Өчигдөр шөнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст “Гал гарч байна” гэх хамгийн эхний дуудлага урьд шөнө 00:01 ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход есөн давхрын айлын том өрөөнөө гал гарц, галын тархалт тагтаар дамжин 10, 11, давхрын айлуудын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ.
Хорт утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж угаартах аюулаас урьдчилан сэргийлсэн байна. Харамсалтай нь галын улмаас 27 настай эмэгтэй нас баржээ. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сүүлийн хоёр долоо хоногт орон сууцны барилгад гал гарсан хоёр ч тохиолдол бүртгэгдээд байгаа. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдийг галын аюулгүй байдлаа шалгаж, гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна. Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 давхар орон сууцны найман давхарт гал гарч гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги бүрэлдэхүүн очин нэг цагийн хугацаанд галыг унтраасан байдаг. Азаар гал гарах үеэр хүн бэртэж гэмтээгүй юм.