асуудалд болгоомжтой хандаж, мэдээлэл өгөхгүй байхыг холбогдох байгууллагынхан үүрэгдсэн” гэлээ.