35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан билээ. Энэ сарын 22-нд болсон шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс хуралд шинжээч нарыг оролцуулах, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах, орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьснаар хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлуулаад байсан юм. Шүүх хурал өнөөдөр мөн үргэлжилж байгаа аж. Энэ хэргийн талаар эргэн сануулахад Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж буруутгагдсан. Өөрөөр хэлбэл, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн байдаг.Хиларион В.Кажуком нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан, одоо Канад Улсын “Монголиа Минералс” ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн гэдэг. Энэ хэргээс улбаалан “Саусгоби сэндс” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг нь битүүмжилсэн байдаг.
Ц.БУЛГАН