Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Сансрын нисгэгч Базз Олдрин: 50 жилийн дараа ангараг дээр 50 хүн оччихсон алба хаагаад зогсч байх болно DNN.mn


“Өдрийн сонин”-ы 2017.06.09-ний Баасан гаригийн №130 (5697) дугаараас авч нийтлэв.


Саран дээр буусан, АНУ-ын сансрын алдарт нисгэгч Базз Олдрин Монголд айлчилж байна. Өчигдөр тэрээр “I Max” кино театрт одон орон сонирхогч болон хүүхэд залуусын төлөөлөлтэй уулзаж сонирхсон асуултад нь хариулсан юм. Базз Олдрин нь 1930 онд төрсөн бөгөөд 1969 оны долдугаар сард Нэйл Армстронг, Майкл Коллинс нарын хамт “Аполло-11” сансрын хөлгөөр саран дээр буусан түүхтэй. Сансрын нисгэгч Нэйл Армстронг оройн 10 цагийн орчимд хөлгөөсөө гарч саран дээр гишгэснээрээ саран дээр мөрөө гаргасан анхны хүн гэгдэж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг бол Базз Олдрин түүнээс 20 минутын дараа хөлгөөсөө гарч саран дээр гишгэжээ. Харин багийн гурав дахь гишүүн нь техникээ хариуцаж хөлөгтөө сууж байсан гэнэ. Тэд сарны гадаргаас ойролцоогоор 20 кг чулуу түүж эх дэлхий дээр авчирч байжээ.

Сансрын нисгэгч Базз Олдрин өөртэй нь уулзахаар хүрэлцэн ирсэн хүмүүст “Баярлалаа, баярлалаа” хэмээн талархаад сэтгэгдлээ ийн илэрхийлсэн юм.

-Энэ бүхнийг зохион байгуулж байгаа УИХ-ын гишүүн Л.Болдод талархлаа. Миний амьдрал анхнаасаа л сансар огторгуй, сартай холбоотой байсан. Сансрын тийрэлтэт хөдөлгүүрийн технологийг нээсэн Роберттой уулзаж байсан. Тэр хүн аавын минь найз байсан. Манай ээжийн нэр ч их сонин. Ээжийг минь Марион Мүүн гэдэг байсан. Англиар Мүүн гэдэг чинь Сар гэсэн үг шүү дээ. Ер нь л энэ мэт зүйлүүдээс харахад миний хувь тавилан анхнаасаа л тодорхой байсан гэж болно. Би өөрийгөө маш азтай хувь тавилантай хүн гэж боддог. Ээж минь хүн төрөлхтөн анх удаа онгоцоор тэнгэрт дүүлэн ниссэн түүхэн өдөр мэндэлсэн юм. Аав минь II дайны үед агаарын зэвсэгт хүчний командлагчаар ажиллаж байсан. Би хоёр Солонгосын дайны үед агаарын зэвсэгт хүчинд нисгэгчээр ажиллаж дайсны хоёр онгоцыг сөнөөж байлаа. Үргэлжлүүлээд Вьетнамын дайнд нисгэгчээр явж болох байсан ч Массачусетсийн Технологийн их сургуульд орж, улмаар АНУ-ын Сансрын хөтөлбөрт сонгогдож, 1963 онд сансрын нисгэгчийн гараагаа эхэлж байлаа. Тэр үед ганцхан сансрын нисгэгчтэй байсан “Меркури” хөтөлбөр дуусч байв. “Жеминай” хөтөлбөрийн хоёр дахь сансрын хөлөг дотор хамгийн анх сансарт жингүйдсэн Эндвайт миний сайн найз байсан юм. Эндвайт маань байлдааны нисгэгч байсан. Надад энэ хүн маш их нөлөө үзүүлж билээ.

Хүмүүс сансарт алхана гэж яриад байдаг. Үнэндээ алхаж байгаа юм биш шүү дээ. Тэр чинь бүжиглэж байгаа мэт жингүйдэж байгаа юм (Хэрхэн жингүйдэж, бүжиглэж байгаа мэт хөдөлдгийг тэрээр биеэрээ үзүүлэв. сурв). Би ер нь өөрийгөө зөв цагтаа, зөв газраа байсан хүн гэж боддог. Нэйл Армстронг бид хоёр бол анх саран дээр бууж чадаагүй, тойроод буцсан тэр багийн арын албаны нөөц нисгэгч нь байлаа. Нэйл Армстронг, Майкл Коллинс бид гурав бол маш азтай тохиолдлоор саран дээр хөл гишгэсэн хүмүүс. Гэхдээ дан аз биш л дээ. Азтайгаас гадна чадварлаг байж чадсан шүү (инээв). Бид саран дээр “Аполло” сансрын хөтөлбөрийн гол утга санааг шингээсэн “Бид энд хүн төрөлхтний энх тайвны төлөө ирсэн” гэсэн утгатай бичээсийг үлдээсэн.

