“Сандэй” худалдааны төвд өчигдөр гал гарсан талаар бид мэдээлсэн. Уг барилгыг хааж үйл ажиллагааг нь долоон хоног зогсоох талаар шийдвэр гарсан юм. Гэвч худалдаачид буюу тус төвийн түрээслэгчид амрахгүй ажиллана гэдгээ илэрхийлж цуглаан хийж байна. Нийт 800 гаруй түрээслэгчид ийн эсэргүүцлээ илэхийрлэх болжээ. Тэд зоорийн давхраас бусад давхар аюулгүй гэж үзэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргаж гарын үсэг хүртэл цуглуулжээ.
Тус төвийн зоорийн давхарт буюу B1 давхарт өчигдөр гал гарсан. Гал сөнөөгчид нэгээс долоон давхарт байрлах түрээслэгчдийг аюулгүй болгож галыг унтрааснаар түрээслэгчдийн барааг ч хамгаалсан. Галын улмаас долоон давхарт байсан хамгаалалтын ажилтан 20 настай хоёр эрэгтэй угаартсан байсныг түргэн тусламж үзүүлж эмнэлэгт хүргэсэн билээ. Энэхүү барилгыг улсын комисс 2009 оны тавдугаар сард хүлээн авсан бөгөөд долоон давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн байна.