Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн 11 дүгээр сарын 3-4-нд түүний төрсөн нутаг Цүй хотод болж манай тамирчид 10 медаль хүртжээ.
Энэхүү дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Япон, Канад, АНУ, Норвеги гэсэн таван орны 800 гаруй тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд ЧД-ийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, БТСДуС-ийн дасгалжуулагч Б.Нямбаяр, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдын хамт манай улсын 21 тамирчин оролцсоноос нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл хүртлээ.
Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Н.Батзориг, Ж.Далайдорж, О.Дондов, охидын ангилалд БТСДуС-ийн Д.Энхдангина, Налайх дүүргийн “SJ” клубын А.Даваажаргал мөнгө, “Женко” клубын тамирчин Э.Одзаяа хүрэл, залуучуудын ангилалд ЧД-ийн тамирчин Н.Анударь алт, харин Б.Энхзул, Баянхонгорын тамирчин Б.Хонгорзул мөнгө, Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн болов.
Дашрамд сонирхуулахад, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн гурав, бусад нь анхны медалиа авсан байна.