Өмнөд Солонгос улсын цагдаагийн газраас тус улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний гурван туслахыг бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газрын ажилтнууд бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг шалгалт хийж, тус компанийн дансанд Самсунг компани өнгөрөгч оны 10-р сард 3 тэрбум 500-н сая вон буюу хоёр сая 800-н мянган евро шилжүүлсэнг илрүүлсэн юм.
Тэгвэл Самсунг компани нь энэхүү мөнгийг компанийн цаашдын үйл ажиллагаанд Засгийн газраасаа дэмжлэг авах зорилгоор бэлэглэсэн байж болзошгүй ажээ.
Энэ тухай бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн Герман улсад байгуулсан хувийн компанийн хамтран эзэмшигч байсан Роберт Куйпс, Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Чуй Сүн Шил нь Солонгосын морин спортын тамирчдын морь худалдан авахад зуучлах, дасгалжуулагч хөлслөх, бэлтгэл сургуулилт хийх, орон байраар хангах зэрэг ажлуудыг хийх зорилгоор Герман улсад хувийн компани байгуулсан. Би тус компанийн хамтран эзэмшигч байсан ч компанийн дансанд орж ирж байсан их хэмжээний мөнгөний зарим эх үүсвэр тодорхой биш байсан тул хамтран эзэмшигчээс сайн дураараа татгалзсан” гэж хэлсэн байна.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Самсунг компанийн холбогдох ажилтнуудаас мэдүүлэг авахаар болжээ.