Монголбанк Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Судалгаа, сургалтын төв (The Seacen Centre)-тэй хамтран мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 26-30 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны Төв банкны төлөөлөл 29 мэргэжилтэн хамрагдаж, ЗӨАТБХ-ны Макро эдийн засаг, мөнгөний бодлогын удирдлагын газар, Олон улсын төлбөр тооцооны банк (BIS)-ны Ази, Номхон далайн орнуудын төлөөлөгчийн газар, АНУ-ын Сан-Францискогийн Холбооны нөөцийн банкны экспертүүд оролцож, судалгааны үр дүн, мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Сургалтаар санхүүгийн мөчлөгийн шинж чанар, шалтгаан болон эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын боломжит хариу үйлдлийг авч үзэх юм. Оролцогчид үл хөдлөх хөрөнгийн үнэ, зээлийн өсөлт болон дотоодын санхүүгийн захын идэвхжил, мөчлөг түүний бодит бизнесийн мөчлөгийн харилцан хамаарлыг судалж үнэлэх, хямралын урьдчилан дохиолох индикаторуудад тулгуурлан таних, улмаар хямралаас сэргийлэх бодлогыг хэлэлцэх юм.