Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саналаа эрт өгөөрэй, амжихгүй байж магадгүй шүү

Улсын Их хурлын сонгууль болж байна. Ардчилсан нийгмийн иргэн таньд сонгох эрхээ эдлэн, төрд төлөөлүүлэх эрхмүүдээ сонгох боломж эл өдөр нээгдэж байна. Хамгийн гол нь энэ удаад цар тахлын үеийн онцгой нөхцөл байдалд саналаа өгөх нь байна. Санал өгөхдөө дор бичсэн үйлдлүүдийг зайлшгүй хийхийн сацуу үүссэн дарааллыг тэвчээртэй хүлээнэ. Урдуур нэг нь дайрна, шахна, тэр бүрийд учир зүйгээ олох шаардлага үүснэ. Ингэж тав, арван минут зарцуулсаар сонгогч та саналаа өгөхдөө хамгийн багадаа хагас цаг зориулна. Өнөө жил нэг сонгогчдод оногдох санал өгөх хугацаа уртассан гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос сануулж байгаа. Тиймээс алгуурлахгүйгээр саналаа эрт өгөөрэй, амжихгүй байж магадгүй шүү. “Хүмүүс саналаа өгч л байг. Би оройхондоо очоод өгчихнө дөө” гэж 22:00 цагийг хүлээн суулгүйгээр шалавхан Санал авах байраа зориорой.

Ингээд таны сонгууль өгөхдөө зайлшгүй хийх үйлдлүүдийг энд дурдъя. Сонгогч та саналаа өгөхдөө заавал амны хаалттай байх ёстой. Мартсан тохиолдолд Санал авах байрнаас нэг ширхэг амны хаалт олгох юм. Маскаас гадна иргэний үнэмлэхээ заавал авч очих шаардлагатайг санаарай. Ингээд санал авах байр руу орохдоо эхлээд халуунаа үзүүлж, гараа ариутгах ёстой.

Таны өмнө хүмүүс саналаа өгөхөөр хүлээж байвал 1.5 метрээс доошгүй зай барин зогсоно. Дотогш ормогцоо Иргэний бүртгэлийн ажилтан дээр очиж хурууны хээгээ уншуулна. Энэ үед дэлгэцэн дээр таны зураг гарах болно. Өөрийгөө мөн эсэхийг батлахын тулд амны хаалтаа түр хугацаанд аваад, эргэн зүүнэ. Улмаар Санал авах хэсгийн хорооны гишүүн бүртгэлийн хуудсыг авч, саналын хуудсыг тусгай зориулалтын хавтас, мөн нэг удаагийн бээлийний хамт таньд өгөх болно.

Гараа дахин халдвар-гүйжүүлээд бээлийгээ өмсөж, саналын хуудас, хавтас зэргээ бариад бүхээгний ард суун саналын хуудсаа бөглөнө. Бөглөж дуусмагцаа зориулалтын хавтсандаа хийгээд автомат машинд уншуулаад “Саналын хуудас амжилттай уншигдлаа” гэх хүртэл хүлээн зогсох юм. Та саналын хуудсандаа илүү тэмдэглэгээ хийсэн эсвэл дутуу бөглөсөн бол автомат машин саналын хуудсыг буцаан гаргах болно. Та дутуу бөглөж, автомат машин саналын хуудсыг тань буцаан гаргавал бүхээгтээ эргэн очиж бүрэн бөглөх ёстой. Хэрэв илүү тэмдэглэгээ хийсэн бол хэсгийн хороонд мэдэгдэж дахин нэг удаа саналын хуудас авч болно. Эцэст нь сонгогч та санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гараа халдваргүйжүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *