Categories
нийгэм онцлох-нийтлэл

Сэлбийн голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтооё DNN.mn

Улаанбаатар хот айхтар үерт автлаа. Ялангуяа Сэлбэ, Дунд голын дагуух барилга байгууламж, орон сууц үерийн гамшигт өртөж иргэд, албан байгууллагууд ихээхэн хэмжээний хор хохирол амсч байна. Тухайлбал, S’Outlet дэлгүүрийн орчим бүхий хотын төвийн гол бүсэд нийт 54 барилга, иргэдийн амьдарч буй орон сууцны 29 барилга, мөн Сүхбаатар дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болон үерийн аман дээр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй буусан 550 айлын 350 нь гамшигт нэрвэгдээд байна. Одоо ч Улаанбаатар хотод усархаг бороо үе үе орж үерийн аюул нүүрлэсээр байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэгэнт үерт автчихсан, байгалийн гамшигт үзэгдлийн өмнө өвдөг сөхөрсөн иргэд яахаа мэдэхгүй төр засгаа царайчилсан, төр засгийнхан, хот дүүргийнхэн амьхандаа хичээн зүтгэж, буруу зөвийг хэн нэгэн рүүгээ чихэж, ямар ч дорвитой шийдэлгүй, усан далайд “хөл нүцгэн” наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зогсоцгоож байна.

“Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана”, “Сэлбэ голын дагуух урсацыг хааж байгаа гүүрүүдийг Алтай хотхоноос эхлэн нурааж байна”, “S’Outlet худалдааны төвийн хойд хэсгээр сэтэрсэн үеийн даланг боосон, гэвч далан сэтэрч тэр хэсэг газарт усанд авлаа” гэх Онцгой байдлын болон нийслэлийн онцгой комиссынхны яриа, албан тайлбарууд одоо хэнд ч хэрэггүй болсон байна. Зүгээр нэг, арга ядсан тайлбар төдий сонсогдож байна. Уул нь нийслэлийн онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрынхан Нарны замын хөдөлгөөний хааж, усыг урсгах, Цагаан давааны орчмоос хайрга, дайрга, барилгын хог хаягдал тээвэрлэн үеийн шороон далан босгох ажлыг хийж байгаа. Гэвч энэ бүхэн нь ээлж өнгөрөөх төдий гал унтраах богино зайн ядарсан арга гэдэг нь харагдаж байна.

Одоо тэгэхээр яах ёстой бэ гэвэл ерөөсөө л Сэлбэ голын голдирлыг ямар нэгэн аргаар чөлөөлөх нь хамгийн зөв. “Голын голдиролыг шахаж S’Outlet дэлгүүр барилга барьсан нь далан сэтрэх нөхцөл үүсгэсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна” хэмээн ОБЕГ-аас гонгиносон тайлбар хийж байсан. Тэгвэл шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр үерийн их устай улаан нүүрээрээ тулсан Сүхбаатар дүүгийн Засаг дарга Х.Болормаа “Байгалийн голдиролоороо 37 км орчим урсаж байгаа Сэлбэ голын урсгалыг хаагаад барилга барьсан, айлууд буучихсан. Нөгөө ус урсаж байх ёстой гуу жалгыг нь шороо асгаж тэгшлээд амыг нь хаачихсан. Тод жишээ нь S’Outlet гэж барилга. Хүнээр яривал, судсаар нь цус гүйж байх ёстой байтал түүнийг нь ингээд бөглөчихвөл яах вэ. Цус харваад нэг бол тахир дутуу, нэг бол амь нас нь хохирно биз дээ. Түүнтэй адил байгаль дэлхийн цаанаасаа заяагдсан голдиролыг хаагаад барилга барьчихаар дэлхий өөрөө “цус харваж” байгаа үзэгдэл болж байна. Энэ бол Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд ямар ч төлөвлөлтгүй газар олголт хийсний үр дүн” гэж шуудхан хэлсэн.

Болормаа даргын хэлсэнчлэн Сэлбэ голын урсгалыг хааж барилга барьсан бүх газрыг толгой дараалан чөлөөлөх хэрэгтэй байна. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ирээдүйгээ харсан зоригтой шийдвэр гаргаж хатуу дүрэм журам тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол жилийн жилд их хот нь усанд автаж иргэд нь амь авраарай гэж орилцгоож, хотын удирдлага, хороо дүүргийнхэн, онцгойн албан хаагчид нь “нусаа хацартаа нааж”, тэр тэр барилга зөвшөөрөлгүй газарт баригдсан, усны урсгалыг өөрчилсөн хэмээн чавганц шиг гонгиносон юм ярьж, энэ зуны гунигт түүх дахиад л давтагдах нь мэдээж. Энэ бүхнийг одоо зоримог өөрчлөх хэрэгтэй. Ард түмний дунд “Авлига хороолол” гэж хэлэгдээд буй барилгыг “Аль 2008 онд усан парк байгуулна гэж газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан сүүлдээ орон сууцны хороолол боссон” хэмээн хотын дарга нь Ерөнхий сайдад танилцуулахад, мөн Их чуулган дээр гишүүд нь энэ тухай хэлэхэд, тус компанийн захирал залуу “Тийм зүйл гэж байхгүй, ёстой май шүү” гээд мэдэгдэл хийж байгаа зэргийг хөндлөнгөөс харахад л үнэн инээдтэй. Ийм л инээдтэй төрх бидний амьдралын эмгэнэл болоод байна.

Онцгой комиссоос барилгын, архитектурын, хөрсний, замын гээд олон чиглэл салбарыг хамарсан хөндлөнгийн шинжээчдийн баг томилж аль барилга байгууламж усны урсацыг хааж боож байна гэдгийг шинжлэн судалж тогтоож өгнө. Үүний үндсэн дээр голын урсац хаасан бүх барилга байгууламжийг чөлөөлж, үндсэндээ үерийн голомт болоод байгаа Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтоогоод өгчихвөл үерийн аюулаас ард иргэдээ, хот суурин газраа хамгаалах хамгийн зөв арга энэ болно. Хариуцлага гэдгийг монголчууд хаа хаанаа ухамсарлаж байж, аливаа зүйлд дүрэм журам, ёс зүй тогтоож байж бүх зүйл горимдоо ордгийг бодох цаг болсон. Өнөө жилийн наадмын гол зүйл бөхийн дүрэм байсан. Ард иргэд, наадамчид нийтээрээ эсэргүүцэж байсан ч хөлийн цэцүүд дүрмээ ягштал баримталж, идэвхигүй барилдаан гаргасан арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүдийг яг дүрэм журмынх нь дагуу хассан. Монгол бөх дүрэм журамгүй байхад Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ гэдэг хоёр хүн шөнө дөл болтол барилдаж, арга ядсан Шадар сайд нь гүйж очин хурдан барилдахыг гуйж гувшиж байсан. Нийтээрээ эсэргүүцэж байгаа ч бөхийн дүрэм монгол бөхийг өөрчлөх том боломж гэдэг нь харагдаж байгаа.

Яг үүн шиг голын голдирол хааж барилга барьж болохгүй гэдгийг маш тодорхой хуульчилж заагаад өгчих хэрэгтэй. Хууль дүрэм зөрчиж барилга барьсан иргэн, аж ахуйн нэгжийн хууль бус барилгыг шууд нураана, барилгын зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхийг тодорхой зүйлчилж, хатуу мөрдөх хэрэгтэй. Ийм л дүрэм журмаар Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хүн бүхэнд хууль дүрмээ ягштал баримтлах ёс зүйн кодыг суулгаж өгч байж асуудал үндсээрээ шийдэгдэнэ. Түүнээс өнөөдрийнх шиг үер болонгуут, онцгойн албан хаагч, хэдэн цэргээр далан босгуулаад, хотын дарга нь жигтэйхэн уйлагнасан, улцганасан, гонгиносон юм яриад асуудал шийдэгдэхгүй. Ер нь тэгээд энэ удаагийн их үер манайхны үнэн нүүр царай, байгаа байдлыг илчлээд өгөх шиг боллоо.

“Иргэд эрхээ л яриад байдаг. Үүрэг хариуцлага гэдэг зүйлийг мэддэггүй юм байна. Бичлэг хийгээд сошиалд хэрүүл болгож суухын оронд хороо, дүүрэг нь усанд автчихаад байхад ганц хүрз барьж ирээд тусалсангүй. СӨХ гэж газар маш муу ажилладаг юм байна. Мөнгө л татаад байхаас юм хийдэггүй. СӨХ-ны дээд зөвлөл гэж газар байдаг юм байна. Тэнд иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүд байдаг. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо тэр чигтээ үерт автахад СӨХ-ны дээд зөвлөлөөс нь нэг ч хүн ирж үерийн голомтод ажилласангүй. Бид бүхнийг Монголын төрд төлөөлж буй гишүүд маань ирсэнгүй. Ирсэнгүйгээр барахгүй үерийн даланг шинэчлэх хөрөнгө оруулалт хийгээч гэж сүүлийн 15 жил дүүргээсээ сонгогдсон гишүүдэд хэлээд тэд хүлээж аваагүй” хэмээн Сүхбаатар дүүргийн Засаг дарга хэлсэн. Эндээс харахад монгол хүн монгол хүндээ хайргүй болсон, нэгэндээ туслах сэтгэлгүй болжээ гэж бодогдохоор байна. Хүний чанар жаргал дээр биш зовлон дээр танигддаг гэдэг. Солонгост хэдэн жил хар ажил хийж олсон мөнгөөрөө Сэлбэ голын дагуух байранд гэрэл зургийн студи ажиллуулаад эцэст нь хэдхэн цагийн бороонд насаараа хөдөлмөрлөж босгосон хөрөнгөө үгүй хийчихээд сууж байгаа Л.Чинбатын яриа ёстой гол гонсойлгож байсан.

Иргэн Чинбат шиг хичнээн өрх айлын хөрөнгө ингэж үгүй болов. Хичнээн өрх айл, аж ахуйн нэгж дааж давшгүй хор хохирол амсав гээд үзэхээр ёстой гол харламаар дүр зураг харагдана. “Усны урсацыг хааж газар олгосон нийслэлийн удирдлагууд, тухайн барилгыг ашиглалтад хүлээж авсан улсын комиссын гишүүдийг олж шалгаач. Мөнгө мөртэй гэдэг. Тэр бүхэн олдоно, хариуцлагыг нь хүлээлгэ” гэж иргэд ам уралдан хэлж байна. Энэ бүгдийг эцэс болгохын тулд Сэлбэ голын голдиролыг чөлөөлж, хатуу дүрэм журам тогтоох нь хамгийн зөв шийдэл гэдгийг сүүлд нь дахин хэлье.

Д.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *