Categories
мэдээ цаг-үе

Санаанаас гардаггүй “Сартуул” нутаг мину


Хүнд хүй цөглөж хөдсөн бойтогтойгоо мөлхөж өссөн нутаг, уул ус, аав ээжийн өвөлжөө, зуслан шиг мөнхөд сэтгэлийн уяа болж байдаг эрхэм чухал зүйл байдаггүй билээ.

Би Хантайшир Уулын Аймгийн Цэцэн Сарт уулын хошууны төв нутаг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан” хэмээх эртний тахилгатай уулын өвөрт төрсөн хүн. Манай сум 409.4 мянган га нутаг дэвсгэртэй, хөвч хангай, говь, хээр тал хосолсон, малчид нь зуслангаас өвөлжөө хүртлээ 170-180 км орчим нүүдэллэдэг ард түмэн.

Эрдэнэхайрхан сумын нутаг нь Цэцэн Сарт уулын хошууны тахилгатай таван уулын нэг байсан Ханцогт Хайрхан эдүгээ “Алтанманзушир Их Хайрхан” Цагаан Хайрхан, Алтан, хоёр Бэрх, Улаагчны Хар Нуур, Бургаст, Товхошийн царам хяр, Хөмрөг элснээс нэвчин урсах Хүнгий, Мухартын гол, Сэнжит цохио, бидэртэн шаргалтах зуд болдоггүй Бор Хярийн элс зэрэг үзэсгэлэнт тогтоц бүхий уул ус, ургамал, амьтдаар баялаг юм.

Эрдэнэхайрхан сумаас төр нийгмийн зүтгэлтэн Ц.Дүгэрсүрэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар алдарт хоньчин Н.Гоожав, Д.Сэдбазар, гавьяат малчин Д.Цолмон, С.Сэсээр, Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Даш-Өлзий, Л.Юра, гавьяат эмч Р.Шагдарсүрэн, Р.Сандуйжав, О.Бадамсүрэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Батнасан, шинжлэх ухааны доктор профессор Д.Бадамдорж, Д.Готов, Монгол Улсын тод манлай уяач Б.Энхболд, Монгол Улсын харцага М.Дармаабазар, өсөх идэр начин М.Сэдхүү нарын олны танил эрхмүүд төрсөн түүхтэй.

Миний бие арваад настайгаасаа сургууль эрдмийн мөр хөөж 1962 онд Москва хотод Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академийг инженер механикч мэргэжлээр төгсч төр захиргааны төв байгууллагад 40 гаруй жил хариуцлагатай алба хашсанаас шалтгаалж төрсөн нутаг усныхаа талаар мэдлэг дутмаг яваа ч “Эх нутаг элгэн саднаа дурсахуй”, “Нутаг удам”, “Нутаг нь түшдэг хорвоо” зэрэг ном бичиж “Машин тракторын парк ашиглалт”, “Машин засвар” зэрэг Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн инженерийн ангийн сурах бичгийг орос хэлнээс орчуулж хэвлүүлэх, орон нутгийн цаг үеийн ажилтай холбогдсон олон арван мэдээ, сурвалжлага мэргэжлийн зөвлөгөөг төвийн хэвлэлүүдэд нийтлүүлсэн билээ.

Өнөө жил төрж өссөн нутаг усаараа орж Завхан аймагт болсон аймгийн Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм.

Нас өндөр хэдий ч 1000 км замыг 20 хүрэхгүй цаг явж нутгийн хил, Ханхарын даваагаар давж зээ нагацын төрлүүд болох Монгол Улсын гавьяат малчин Д.Цолмонгийн хүүхдүүд мянгат малчин Ц.Мөнхбат, Ц.Ганбат, Ц.Төрбат мянгат малчин Б.Дашдаваа, Л.Дамиранжавындаа очлоо. Ус нутгийнхандаа зочилж төрөлсөхийн зэрэгцээ олон жил зусч идээшсэн зусландаа очиж Х.Ханд, Т.Замбага, Ө.Замбага нарын ахмадуудтайгаа золголоо.

Манай сум 410 мянга гаруй малтайн 60 гаруй хувь нь хонь, бүх малын 30 гаруй хувь нь мянгаас дээш малтай 70 гаруй өрхөд өмчлөгдөж байдаг онцлогтой юм.

Эрдэнэхайрханчууд ноос мах арвинтай хонин сүргээрээ улсдаа алдартай. Өмнөх тогтолцооны үед Аж үйлдвэрийн комбинатад зөвхөн Эрдэнэхайрханы хонины ноосоор одъяал үйлдвэрлэдэг байснаар барахгүй улсаас манай суманд сартуул хонь үржүүлэх ферм, байгуулж бусад аймаг сумдад сайн чанарын үр төл сайтай хуц худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байсан хонины нутаг.