Сарнаас буцаж ирээд би дэлхийгээ олон тойрч, дэлхийн бүх л хаан хатадтай уулзсан, зарим дарангуйлагчидтай ч нүүр тулж ярилцаж байлаа. Энэ хооронд миний хүү Энди сургуулиа төгслөө. Би энэ мөчөөс дахин карьераа эхлүүлэх боломж нээгдсэнийг харсан. Тэгээд буцаад Цэргийн нисэх хүчиндээ орохоо хойшлуулаад Туршин нисгэгчдийн сургуулиас шинэ карьераа эхлүүлж байлаа. Сансарт сансрын нисгэгчид л уулзахаас илүүтэй сар-дэлхий-сар-дэлхий гэсэн байнгын маршрутын талаар мөрөөддөг байлаа. Гэхдээ НАСА үүнд тийм ч их анхаарал хандуулж тоогоогүй. Надтай хамт саран дээр буусан Армстронг маань “Битгий их санаа зов. Сар, дэлхийн хоорондох таталцлын хүчний тойрогт гараад тэр тойргоосоо цааш Ангараг руу, тэр бүслүүр рүү явах том боломж байгаа шүү дээ” гэдэг санаа өгсөн л дөө. 1985 онд Армстронг маань ингэж хэлснээс хойш Нарны аймгийн гаригуудын хоорондох, гариг тойрч байгаа бүслүүр дээр хөлгийг гаргаж тавих санааг өнөөдрийг хүртэл бодсоор явна.

Одоо миний хийж байгаа ажил Ангараг гаригийг эзлэхийн төлөө тэдгээр бүслүүр дээр юу хийж болох вэ гэдэг дээр анхаарч байна. Хүн төрөлхтөн дэлхийн орбит дээр хэдэн мянган хиймэл дагуулаа гаргачихсан. Үүнтэй адил дэлхий-сарны орбит дээр маш олон хиймэл, сансрын төхөөрөмжүүдийг ажиллуулъя. Энэ ажиллагаагаар дэлхий дээрээс биш саран дээрээс цаашаа нисдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сансрын баазтай болох юм. Үүгээрээ нарыг тойрсон орбит дээр, цаашлаад Ангараг гариг хүртэлх хөвөгч хэлбэрийн олон хиймэл дагуулыг хөөргөх баазтай болно. Энэ санаачлага маань АНУ, Европ, Япон, Хятад, Орос гэсэн сансарт тэргүүлэгч таван улсын нийлсэн нэгдмэл том төсөл болно. Дэлхий-Сар-Ангараг гэсэн том төсөл болно. Үүнд энэ таван орноос гадна өөр олон орон нэгдээсэй гэж хүсч, хүчин зүтгэж явна даа. Ямар ч мөрөөдөл хэтэрхий том байдаггүй юм. 2010 онд бичсэн миний номонд энэ тухай бий. Тэнгэр өөд тэмүүлж амьдрахад ямар ч мөрөөдөл том санагддаггүй юм шүү. Баярлалаа гэв.


Үүний дараа тэрээр үзэгчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та юугаар бахархдаг вэ?

-Би Америк хүн гэдгээрээ бахархдаг. Та бүхэн ч гэсэн Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Түүнтэй адил.

-Хүн төрөлхтөн ойрын 10-15 жилд сансрыг эзэгнэх болов уу. Тэнд ер нь эртхэн шиг байр байшингаа авч байвал яасан юм?

-Тавин жилийн дараа Ангараг гариг дээр ямар ч байсан 50 тооны нөхөр алба хаагаад байж байх болов уу. Тэнд хүн төрөлхтөн насан туршдаа амьдарна гэж очихгүй байх. Гэхдээ дэлхийн лидер улсууд ямар ч байсан саран дээр байнгын хөвөгч хиймэл дагуулуудтай болчих байх гэж бодож байна. Сар бол амьдраад байх газар биш.

Гаригуудын орбит дээр байгаа хиймэл дагуулууд тухайн гаригийнхаа эргэлтээс энерги авч байдаг. Тэрний дагуу сарыг хурдан тойроод сарны энергийг өөртөө шингээгээд сарны орбитоос эргэж байсан хурдаараа салаад цаашаагаа Ангараг руу нисэхийг гравитациар чавхдуулах гэж нэрлээд байгаа. Ийм нэг онол байгаад байна. Өнөөдөртөө үүнээс цаашаа гүнзгийрүүлж яриад хэрэггүй байх аа (инээв).

-Ангараг гариг дээр гравитаци нь бага, соронзон оронгүй учраас нарнаас ирж байгаа хортой цацрагийн хэмжээ ихэснэ. Тэгэхээр ангараг дээр очсон хүн тэнд хэр удаан байж байгаад эх дэлхий дээрээ ирэх вэ. Энд ирээд хэр удаан амьдрах боломжтой бол?

-Нарны хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Гэхдээ Ангараг дээр өөр ямар төрлийн радиациуд байгааг бид мэдэхгүй. Гэхдээ ангараг дээр байдаг нимгэн атмосфер нь бас хамгаалах байлгүй. 200 жилийн өмнө бидний элэнц, хуланц өвөг дээдсийн маань дундаж наслалт нь бидний одоогийн үеэс доогуур байсан. Ангараг руу явбал тэр хавьцаа л наслах байх даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *