БОНХ-ийн Сайд С.Оюун Сэлбэ голын ойр ойрчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг хүлээн авч уулзаж, гэрэл зургийн аппарат, Улаан номын дээжээс бэлэглэлээ. С.Оюун сайд З.Буянхишиг хүүг магтаад “Хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлаж байвал эцэг эхчүүд ч хайрладаг болно. Хүүтэй хамт хог цэвэрлэх нь чухал ч, хог хаяхгүй байх хамгийн чухал” гэж хэлэв. Хүүгийнх найман жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 119 дүгээр хороонд нүүж иржээ. Тэр үеэс л хүү Сэлбэ голын ойролцоох хогийг цэвэрлэх болсон аж. З.Буянхишиг хүү “Зарим хүмүүс намайг гэртээ урьж халуун цай уулгадаг. Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог. Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юмаа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо орхиод явчихдаг” гэж ярилаа. Долоо хоног цэвэрлэхгүй байхад арван шуудай хог гардаг гэнэ. Хашааныхаа гадаа овоолохоор хогны машин ачдаггүй учраас өөрийнхөө хог гэж хэлээд ачуулдаг болжээ. Хүү хог хаядаг хүмүүст хандан “Ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр Сэлбэ голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан” гэж хэллээ.