Манай суманд 1950-иад онд маршал Х. Чойбалсангаас Монгол Улсын “Хамгийн сайн малчин” гэсэн үнэмлэх, мөнгөн бүслүүртэй агар зандан хувин, хуцны мөнгөн дүрс, майхан зэргээр шагнагдан сумандаа малаараа тэргүүлж, аймагтаа дээгүүр малтайд тооцогдож явсан Сартуулын хоньчин алдартай Б.Нацаг, 1000-аас дээш малтай Д.Хасбат, О.Түдэвээ, Д.Мөнхөө нар болон 700, 800-гаар тоологдох малтай олон айл өрх байсан нь одоогийн залуусыг мал маллагаанд сургаж малч удмаа хадгалах үндэс суурийг тавьж өгсөн гэж би боддог юм.

Манай нутагт М.Сэдхүү заан гэж алдаршсан улсын өсөх идэр начин цолтой, 13 хүүхэдтэй сайхан айл байсан юм. М.Сэдхүү заан насаараа нутагтаа мал маллаж, мал маллах мэргэжил арга ухааныг хүүхдүүддээ зааж сургаж өвлүүлж чадсан хүн байсныг онцолж дурсмаар байна.

М.Сэдхүү зааны хүү С.Сэсээр гэхэд л Монгол Улсын гавьяат малчин, С.Пүрэв нь улсын сайн малчин гэсэн алдар цол хүртэж нутаг орноо алдаршуулж явна.

Манай нутгийнхан Элст булаг, Хар Нуурын эх, Ханан булаг, орчмоос Товхош Хайрхан хүртэлх зурвас нутгийг “Нуурын ар” гэж нэрлэж хэвшсэн юм. Ер нь Хар нуурын эргэн тойрны гоёмсог тогтолцооны ихэнх нь “Урт булгийн хяр” нэртэй нуурын урдах сүрлэг хяраас салбарлаж нуур руу түрж орсон Улаан шанаа, Дөрвөлжин шанаа, Алаг шанаа, зэрэг хадан шанаанууд, урд хярын ам бүрээс Нуурлуу цутгах булаг, горхи, Элсэн довцог дундах үзэсгэлэнт “Жаахан Нуур”, “Товхош хайрхан”-ны үзэсгэлэнт байгал зэргээс бүрддэг.

Хар нуурын урд үзүүрийн Товхош Хайрхан нь ар талаараа Ар, Өвөр булаг гэх зуслангуудтай, Асга хад, Ширэнгэ ой бүхий хоёр морьтой хүн зөрөх төдий нуур руу шахсан “Гацаа” хэмээх хавцал хясаатай, Өвөр талаараа Сонгинот, Нусхай, Цэнгэнэт гэсэн элсэрхэг намаржаанууд бүхий үхрийн нүд, тошлой алаглан, таана хөмүүл, сонгино анхилж буга, согоо урамдсан нутгийн шүтээн хайрхан юм.

Миний багад Нуурын арын ам, булаг шанд болгонд баян Д.Санж, Д.Дойлоо, миний нагац Р.Гаахүү нарын ах дүүс үр хүүхэд голдуу олон хөх өвгөчүүд зусч Урт булгийн эхэнд гэхэд 3-4 хот айл зусч хургаа зөрүүлэн малаа хоёр сааж, мал ноослох, сааль сүү ашиглах, эсгий хийх зэрэг ажлыг хамтран хийж найрсаг тайван амьдардаг байлаа. Эдүгээ Нуурын ард зусах айлгүй шахам болсноос нуурын ар маань эзгүйрэхэд ойртсон байх нь сэтгэл эмзэглүүлж байв. Харин баян Д.Дойлоо гуайн ач хүү Б.Болд өвөг дээдсийнхээ зусланг хамгаалан намуун зөөлөн боргио устай “Урт Булаг”-ийнхаа адагт нуурын захад жил алгасахгүй зусч хол ойроос Хар нуураа гэж ирсэн нутгийн ахан дүүсийнд зочилж алжаалаа тайлдаг ганц айл буюу тэндхийн “Өндөр ээж”-ийнх нь болж нутгийн олон түмний талархал хүлээсээр байдагт баярлаж явлаа. Жаахан нуурыг үзэхээр очдог амрагч, жуулчдын тоо гадаад дотоодын зочид төлөөлөгчид, жуулчид хүлээн авах албан ёсны эрх зөвшөөрөлтөй ажилладаг Ёлын ам, Эрдэнэ зуу, Хоргын тогоо, Тэрхийн Цагаан нуурт зэрэгт ирдэг хүн машины тооноос олон болж нутгийн иргэдийн анхаарлыг татах болж байна.

Дотоод гадаадынхны анхаарлыг татсан үзэсгэлэнт тогтолцоотой Хар нуур, Мухарт Хүнгий гол, Сэнжит цохио мэт үзэсгэлэнт газрууд нутагт минь олон. Тэр газруудыг зорих олны хөл нэмэгдэж байгаа нь сайхан ч байгалийн сайхан олны хөлд бүдгэрч яваа зовлон байна.

Энэ бүхнээс үзэхэд Хар нуур, Мухартын гол орчмын байгаль газар зүй авто замын онцлогийг судалж дэд бүтэц бий болгосны үндсэн дээр “Хар нуур, Мухартын гол” гэсэн амралт сувиллын албан ёсны бүс нутаг болгон журамлах асуудлыг аймаг, сум, төр захиргааны байгууллага БОАЖЯам, хамтран судалж шийдвэрлэх нь зүйтэй санагдсаныг энд онцолъё.

Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн түүхт 90 жилийн ойн арга хэмжээ наймдугаар сард болж, Төр Засаг тус аймгийн нэгдсэн эмнэлгийг “Алтан гадас” одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн З.Нарантуяа гардуулж аймгийн хэмжээний цагаан нөмрөгтнүүдэд өндөр итгэл хүлээлгэсэн юм.

Аймгийн Эрүүл мэндийн газар энэхүү баяртаа урьд өмнө нь нутагтаа ажиллаж байгаад эдүгээ бусад аймаг сум, нийслэлд амьдарч байгаа ахмад эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан олон хүнийг урьж ирүүлсний дотор тус эмнэлгээс төрсөн хүний гавьяат эмч Р.Шагдарсүрэн, Ж.Биндэръяа, А.Нансалмаа, М.Алтанхүү …ахмад эмч Л.Лхагвасүрэн, Ч.Дэнсмаа нар болон ахмадуудын төлөөллүүд бэлэг, хадаг хандивтай хүрэлцэн ирсэн нь энэхүү баярын арга хэмжээг бүр өргөн болгосон байв.

Энэхүү баярт “Витафит групп”, “Номун кондитер” ХХК-д захирал ажилтай манай хүүхдүүд ч ганзага хоосон очоогүй. Хайрт ээж Хандын Цэнд-Аюуш агсныхаа анх хөдөлмөрийн гараагаа эхлэн Хүүхдийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан аймгийн Хүүхдийн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ний тасгийн хоёр өрөөг засч тохижуулан БНХАУ-аас хүүхдийн эмчилгээнд нэн шаардлагатай 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий долоон тоног төхөөрөмжийг захиалан авч ирж суурилуулж өгсөнд Аймгийн удирдлага, нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олон баярлаж тэрхүү “Эрчимт эмчилгээний тасгийг” Улаанбаатар хот, Өмнөговь аймагт хүүхдийн эмчээр ажиллахдаа 0-1 насны хүүхдийн эндэгдлийг жил дараалан үнэмлэхүй өндөр түвшинд бууруулсан амжилтаараа Эрүүлийг хамгаалах яамны системийн эмчилгээ үйлчилгээний аварга эмчээр, Өмнөговь аймгийн Хөдөлмөр соёлын аваргаар удаа дараа шалгарч насаараа түмний нялх нярай хүүхдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж явсан миний хань Х.Цэнд-Аюушийн нэрэмжит болгон хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж мөнхжүүлж өгсөн нь бидний нэгэн бахархал байлаа.

Дараа нь ханийнхаа төрж өссөн Алдархаан сумын нутгаар явж эхлээд Богд Очирваань хайрханы үргэлжлэл далайн түвшнээс 2500 метрт өргөгдсөн үзэсгэлэнт Даян хайрхан дээр гарч дэлхийг баганадан сүүмэлзэж харагдах Богд Очирваань хайрхандаа мөргөн хүндэтгэл үзүүлээд Алдархаан сумын Борхын гол дагасан нутаг, Баруун Зүүн Баянбулаг, Борх чулууг дайрч ханийнхаа хорвоод мэндэлж хүүхэд насаа өнгөрөөсөн “Өндөр мод” хэмээх бор шороон бууц, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нутаг Ямаатын уулын өврийн “Их хөшиг” “Цахир”зэрэг өвөлжөөнүүдэд очиж хүндэтгэл үзүүлснээр энэ удаагийн аялал өндөрлөсөн юм.

С.СОДНОМ

УТАС: 99181397

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *