Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн шинэ технологийн үйлчилгээний өдөрлөг боллоо

Манай улсад өнөөдөр анхны цахим мөнгө “Candy” хэдийнэ төлбөр тооцоонд гарч, “ЛэндМН” гар утаснаас зээл олгож, мөн гар утаснаасаа гүйлгээ хийх боложмтой “Social pay”, хялбар, түргэн шуурхай мөнгө шилжүүлэх“Most Money” зэрэг санхүүгийн технологийн буюу финтек үйлчилгээнүүд нэвтэрч эхлээд байна.

Финтек гэдэг финанс буюу санхүү, тек буюу технологи гэсэн хоёр үгийг нийлүүлсэн санхүүгийн технологийн үйлчилгээ бөгөөд дэлхий нийтэд түгэн дэлгэрч буй энэхүү дэвшилт үйлчилгээнээс манай финтекийн компаниуд хоцролгүй, банк, санхүү, үнэт цаас, цаашлаад бараа, үйлчилгээний салбарт өргөн нэвтрүүлж буйг өнөөдөр “Туушин” зочид буудалд дэлгэн танилцууллаа.

ХААН банкны инженер З.Батсүх, “Өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлд 10-аад финтек компани ажиллаж байна. Үнэндээ ийм компаниудын үр өгөөжийг хүмүүс одооноос л мэдэрч эхэлж, танигдаж байна. Одоо цааш улам мэдрэх болно. Юу гэвэл өнөөдөр бидний хэрэглэж буй цахим картууд гэхэд л дараагийн үеийнхээ техник, технологийн шийдэлд “цохигдох” буюу өнөөдрийн мэдээллийн эриний шаардлагын дагуу хурдан өөрчлөгдөж байна. Төлбөрийн картууд соронзон туузтай байдаг бөгөөд энд хадгалагдаж буй мэдээллийн аюулгүй байдал хангагдахаа больсон. Та картаа алдах юм уу өөр нэг нь хэрэглэж ашиглалаа гэхэд таны бүх мэдээлэл, хөрөнгө мөнгө чинь алдагдаж байна гэсэн үг. Тиймээс одоо төлбөрийн картууд чиптэй болж байна. Үүн рүү манай улс шилжиж байгаа нь бид дэлхийн хөгжил, өрсөлдөөнөөс хоцрохгүй байгааг харуулна” гэсэн юм.

Дээрх үгийг баталж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Төв банк дотоодын төлбөрийн картуудыг олон улсынEMV/NFC чип стандарттай болгохоор ажиллаж байна. Ингэснээр монголчууд хилийн чанадад аялж байхдаа чиптэй картаар төлбөр тооцоогоо хийж, аюулгүй байдлаа хангахаас гадна банк, санхүүгийн үйлчилгээ маань уян хатан, элдэв чирэгдэл хүндрэлгүйгээр түргэн шуурхай, хялбар, аюулгүй, баталгаатай болж байна” гэж мэдэгдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *