Categories
мэдээ цаг-үе

Санжийн Пүрэв: Элгэн түмнийхээ хайраар өөрийгөө өлгийдөж өвчин зовлонгоо ч умартаж сууна, би

Зохиолч Т.БумЭрдэнийн хамт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Санжийн Пүрэвтэй ярилцлаа.

Таны бүтээл туурвилд хайртай ард түмэн, номын садан нөхөд энэ хаврын өдрүүдэд халуун сэтгэлийн аяныг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгууллаа. Номын цагаан буян оршлоо гэж эрхгүй бодогдож байна?

-Хэлээд яах вэ, дүү минь. Ах нь бүр толгой эргэчихээд алмайрч сууна. Баярласан хүн учраа олдоггүй юм байна. Намай мууг хэн тоох ч билээ дээ гэж бодож явсан чинь өвгөн би эндүүрчээ. Монголчууд гэдэг ямар ч айхавтар аминч улс юм бэ. Түмэн олныхоо буянаар хамаг хэрэг сэтгэлчлэн бүтлээ. Одоогоор дөч гаруй сая төгрөг цуглаад байна. Хэдхээн хоногийн хугацаанд энэ мөнгө тал талаас хуралдан цуглалаа. Ёотонгийн өвчин гэдэг чинь хүнийг чимээгүй иддэг үхлийн аюул байна шүү. Гэхдээ омог төгөлдөр монголчуудынхаа, авьяас билигт нөхөд, дүү нарынхаа сэтгэл оюуны өглөгөөр сэргэж сэртийгээд ирлээ. Хэдэн номноос өөр хөрөнгөгүй надад туслах аяныг анх санаачилсан Халтарын Болор-Эрдэнэ дүү, өөрийн шавь Монголын билигт хөвгүүдийн нэгэн Доржзовдын Энхболд болон намайг гэсэн бүхий л хүмүүст талархаад баршгүй. Бушуухан эрүүл саруул болоод энэ муухай өвчнөөс салж монгол ханхалсан, Дарвийн нурууныхаа салхийг үнэртүүлсэн олон зохиол бичиж хариуг нь барина даа гэж бодох юм. Зохиолч, судлаач Ядамбатын Баатар, Лувсанжамбаа нар маань Сан Францискогоос 654 ам.доллар явууллаа. Чикаго хотын элгэмсэг залуус 3500 доллар, Германы монголч эрдэмтэн Рената Бауве 100 евро надад илгээснийг Энхболд маань авчирч өгч, Америкт суугаа яруу найрагч Хулганайн Тэргэл, эрхэм дүү Цэрэнбат, Уранзул, Бишүүгарам нарын олон хүний сэтгэлийн үгийг дайсан. Мөн “Улирал ба зохиол” сэтгүүлийн хамт олныг төлөөлж соёлын гавьяат Данзангийн Нямаа маань ирж Швед дахь монголчуудын хандив 250 долларыг гардууллаа. Швед дахь монголчуудын үндэсний холбоо, яруу найрагч Банзрагчийн Энхтуяа болон Батчулууны Энхтуяа, З.Нямдаваа, Д.Батаа нарын нөхөд сэтгэлийн бэлэг явуулжээ. Денвер хотын “Тулга” клубийн хамт олон Х.Лхамжав нартаа их л баярлаж байна.

Эмчилгээндээ хэзээ явах гэж байна вэ?

-Миний бие маргааш урд хөршөө зорих гээд байж байна. Дөнгөж сая манайд (өчигдөр) Өмнөд Монголын зохиолчид Дүүрэнжаргалаар ахлуулан ирж сэтгэлийн хандиваа өргөлөө. Бээжинд очиход Цэнгэл, Хасчулуун нарын найрагч дүү нар хүлээн авч угтахыг сонсоод магнай тэнийн баярлаж сууна. Орчлонд олуулаа төрөх сайхан юм аа. Энэ л халуун сэтгэлт ахан дүүс минь бурхантай нийлж надад амьдрах томилолт олгож байна. Үнэнийг хэлэхэд сэтгэлээр унаж явсан үе бий. Миний сахарын хэмжээ 7-10-ын хооронд байдаг. Инсулин тариулж байгаа. Хамгийн гол нь хөл шархалж хуруунуудад үхжилт явагдан унаж шарх эдгэхгүй бүтэн жил боллоо. Явж чадахгүй байнгын суугаа байна. Судаснууд битүүрч нарийссан. Ер нь юу ч болоод байгаа юм, сүүлдээ учраа олохоо байж байсан. Харин энэ олон хүний хайр энхрийллийг цээжиндээ хадгалсан хүн чинь одоо яаж алзах билээ дээ. Баавай нь урд хөршдөө очиж бүрэн шинжилгээ хийлгэж эмчлүүлэн эдгэрч аваад сайхан дүү нарынхаа бэлгэшээснээр Денвер хотын онгоцны буудал дээр тал нутгийнхаа зэрлэг салхийг үнэртүүлээд зогсож байхыг хүснэм.

Гадаадад суугаа элгэн садад минь үнэхээр л чин зүрхнээсээ тусалсан нь хэн хүнд мэдрэгдэж байна. Та бол аргагүй л том зохиолч. Хүнийхээ хувьд уул шиг нөмөр нөөлөгтэй нэгэн гэдгээ харууллаа. Сошиал ертөнцөд давалгаа болж хүн бүхний чин зүрхний үгийг хараад баяр төрж байлаа. Монголын зохиолч найрагчдаас олон л хүн эргэж ирсэн дуулдана.

-Олныхоо хайр энэрлээр өөрийгөө өлгийдөж өвчин зовлонгоо ч умартаж сууна, би. Хүн бүхний сэтгэлийн дэм надад бурхны хишиг юм даа. Манай босгыг энэ хаврын өдрүүдэд элээсэн сэтгэл нэгт нөхдөө нэрлэнэ гэвэл урт цуваа болно. Миний лагшин тэнхээг лавлаж Дөнгөтийн Цоодол маань, Долгорын Цэнджав, Дамбын Төрбат, Заяатын Ядмаа, Бямбажавын Хүрэлбаатар, Маналсүрэнгийн Баттөмөр, Балжиннямын Пүрэвдорж гээд олон нөхөд минь ирж нугын цэцэгс шиг алаглуулж орхиод явчихна. Золтой л араас нь дагаад жирийчихсэнгүй. Мөн утга зохиолын хүчирхэг залгамж халаа болсон Бидэрийн Баярсайхан, Магванын Эрдэнэбат нарын дүү нар минь ирж элбэг сайхан яриа дэлгээд явсан. Энэ цагийн утга зохиолын тулганы галыг өрдөж яваа Аюурзана, Өлзийтөгс хоёр ирж инээд хөөр бэлэглэн өргөө гэрт минь өөрсдийн бүтээлээр номын сан байгуулж өгөөд явлаа. Манайх гэдэг айлд ном, нөхөд хоёроос өөр юу хэрэгтэй юм бэ. Төрийн шагналт Д.Нямааг ирэхтэй зэрэгцээд алс хол Япон орноос С.Жаргалсайханы маань хань Дулмаа нөхрийнхөө “Чингис хааны нууц түүх” романыг хуучин монгол бичиг болон шинэ үсгээр хэвлэсэн хоёр сайхан бүтээлээ тэвэрсээр орж ирж байгаа юм. За тэгээд ус нутаг болон ах дүү, амраг садан, шавь нарын төлөөлөл гээд хичнээн олон хүн хишиг буянаа хайрлаж ирснийг хэмжээлшгүй. Миний сүүлд хэвлүүлсэн “Бороотой зуны нүүдэл”, “Хээрийн талд адуу янцгаана” бүтээлүүд болон бусад зохиолуудыг маань мэргэн уншигчид, номын садад худалдан авч эрвийх дэрвийхээрээ тусалж байна. Номын буян гэдэг далай их юм даа.

Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та бол утга зохиолд Сэнгийн Эрдэнэ, Сормууниршийн Дашдооров хоёрт илүү хайртай. Тэдгээр бурхадынхаа тухай ярихгүй юу?

-Намайг утга зохиолд хөл тавихад өлгийдөж авсан хоёр буянтан маань шүү дээ. Мань хоёр их нөхөрлөнө. Нийлэхээрээ гашуун юм балгана, ажлаа тасална. Хийж бүтээсэн нь бол юугаар ч хэмжишгүй л дээ. Эрдэнэ баавайтай би Говь-Алтай аймгийн арван жилийн сурагч байх үеэсээ зохиол бүтээлээр нь танилцаж, биширч байв. Тухайн цагт Эрдэнэ баавайн өгүүллэгүүд жинхэнэ шуугиан дэгдээж байсан үе л дээ. Нэг удаа “Цог” сэтгүүлд хайрын тухай өгүүллэг нь хэвлэгдлээ. Хайрын тухай номноос унших нь бүү хэл, ярих ч хориотой байсан цаг. Бид ангийнхаа хаалгыг түгжиж байгаад хайрын өгүүллэгийг нь уншиж байснаа мартдаггүй юм. Миний бие тавин долоон онд хот орж ирсэн. Сэлбийн гүүрний зүүн урдхан талын том хашаанд замын тоос шороонд даруулсан том бор гэр байсан нь Эрдэнэ баавайнх байлаа. Би хүнээс асууж байж мэдсэн хэрэг. Тухайн цагт Эрдэнэ баавай “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийн эрхлэгч байв. Залуучууд бид Зохиолчдын хороогоор байн байн эргэж томчуудыг ойроос харж ихэд сүрдэнэ.

Дооров багш намайг “Энэ л нэг юм дуулгана” гэж магтах янзтай. Амихандаа Эрдэнэ баавайд л хэлээд байгаа хэрэг. Цаадах нь огт тоож байгаа ч юм алга.

Би М.Горькийн сургуульд сурч байхдаа 1978 онд “Азын цэнхэр уул” өгүүллэгээ бичлээ. П.Бадарч зургийг нь зурж өгүүллэг маань зураг хөрөгтэйгөөр “Утга зохиол, урлаг” сонинд хэвлэгдсэн. Удалгүй Дооров багш утасдаад “Эрдэнэ “Азын цэнхэр уул”-ыг чинь уншжээ. “Чамайг ямар юм дагуулаад яваад байна гэтэл цаад чинь зохиолч юм байна” гэж сэтгэл нь хөөрчихсөн ярьж байна” гэдэг юм. Тэр цагаас бид дотно нөхөрлөсөн дөө. “Хаана ч явсан Монголоо бодож, бичиж байгаарай” гэж Москвад нэгэнтээ хэлсэн нь санаанаас гардаггүй. Дооров багшийн тухай яривал бас л роман тууж шиг л зузаан намтар, дурсамж үргэлжилнэ. Жинхэнэ монголч зохиолч байсныг хэн хүнгүй дурсдаг. Ёстой л нөгөө хөх өтөгний бууцны үнэр ханхлах шиг болдог. Хүнийхээ хувьд ч хайрламаар гудиггүй сайхан эр байсан билээ.

Эрдэнэ баавайнАлтайхэмээх уянгын зураглалыг уншаад та бахдаж байсан тухайгаа хэлдэг?

-Тэгэлгүй яахав. “Алтай” гэх богинохон зохиолыг уншчихаад Алтайд төрсөн хэрнээ би энэ дайны зохиол бичиж чадаагүй л хүн дээ гэж бодогдож байв. Салхиных нь өнгийг хүртэл бичсэн байж билээ. Дооровынхоо бүтээлийг уншаад би бас л ингэж уярч догдолж, бахаддаг. Мөн Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн зохиолууд байна. “Хөдөөгийн дуун”, “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” гэх хоёрхон тууж бичсэн хүн. Тэртээ далаад оны эхээр бурхан болсон доо, хөөрхий. Хэрвээ жаахан удаан насалсан бол Монголын утга зохиолд, ялангуяа үргэлжилсэн үгийн төрөлд маш том шинэчлэл хийх байсан болов уу. Тэр сайхан авьяас билгийг залуухнаар нь алдсан нь бидний аз дутсан хэрэг. За тэгээд, Жагдалын Лхагвын өгүүллэгүүд байна. Манай Д.Норовын туужууд байна. Тоомойн Очирхүүгийн нэгэнтээ хэлснээр арга байхгүй зангарагтай зохиолч. Юмыг заавал угаар нь бодож байж хийдэг. Тиймээс барьж авсан зохиол бүтээл дутуу дулимаг гараас нь гарна гэж байхгүй. Манай Сономын Лочин байна. Эрдэм ухааны оргил болсон бас л адармаатай зохиолч шүү. Улс төр рүү, уянга руу аль аль нь ороод явчихна. Сүүлд маш өвөрмөц сонин роман бичсэн байна лээ. Лочин л ингэж бичнэ дээ хэмээн эрхгүй бодогдож байсан.

Горькийд сурч байхдаа та олон шилдэг бүтээлүүдээ туурвисан уу. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-1975 онд гучин дөрвөн насандаа Зохиолчдын хорооны томилолтоор Горькийд явж байлаа. Эргээд санах нь ээ, Москва Улаанбаатар хоёрын хооронд мөн ч таваргасан даа. Багш нар ч сайн мэднэ. “Өө, нөгөө Санжий нутаг руугаа явчихсан уу” л гэнэ. Намайг Пүрэв гэхгүй, аавын минь нэрээр дууддаг байсан нь тэр. Горькийд сурч байх хугацаандаа “Их газрын чулуу” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичиж байлаа. Мөн “Уулын намар” нэртэй тууж, өгүүллэгийн номоо, “Суварган цэнхэр уулс” кино зохиолоо бичсэн. Би чинь “Мартагдсан дууль”, “Загийн алим”, “Суварган цэнхэр уул”, “Тэнгэр мэднэ” гэсэн дөрвөн кино зохиол бичсэн хүн. “Тэнгэр мэднэ” киног тэр бүр хүмүүс мэддэггүй. Уул нь төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав хөгжмийг нь зохиогоод аятайхан бүтээл болсон. Уран сайхны киноноос гадна баримтат кино олныг туурвисан даа.

-“Уулын намар”, “Их усны хаялга”, “Гурван говийн зэрэглээ”, “Усаа дагаж жарганагэх туужуудын тань тухай ихэвчлэн яриа хөөрөө болдог. Учир нь та эдгээр бүтээлүүдээрээ төрийн шагналд хэдэнтээ дэвшсэн. Харин роман болоод бусад зохиолоо хэр хэмжээнд үнэлдэг вэ?

-Янз бүр дээ. Өөлбөл өө гарахаар зохиол ч бий байх. “Усны гудамж”, “Эргүүлэг”, “Цаг цагийн урсгал” гэх романуудад утга зохиолын хүрээнийхэн хийгээд уншигч олон ам сайтай байдаг. Тэгэхээр гайгүй бүтээлүүд болсон юм уу даа гэж боддог. Зохиолч бүрийн арга барил гэж нэг юм байдаг байх л даа. Миний бие бичих гэж их удна. Тархиндаа бодож боловсруулаад, халган байж нэг л өдөр ширээнийхээ ард сууна. Харин чиг өдрийг өдөр, шөнийг шөнө гэхгүй сууна шүү. Ганцхан удаа баллахад цаашаа бичиж чадахаа байчихдаг. Зохиолчийн гар бичмэл маш эмх цэгцтэй байх, зохиолоо гаргацтай сайхан бичихийг Л.Түдэв багшаас сурсан. Л.Түдэв багш огт баллаж сохлолгүйгээр зохиолоо нэгэн жигд бичдэг. Энэ сайхан хүний хаяа босгыг түшиж явсны хувьд бага сага зүйлийг авчээ. Сүүлд зохиолоо компьютер дээр бичиж байна. Үзэг цаас харахаас толгой өвддөг болсон. Хүн гэдэг хялбархан амьтан юм аа. Юмнаас амархан уйдаж, бас аливаад дасахдаа амархан байдаг юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *