Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сайд, дарга нарыг огцруулж байна. Тухайлбал, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог даргалахдаа хурлаа удирдаагүй, дорвитой алхам хийгээгүй, хотын утаатай тэмцэж чадаагүй, тэмцэхийн оронд ард олонд бурууг нь тохох гэж оролдон “Ороолт түллээ” хэмээн иргэдийн гэрт дайран орсон гэх зэрэг үндэслэлээр БОАЖ-ын сайд Н.Уртнасанг огцруулсан. Мөн тус яамны дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь хамт чөлөөлсөн. Нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг хотын дарга Д.Сумъяабазарт үүрэгдсэний дагуу “Сайжруулсан түлш хямд үнэтэй байгаа учир иргэд гал их түлж утаа гаргаж байна” хэмээн мэдэгдсэн Хотын орлогч бөгөөд нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр, “Агаарын бохирдол их байгаа нь иргэдийн буруу, зуухаа түлштэйгээ эвцэлдүүлж чадахгүй байна” гэж мэдэгдэж байсан нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг суудлаас нь буулгасан. Ингээд зогсохгүй шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малыг вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албыг хашиж байсан Б.Ганзориг, цар тахлын үед эмийн татан авалтад хариуцлагагүй ажилласан гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг огцруулсан. Мөн яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарыг ажлын туршлага, мэргэжил боловсролыг нь харгалзан хооронд нь холио солио хийх ажлыг гүйцэтгэж байна.
Энэ бүхнийг Оюун-Эрдэнэ нийгэмд сүр дуулиан болголгүй, өмнөх Ерөнхий сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шиг сэлэм эргүүлж сүржигнэлгүй дор бүр нь чөлөөлөөд, дор бүр нь томилоод төрийн ажилд завсар зааг, ямар нэгэн хийдэл гаргалгүй ном журмын дагуу явчихаж байна. Энэ нь зөв зүйтэй, хариуцлагатай зарчимч харагдаж байна. Өмнөх Ерөнхий сайдын дүр зургийг бид сайн мэднэ. У.Хүрэлсүх танхимынхаа сайд нартай, төрийн албан хаагчидтай, яам тамгын дарга нар, аймгуудын дарга нар, хууль шүүхийнхэнтэй яаж уулзаж, яаж сүржигнэж сэлэмддэг байлаа. Ёстой баруун солгойгүй сэлэмдээд нийгэмд бөөн шуугиан болдог байсан. “Ерөнхий сайд маань сэлмээ хуйнаасаа сугалчихаж” гээд л шуурдаг байлаа. Гэвч У.Хүрэлсүхийн тэрхүү сүржин байдал, сэлэм эргүүлэлт бодит амьдрал дээр ямар ч үр дүнд хүрээгүй. Зүгээр л олны өмнө, ялангуяа телевизийн камерын өмнө хий хоосон цамнаж, нээх мундаг бүх цэргийн жанжны дүрд тоглосон жүжиг байсан.
Хэрхэн яаж жүжиглэж, хий хоосон шүлсээ үсчүүлж, худлаа сэлэм эргүүлдэг байсны ганц нэг жишээг эргэн саная. Өөрийнхөө танхимын хэд, хэдэн сайдын хар толгойг авна, сэлмээрээ “тас цавчина” гэж олны өмнө мэдэгдсэн. Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцаж явах үедээ Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы толгойг авна гэдгээ хэлсэн. “Х.Баделхан сайд та, төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг хар толгойгоороо хариуцна шүү. Гэртээ орох бүрт гэрээс чинь өмхий ханхлаад байдаг бол яах вэ” гээд л попорсон. Гэтэл өнөөдөр Х.Баделханы толгой мөрөн дээрээ байна, гол нь төв цэвэрлэх байгууламж баригдаагүй нийслэл хот баастайгаа хутгалдах нь холгүй байна. Юун өмхий үнэртэх, үнэрийг ч тоохоо больсон.
Х.Баделханаас гадна Ч.Улааныг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад нь толгойг нь “цавчина” гэдгээ бас мэдэгдсэн. Махны үнэ өсгөх, улаан буудайн асуудал дээр хар толгойтой нь ярина гэсэн. Гэтэл махаа гадагш нь экспортод гаргах нь байтугай дотооддоо махны үнэ тэнгэрт хадаж Улаанбаатарынхан хоолны махаа авч чадахгүйд хүрч бухимдал нь дээд цэгтээ хүрсэн. Улаанбуудайн хувьд бол бүр ярих юм биш. Хавар тариалалт эхлэх болтол улаанбуудайн үр байхгүй гэдэг асуудал дэгдэж Оросоос үр оруулж ирэх болж тариаланчид Хөдөө аж ахуйн яамны гадаа жагсаал цуглаан хийж, Ч.Улаан сайдыг огцрохыг шаардсан. Энэ үед өнөө У.Хүрэлсүхийн сэлэм хүн бүхэнд бодогдсон ч тэрээр бараг ганц ч үг ганхийлгүй өнгөрч, үнэн нүүр царайгаа ард түмэнд харуулсан. Мөн түүнийг соёл урлагийнхныг өмнөө авчираад бусдыг загнаж зандардаг шигээ загнасныг олон түмэн санаж байгаа. “Энд битгий буг болоод бай. Ажлаа хийж чадахгүй бол монгол төрөөс зайлцгаа” гэж хөмхийгөө зууж төрийн өндөрлөгөөс хэлсэн. Одоогийн Их хурлын гишүүн Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд байхад “Ё.Баатарбилэг сайд аа, Г.Ганбаяр дэд сайдаа, ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд битгий гай бол” гээд “сэлэмдсэн”. Гэтэл Ё.Баатарбилэг нь өдгөө Их хурлын төрийн түшээ байж л байна, Г.Ганбаяр нь дэд сайд хэвээрээ л байна. Ингэж У.Хүрэлсүхийн сэлэм бодит байдал дээр ямар ч үр дүнд хүрээгүй. Ам ажил хоёр нь алд зөрүүтэй явж ирсний нотолгоо гэдгийг дээрх жишээнүүд бэлхнээ харуулж байна.
Харин У.Хүрэлсүхийн сэлэмдэж чадсан ганц юм нь өөрийнхөө Засгийн газрыг унагасан явдал. Үндсэндээ өөрийгөө сэлэмдсэн. Энэ бол үнэн чанартаа олны хэл амнаас зайлж, цар тахал өвчин зовлонгоос айн хулчийж буулт хийсэн үйлдэл юм. Мөн худлаа огцорсон дүр эсгэж, хариуцлага хүлээж байна, нялх биетэй эхийг өвлийн хүйтэнд таавчигтай авч гарч байгааг хараад зүрх минь шимширч, нулимс асгарлаа гэсэн нь тэр чигээрээ жүжиг байсан. Ямархан тавилттай жүжиг байсан гэдгийг өнөөдөр захын хүн гадарлах болсон. Таавчигтай эхээр далим хийж Засгаа огцруулаад дараа нь Ерөнхийлөгч болох гэсэн зорилтот жүжиг байсан. Засгийн газар огцрох боллоо гэж мэдэгдэл хийхдээ тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга руу айхтар дайрсан. “Миний итгэж хүндэтгэж, гар нийлж, ганзага нийлж явсан Ерөнхийлөгч маань ар нуруу руу хутга шаалаа. Дахиад 7 сарын 1 давтагдах ёсгүй” гэж мэдэгдээд Х.Баттулгаас шууд нүүр буруулж, түүнийг дайснаа гэж үзээд, суудлыг нь эзэгнэн Ерөнхийлөгч болохын төлөө улайрсан.
Өмнөх Ерөнхий сайд одоогийн сайд хоёрыг харьцуулахад ийм дүр төрх харагдаж байна. Зөвхөн сайд нь огцроод яамных нь аппарат тэр чигтээ үлддэг жишиг Л.Оюун-Эрдэнэ сайдын огцруулалтаас эхлэн байхгүй болж байна. Тодруулбал, сайдыг нь огцруулаад дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, харьяа байгууллагын газрын дарга нар нь суудалдаа шигдээд хэвээрээ үлддэг монгол төрд тогтсон буруу жишиг арилж байна. Яаж ч бодсон багаа удирдаж байсан сайд нь ганцаараа буруу ажиллаад, удирдлагад нь байсан хүмүүс нь бүгд зөв ажиллана гэж хаана ч байхгүй. Зөвхөн сайд нь солигдоод тухайн яам, тамгын газрын ажил сайжирчихна гэдэг бол түүн шиг худлаа юм байхгүй. Аппаратаар нь, бүрэлдэхүүнээр нь сольж байж шинэчлэлт болно. Энэ үүднээсээ яамны сайдыг дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь хамтад нь хариуцлага тооцож байгаа нь зөв жишиг боллоо. Ер нь цаашдаа ажил хийхгүй бол тухайн сайд, дарга нар албан тушаалтнуудыг түргэн түргэн солиод хийдэг хүн, салбараа мэддэг, ажлаа мэддэг, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, жинхэнэ ажлын төлөө төрсөн хүнийг нь олж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй.
Монгол Улсад өнөөдөр ажил хийдэг, хариуцлага үүрдэг, зарчимтай, хэлсэн ярьсандаа үнэнч ийм л хүн хэрэгтэй байна. “Ажил хийдэг хүнгүй, нэхдэг, бэлэн юм шаарддаг хүн олон болж. Гол нь төр нь хүнээ ийм болгосноо олж харахгүй, ухаарахгүй байгаад учир байгаа юм. Хүн чинь чичүүлж байж л юм хийдэг амьтан. Одоо бол ташуур ч алга, жолоо ч алга. Би лав энэ олон ажил голсон бэлэнчлэгчдийг хараад “өө эд чинь монгол хүмүүс байна” гэж бодох боллоо” хэмээн АИХ-ын орлогч дарга асан шинжлэх ухааны доктор Л.Дашням гуайн саяхан манай сонинд хэлсэн нь яах аргагүй үнэн үг байлаа.
Сайн удирдагч гэдэг бүхний түрүүнд өөрөө гүйгээд, ухаандаа хүрз бариад нүүрс ачаад зогсож байдаг хүнийг хэлэхгүй. Харин сайн удирдагч бол хийж чаддаг хүнийг яг таарсан ажилд нь томилж, тэднийг удирдан чиглүүлж, ажлыг нь хийлгэдэг чаддаг хүнийг хэлнэ. Хийж чадахгүй байгаа хийх сэтгэлгүй дээрээс нь нийтийн өмчөөс хулгайлдаг хүнийг үтэр түргэн тэр ажилаас нь салгаж халж явуулдаг хүн байх ёстой. Монголчууд бид хаана хаанаа хариуцлагатай байх цаг ирсэн. Бидэнд өнөөдөр хариуцлага гэдэг ойлголт ус агаар шиг хэрэгтэй байна. Тиймээс залуу Ерөнхий сайд хий хоосон сүржигнэлгүй, нийгэмд өөрөө тодорч харагдах гэлгүй төрийн ажлыг ном журмын дагуу явуулж, ажлаа хийж чадахгүй байгаа нөхдөд хариуцлага тооцож байгаа нь зөв алхам. Цаашид ч тэрний хүн, энэний хүн, намын юм, найз юм гэж тал тохой засалгүй, зангарагтай зарчимтай байж, үүрэгт ажлаа муу хийж байгаа хэнийг ч хамаагүй суудлаас нь буулгаж, чаддаг мэддэг хүнийг нь дор нь томилох хэрэгтэй. Тэгж байж улс орон хөгжинө. Гэхдээ энэ бүгд намд нь халгаатай байж мэднэ, харин Монголд хожоотой байх болно.