УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар С.Бямбацогт гишүүнээс Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонслоо. Дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ 30 ам.доллараас бууж 28 ам.доллар руу унасан байна. Жил гаруйн өмнө дэлхийн зах зээлд нефтийн үнэ нэг баррель нь 120 ам.доллартай байсан юм. Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллийг танилцуулав. Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав. Тухайлбал:
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 80 хувиар буурч өнөөдөр нэг баррель нь 28 доллар болсон байна. Ингэж үнэ буусан тохиолдолд дотооддоо нефтийн үнийг бууруулж чадвал маш олон хүний амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр хийж байгаа ажил байна уу? гэж асуув.
Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид хариулахдаа: -Уул уурхайн яам, Газрын тосны газар үнийг тогтворжуулах, буулгах чиглэлээр байнга ажиллаж байгаа. Баруун, зүүн хязгаараа зохих хэмжээгээр буулгасан. Манай улс импортын нефтиэр хэрэгцээгээ хангадаг. Түүхий газрын тос 1.2 сая тонныг экспортолдог ч гадаадаас импортоор авч хэрэгцээгээ хангадаг. Нефтийн үнийн уналт олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Дагаад савлаад өсч болзошгүй учраас болгоомжтой хандаж байна. Судлаачдын зүгээс яван өснө гэсэн прогноз хийсэн. Тийм учраас боломжтой үед нь буулгах, улсын төсөвт татвараа татах зэрэг арга хэмжээ авч байна гэв.
УИХ-ын гишүүн Г.Сарангэрэл: -120 ам.долларын үнэтэй байсан нефть 28 ам.доллар руу орж буурчихаад байхад манайд буурахгүй байгаа нь олны анхаарал татаж байгаа. Тогтвортой нэрээр 1660 төгрөгөөс доош буухгүй байна. Тухайлбал, Засгийн газар нефть импортлогчдоос татвараа ахиу авах бодлого барьж байгаагаас үнэ буурахад нөлөөлж байна гэсэн яриа байна. Хэзээнээс дотоодоосоо нефтиэ хангадаг болох вэ?
Уул уурхайн сайд Р.Жигжид: -Гадаад зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ унаад байхад Монголд тэр хэмжээгээр буурахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Маш сайн ойлгож байгаа. Онцгой албан татварыг хоёр ч удаа УИХ-аар батлуулж авсан. Татвараа татаж төсөвт төвлөрүүлж, ямар нэг хэлбэрээр ард түмэнд буцаан тэтгэмж тэтгэврээр очиж байгаа. Хоёрдугаарт, нефть бүтээгдэхүүний хараат байдлыг яаж өөрчлөх вэ гэдэг чиглэлээр анхаарал тавьж ажилладаг. Монголд 1 сая орчим тонн газрын түүхий тос олборлодог болсон. Хэрэгцээ харин 1.3 сая тонн байдаг. Дотоодоосоо хэрэгцээгээ хангах болоогүй байгаа. Жижиг оврын үйлдвэр байгуулах чиглэлээр Аж үйлдвэрийн яаманд их ажил явж байна. Говьд үйлдвэр байгуулахаар ТЭЗҮ нь хийгдэж байна. Өмнө нь нефтийн үнэ зөвхөн нэг газраас хамааралтай байсныг задалж Хятад, Япон, Солонгос зэрэг хэд хэдэн орноос татдаг болсон. Урд хилээр татан авалтыг нэмэгдүүлсэн. Эдгээрийн зэрэгцээ бусад жижиг боомтоор авах чиглэлээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Уул уурхайн сайд нь Сангийн яамны газрын дарга шиг орлого талын юм яриад сууж таарахгүй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс, төмрийн хүдэр өнөөдөр өрсөлдөх чадваргүй байна. Нефтийн үнэ өндөр учраас ийм байдалд хүрсэн. Таныг би Эрдэс баялгийн сайд гэж харж байна. Гэтэл ОАТ тавьчихвал хөгшчүүлийн тэтгэвэр тэтгэмж тавихад нэмэртэй юм гэдэг тайлбар хийж таарахгүй. ОАТ-аар цөөхөн хэдэн төгрөг олж байгаа. Хэрвээ тэрийг тавиагүй бол иргэдийн халааснаас 132 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байна. Уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай байх, монгол өрхийн зардал буурч байх нь ашигтай юм байгаа биз дээ. Инфляци 2 хувь боллоо гээд гайхуулаад байна. Монголын инфляци мах, шатахуун 2-т л байдаг. Дээр нь доллараа 1400 төгрөгөөр тооцоод солиод сууж байгаа. Ийм дампуу төр байж болдог юм уу?
Уул уурхайн сайд Р.Жигжид: -Уул уурхайн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр байнга анхаарал тавьж байгаа. Шаардлага хангасан аж ахуйн нэгж цаад талтайгаа гэрээ хэлцэл хийгээд хямд үнээр татан авах боломж нь нээлттэй. Үнийн бодлого явуулахдаа Уул уурхайн яам дангаараа шийддэггүй. Мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагаас төлөөлөл оролцсон Үнэ тогтоох зөвлөл гэж байдаг, аж ахуйн төлөөлөл ордог. Үүн дээр ярьж санал болгосноор үнээ цааш нь яах вэ гэдгээ зохицуулдаг. Шаардлагатай тохиолдолд Засгийн газар, УИХ-д оруулж шийдүүлдэг. Хүчээр зохицуулах боломж байдаггүй.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Баруун, зүүн аймгийн нефтийн үнийг 10-15 хувиар бууруулсан. Сар шинээс өмнө төвийн бүсийн нефтийн үнийг бууруулна. Өнөөдөр Замын-Үүдэд буурч байна. Нэг тонн нефтийг 440 ам.доллараар худалдан авч байна. Өнөөг хүртэл бүс нутаг, байршлаас шалтгаалан шатахууны үнэ өндөр, нам байж ирсэн. Үүнийг зохицуулахыг эрмэлзэж байна. Баруун, зүүн хязгаарын 6 аймагт бензиний үнийг бууруулсан. Одоо төвийн аймаг, сумдын бензиний үнийг нэг түвшинд хүргэхийг зорьж байна. Төв замын дагуух жижиглэнгийн шатахууны үнэ нэг хэмжээнд очно гэж харж байгаа. Уул уурхайн яам шатахууны үнийг зөв зохистой буулгах бодлогын төлөө ажиллаж байгаа гэдгийг дахин хэлье гэв.