БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
SARS хэмээн нэрлэгдсэн нэгэн төрлийн айхавтар өвчин гараад дэлхий нийтийг цочирдуулж байна. Энэ өвчин гарсан газар руу хүнээ явуулахгүй гэж улс бүр иргэдээ ятгана. Одоо Монгол улс найман тохиолдлоор дэлхийд 8 дугаар байр эзэлж байгаа ба долоон тохиолдлоор ард нь Герман явна. Хөөрхий төвдүүдэд халдаачих вий хэмээн хятадууд тохиолдол гараагүй Төвд рүү хүртэл жуулчин явуулахгүй хорьчих юм.
Өвчнөөр далимдуулж Засгийн газрыг яллах өчүүхэн ч бодол алга, харин ч нийтлэг зовлон тохиосон тул Засгийн газраа дэмжье гэж уриалах гэсэн юм. Гэхдээ алив төрийн үндсэн хэдхэн үүргийн нэг нь чухам ийм халдварт хөнөөлт тархацаас ард иргэдээ эрүүл мэндийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч хамгаалах явдал мөн. Монголын төр үр дүнтэй, шийдвэртэй арга хэмжээ авч байсан сайн туршлага бий. 1944 онд Завхан аймагт дэгдсэн уушгины тахал, 1996 онд Хөтөлд гарсан хижиг өвчин нь энэхүү САРС-аас ч аймшигтай гоц халдварт өвчин, дорвитой арга хэмжээ авсны үр дүнд ул мөргүй дарж авсан билээ.
Сүүлийн үеийн судалгаагаар энэ өвчин уушгины тахал шиг агаар дуслын замаар халдах магадлал нь бага, гол нь А гепатитын нэгэн адил бохир гар, заваан орчингоор илүүтэй халдварлаж байгаа гэнэ. Тиймдээ ч ахуйн ариун цэвэр сайтай Япон, Солонгост ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байхад угаас ахуйн соёл муутай хятадуудын дунд хүчтэй дэгдэж байна. Сургууль цуглах болон шинэ жил, цагаан сар, мартын дараа манайд шар өвчний дэгдэлт хүчтэй болдгийг эмч нар сайн мэднэ, энэ маань бидний ахуйн ариун цэвэр аль зэрэг түвшинтэй болохын үнэмшилтэй баталгаа.
Ган зуд болсон ч, САРС, шүлхий гарсан ч нэг их гавьяа байгуулчихсан юм шиг орчлонгоор нэг зарлаж мөнгө горьдож байхаа болимоор юм. Зовлонгоо тоочиж олох мөнгө маань жамаараа орж ирэх байсан хэдэн арав дахин их үнэ өртөгтэй бизнесийг алж байгааг олж харахад тийм ч төвөгтэй биш.
Ялангуяа иймэрхүү олон нийтийг хамарсан өвчний дэгдэлтийн үед авч байгаа арга хэмжээ төгс, тууштай, үр дүнг нь заавал гаргахад чиглэмээр байна. САРС гарлаа гэхээр соотгонож баахан дуулиан тарьчихаад долоо хоногийн дараа мартчихаар ямар үр дүн гарах вэ дээ. “САРС гарсан тул манайх 10 цагаас хойш ажиллахгүй, иймд 6-10 цагийн хооронд Ю Би Пааласдаа ирж наргицгаана уу” гэх зар нь авч байгаа арга хэмжээний жинхэнэ мөн чанарыг илтгэнэ. САРС-ын короно вирус Улаанбаатарын цагаар арав нойл нойлд сэрээд “ажилдаа гардаг” гэж хэн ч батлаагүй байгаа шүү дээ. САРС зарим захаар ордог, заримаар нь ордоггүй гэдэг ч худлаа. Нэгэнт Бээжин шиг хааж дийлэхгүй бол ахуйн соёлын өндөр шаардлага тавьсан нь илүү өгөөжтэй биш үү!
Өвчнөөс болж учрах эдийн засгийн хүндрэлээ одооноос тооцож түүндээ бэлдмээр байна. “Хөсрий зуд болоогүй бол алаад хаях байсан юм!” гэдэг шигээ хойтон жил бүх бүтэлгүй юмаа САРС руу заагаад зогсож баймааргүй байна. Зөвхөн тавдугаар сард ирэх байсан хэдэн зуун жуулчин татгалзчихлаа. Наймдугаар сард жуулчлалын оргил үе болдог. Одоо арга хэмжээ авч цэвэр цэмцгэр болсноо яаралтай зарлахгүй бол хүндэрнэ дээ. Торонто, Хонконг хотууд өөрсдийгөө САРС-аас өмнөхөөс цэвэр цэмцгэр болсон гэж зарлан, хүн үнэмштэл сурталчилгаа явуулаад эхэллээ. Хэдхэн хоногийн дараа “Улаанбаатар л аюултай болохоос манай Бээжин зүв зүгээр болсон” гээд Синхуа агентлаг зарлаад унавал яана! “Тэртэй тэргүй Монголд зочлох жил зарлачихсан” гээд хүлээгээд хэвтэж байхаар ахиухан хөрөнгө гарган яаралтай арга хэмжээ авч ядахнаа ноднингийн хэмжээний жуулчин хүлээж авъя, бага хохиролтой гаръя гэсэн тактик баримталсан нь дээр бус уу?
Зовлонгийн үр дүнтэй нь биш, шалтгаантай нь тэмцмээр байна. Буруу газар руу сэлэм бариад дайрвал тэмээн дээр ямааны гарз гарна. Ашгүй өвчин гарлаа, юмныхаа үнийг нэмээдэхье гэж хэн ч бодоогүй. Зах зээл жамаараа л явж байгаа. Үнэ нэмэгдэж байгаа нь өвчинтэй холбоотой нь үнэн. Хил хаагдчихаад байхад аргагүй шүү дээ, хавар болж байхад аргагүй шүү дээ. Үүнтэй холбогдуулан зах зээлийг зохицуулах гэж хөндлөнгөөс нь оролцвол эцэст нь ард түмнээ л хохирооно, эдийн засагт л муугаар нөлөөлнө. 1994 оны зун мах ховордлоо гээд Засгийн газраас махны доод үнэ гэгчийг 500 төгрөг гээд зохиочихсон чинь кг нь 350 төгрөг байсан мах хоёр хоногийн дотор 1000 болж нэмэгдсэн. Үүнээс болж ард түмэн л хохирсон гэдгийг тэр үед Засгийн газрын гишүүд байгаад өдгөө эргээд ирсэн нөхдүүд сайн л мэдэж байх учиртай даа.
Өвчнөөр далимдуулж үзэл сурталжих хэрэггүй (Одоо болтол хэн ч тэгээгүй байгаа л даа). Өвчинтэй тэмцэхэд чиглэсэн Засгийн газрын алив арга хэмжээг улс төр олон нийтийн аль ч байгууллага дэмжин ажилламаар байна. Засгийн газар ч өвчнөөр далимдуулж үзэл сурталжин ялархмааргүй байна. Энэ бол биендээ ялархах, биенээ яллах шалтгаан биш, биднийг бүгдийг нь хамарсан зовлон. Зовлонг хамтарч сөрж байж зовлонгийн шалтгааныг арилгана. Үүнийг өөрийгөө буддист гэх болгон цээжээрээ мэдэж байх учиртай.
2003.5.7
One reply on “Сарсанд сарьслуулж болохгүй”
and professionals are aware of the signs and symptoms of childhood sexual abuse so that they can stop the abuse,prevent future abuse,ラブドール 高級