Categories
мэдээ нийгэм

Сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид уригдан оролцож байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өчигдөр тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков, ЗХУ-ын сансрын нисэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “1939 оны Халхын голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн дайчдын байгуулсан ялалтын 80 жилийн ойд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаад талархсанаа илэрхийлье” гээд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж Монгол Улсын Засгийн газраас ОХУ-ын Тува Улс, Бүгд Найрамдах Буриад улс, Эрхүү мужтай хамтарсан ялалтын үзэсгэлэн, Эрхүү мужаас Дорнод аймгийн Халх гол сум хүртэлх монгол, орос залуучуудын тойрон аялал, Дорнод аймагт Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2019” тактикийн хээрийн сургууль, “Халхын гол-80” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, МҮОНТ, ОХУ-ын БХЯ-ны “Звезда” телевиз хамтран дөрвөн ангит баримтат кино бүтээлээ. Мөн Дорнод аймгийн Халх гол суманд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг шинээр босгож, дурсгалын хөшөөнүүдийг сэргээн засварлалаа. Улаанбаатар, Чойбалсан, Чингис хот болон Дорнод аймгийн Халх гол суманд ялалтын түүхт 80 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Мөн “Сэлэнгэ-2019” хээрийн сургуулийн үеэр Халхын голын районд хоёр улсын хамтарсан хайгуулын бүлэг Зөвлөлтийн 17 дайчны шарилыг олж, хүндэтгэлтэйгээр оршуулсан зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү ялалтын ойг хамтран тэмдэглэхэд ОХУ-ын Батлан хамгаалах яам ихээхэн анхаарч, А.В.Александровын нэрэмжит Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, Агаар-сансрын нисэх хүчний “Русские витязи” бүлгийн уран нислэгийн үзүүлбэр үзүүлсэн нь өндөр ач холбогдолтой байлаа. Хамгийн чухал нь бидний хамтдаа тэмцэж авчирсан түүхт ялалтын ойд эрхэм баатрууд маань өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэнд дахин баярласнаа илэрхийлье” гэжээ.

Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн удирдлага, гишүүд болон бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчааг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *