Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Самдангийн Тараатай уулзаж хөөрөлдлөө.
-Ус нутаг хаанах билээ, Тараа ах?
-Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Өлийн худаг хэмээх газар төрсөн хүн. Сумынхаа бага сургуульд суралцаж байгаад арван настайдаа шилжин ирж нийслэлийн 33 дугаар сургуулийг дүүргэсэн. Наймаа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцлаа.
-Танай ангиас алдартай хөгжмийн туурвилчид төрсөн байлгүй?
-Өө, нэг ангийнхан гэхээр чинь Чингис хаан одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бид гурав чинь тохой нийлүүлж суусан нөхөд шүү дээ. Бидний дараагийн үе гэхээр Чинжиг эд нар гээд явчихна. Н.Жанцанноров багш гэхэд бидний дээд талд манай сургуулийг дүүргэсэн. Сүүлдээ бидэнд багшилсан түүхтэй. Манай ангийн багш Задгай гэж мундаг хүн одоо ер орчим настай хөгшин байна шүү. Билэгээ, Шарав бид гурав хуваарьгүй, арын хаалгаар л хөгжмийн ангид орж байсан юм шүү дээ. Билэгээг ээж нь хөтөлчихсөн, Шаравыг ах нь хөтөлчихсөн ирж шалгуулж байсан юм. Билэгээ нэг муу гитар нүднэ. Шарав нэг гармушки тоглоно. Хөдөөнөөс биднээс авьяастай хүүхдүүд олон ирж байсан. Дундговиос Хоролсүрэн, Булганаас Болдоо гээд. Аккордиан, баян хуурыг чинь буруу солгойгүй тоглодог хүүхдүүд байсан. Түрүүлээд сайн тоглодог болчихсон хүүхдүүд бидэн шиг нойлуудтай цуг оруулчихаар цалгарч назгайраад хаячихдаг юм шиг байна лээ. Тэгээд яах вэ, тэр авсан хүмүүс нь бүгд л Монголын хөгжмийн урлагийн суутнууд болж дээ. Бид харин завсаргүй хичээж хичээллэсэн. Манай ангид чинь гавьяат жүжигчин Туул байлаа.
-Ангийнхаа хүү, алдарт хөгжмийн зохиолч Шаравтайгаа уулзаж байна уу?
-Шаравтайгаа тавин жил л үерхэж нөхөрлөж явна. Би сая хагалгаанд ороход нь Бээжинд очиж хамт байж байгаад ирсээн. Дунд үеэс чинь одоо бид хоёр л бараг хоёулаа үлдэх гээд байна шүү. Зуслангаасаа хааяа дуудна. Очиж бас эрхлүүлэх л гэнэ шүү.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Цэнхэр залаа”-гийн С.Баатарсүхийн хамт
-Яаж эрхлүүлнэ гэж?
-Яахав, хөгжмөө ярина. Ангийнхнаа дурсана. Муушиг тоглохгүй юу.
-Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөөд хаана хуваарилагдав?
-Сургуулиа төгсөөд Пионерын ордонд найрал дуу, баян хуур хөгжмийн багшаар хуваарилагдсан. Тэр үед чинь хотод цөөхөн төгсөгч үлддэг байлаа шүү дээ. Нэгдүгээр сургуульд Шарав маань, тэгээд би үлдсэн юм уу даа. Билэгжаргал Архангайн Багшийн сургуульд очсон. Би энд олон жил ажилласан. Анх очуутаа төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайтай “Багачуудын ордон” гэдэг дуу хийсэн. Балчинжав захирал дуудаад “Чи энэ хүнтэй дуу хий” гээд. Тийм том амьтантай дуу хийнэ гэхээс ухаан алдчихаж байгаа юм чинь. Пионерын ордны хүүхдүүд их дуулдаг л байсан. “Мөнгөн хонхны дуу” гэсэн түүвэрт байдаг юм шүү. “Агуу Лениний…” энэ тэр гэсэн үгтэй дуу л даа.
-Хөгжмийн зохиолчийн хувьд та хэний шавь бол?
-Гончигсумлаа багшид Гончигийн Бирваа багш маань дагуулж аваачиж шавь оруулсан. Манай үеийнхнээс эхнээсээ хойшоо явсаар би хамгийн сүүлд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд суралцахаар очсон доо. Уг нь 1977 онд хойшоо явчих байсан юм. Шалгалтаа өгчихөөд байж байсан чинь цэрэг татлагад ороод тэнцээд явчихдаг юм. Тэгэхдээ би сүүлд явахдаа бэлтгэл ангид суулгүй шууд үндсэн ангидаа орсон л доо. Ингээд найрал дууны удирдаачийн ангийг төгсөж ирсэн. Дөрөвдүгээр курстээ хөгжмийн зохиолчийн ангид орох гэсэн чинь багш маань дургүйцээд больсон юм.
-Таны анхны хөгжмийн бүтээл, дуунууд хэзээ олны түгээл болов?
-Багшийн сургууль төгсөхдөө би “Шанзны гоцлол” концерт биччихэж байлаа. Залуу байхад зоригтой байж. Юм мэддэггүй хүн чинь их зоригтой байдаг байхгүй юу. Тэгэхэд манай Шарав, Билэгжаргал нар чинь хөгжим бичих нь бараг сураггүй байсан байх аа. (Инээв. сур) Багшийн сургуулийн тавин жилийн ойн үзэсгэлэн дээр Нацагдорж багшийн “Хуучирын гоцлол”, миний “Шанзны гоцлол” хоёрын ноот байдаг байсан. Одоо би тэрийгээ олдог ч үгүй юм. Миний анхны олонд түгээл болсон дуу чинь “Ээжийн бүүвэйн дуу” юм уу даа.
-Ямар дуу байдаг билээ?
-Яруу найрагч Цамбын Зоригтсайхан агсны шүлгийг нь бичсэн дуу бий дээ. Чи бараг мэдэх л ёстой доо.
“Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу
Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу” гээд эхэлдэг.
Зүүн гар талаас С.Тараа. Хөгжмийн зохиолч нөхдийн хамт
-Аа, тийм. Их сайхан дуу шүү дээ. Дуучин Оюунтүлхүүр дуулдаг байх шүү?
-Анх Чулуунхүү гавьяатын охин Мөнхчулуун дуулсан юм шүү. Гончигсумлаа багштай хичээллэж байхад “Хараацай минь нисээрэй” гэсэн дуу бичиж байлаа. Гавьяат Эрдэнэбатын дуулдаг “Цасан дээрх танго”, “Эмчийн сэтгэл” гээд хэд хэдэн дуу бий. Харин би нийтийн дуу руу нэг их ороогүй хүн юм шүү. Яг одоо бол дууны үйлдвэрлэл явагдаад байна уу даа. Би далан дөрвөн оноос дуу бичсэн. Тоолоод үзвэл наяад л юм байгаа байх. Тэгэхэд ноднин уржнан л дуу бичиж эхэлсэн хүн гурван зуу, дөрвөн зуун дуу хийчихлээ гэх юм. Бүх дуу нь сонсоход адилхан л дуу байх юм. Гончигсумлаа гуайд гэхэд үсрээд тав, арван л аварга дуу байгаа байх аа. Одоо бол хүмүүс ичих булчирхай байхгүй болчихож дээ.
-Хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд хаана ажиллав?
-Наян зургаан онд төгсөж ирснийхээ дараа Германд мэргэжил дээшлүүллээ. Ирээд “Варьетте” чуулгыг байгуулан ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан даа. Ингэж хөгжим бичих ажил толгой дээр буулаа даа. “Варьетте” чинь хотын имижийг харуулсан их сайхан чуулга байлаа шүү дээ. Одооны энэ “Улаанбаатар” чуулгыг ямар хотын чуулга гэх юм бэ. Хөдөөний чуулгуудтай л адил ардын дуугаар дагнасан шахуу чуулга байгаа биз дээ. Хотын дарга Мөнхжаргал гуай чинь Франц, Италигүй явж юм үзэж нүд тайлсан хүн болохоор өрнийн тэр гайхамшигт чуулгуудыг мэддэг л хүн байсан байхгүй юу. Тэр хүний захирамжаар анх байгуулагдсан юм. Бид тэр үед Соёлын төв өргөөнд дандаа гадаадынханд ёстой нэг орой болгон тоглож байлаа даа. Дуучин Оюунчимэг, Эрдэнэцэцэг эд жинхэнэ мандаж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгссөн хөгжимчдийг авчихсан, Дарханд ангиараа очсон бүжигчдийг татчихсан, анхны эстрад найрал хөгжим дуугарч байсан сайн хамт олон байсан даа. Симфони-жааз оркестртой. Энд ажиллаж байтал 1995 оны үед байрыг нь өмч хувьчлалаар булааж авснаар энэ сайхан чуулга бутарсан юм шүү. Энд байхдаа би бүжгийн хөгжим, жүжгийн хөгжмүүд, жааз оркестрт зориулсан аяз олныг бичсэн дээ.
-Та Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад олон жил ажилласан санагдах юм?
-Цэргийн чуулгын оркестр солигдож байх үед шар Даваа маань намайг ирж ажиллаач гэж урьсан. Тэрнээс хойш би энд арван долоон жил ажилласан байна лээ шүү дээ. Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч гээд хийгээгүй ажил байхгүй дээ. Энд очоод би Цэргийн чуулга бол зөвхөн цэргийн жагсаалын дуунаас гадна утга-уянгын уран бүтээлтэй байх ёстой гэж их олон уран бүтээлээ зориулсан. Цэргүүд эх орны дуунаас гадна эцэг эх, янаг амрагийн тухай дуу дуулах ёстой биз дээ. “Жаахан цэрэг өндөр болно. Жаварт даарахгүй өлчир болно” ч юм уу, “Цэрэг бүсгүй” энэ тэр гэсэн стиль имижийн өөр жааз маягийн дуунууд хийж байлаа.
-Таныг олон киноны хөгжим бичсэн гэдэг юм билээ?
-Уран сайхны арван зургаан киноны хөгжим бичсэн юм билээ. “Жин дунгуй”-гаас эхлээд “Миний охин ээждээ ир”, “Сүүгээр амилсан хорвоо” гээд нэлээд хэдэн юм байна аа. Хамгийн сүүлд “Худгийн мисс” гэдэг кино зурагтаар гараад л байна лээ. Дарханы Ганбаатар найруулагч, том Биндэр нартай олон кинон дээр ажилласан.
-Монголын анхны рок дуурь тайзнаа амилуулсныг чинь мэдэх юм байна?
-Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан” рок дуурийг бичсэн. Монголд анхных нь рок дуурь байсан нь үнэн л юм чинь. Нарийндаа 2006 онд Монголд олигтой хийсэн уран бүтээл байгаагүй шүү дээ. Америкаас, дэлхийн олон орноос урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн үзээд шагшиж л байсан. Ах нь тэр үед мандаж байлаа ш дээ. Дэлхийн том хэвлэлүүдэд яриа өгөөд л. Тэр рок дуурь маань оны шилдэг уран бүтээлээр шалгарч л байлаа. Би сүүлийн үед нэг юманд их харамсаад байгаа.
-За юунд тэгтлээ харамсах болов?
-“Чингис хаан” рок дуурь тавиад ЦДБЭЧ-аас гарах минь яалаа гэж. Удирдаач хийхээр чинь өөрийн уран бүтээлээ үндсэндээ хаячихдаг байхгүй. Тэгсэн бол би чөлөөтэй олон сайхан уран бүтээл хийх байж. Цэргийн чуулгаас гараад дөрөв таван жилийн дотор оркестрт зориулсан “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”-оо бичлээ. “Морин хуурын квартет”, нутагтаа зориулж “Алтай” симфони найраглал бичлээ. Хийл, виоленчели, төгөлдөрийн гурвал концертоо хийж байна. Одоо хамгийн гол нь тоглуулах хэрэгтэй байна. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Дашдондовын цомнолоор “Цогт тайж” дуурь бичлээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрт тавиулах санал тавьсан. Хоёрын хооронд юм хийчихсэн шалдан банди ч би биш дээ. Жаахан шударгадуу хүн ч тэгээд хохирч л явдаг хорвоо юм шив дээ.
-Таныг аль эрт гавьяатаа авчихсан хөгжмийн зохиолч гэж мэргэжлийнхэн чинь ярих юм билээ. Хөшигний ард нуугдаад байдаг их даруухан амьтан юм биш үү, та?
-2002 онд “Маргааш гавьяатыг чинь гардуулна” гээд Баасанхүү генерал надад хэлсэн юм. Тэгсэн л маргааш нь өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Төрийн шагнал чинь бас зовлонтой юм байна шүү дээ. Хаа газар ченжүүд бий болчихсон. (гашуунаар мушийв. сур) Үнэхээр авах цаг нь болчихсон хүн төрдөө шагнуулж байхад баяр хүрдэг юм шүү. Бүүр өмнөөс нь баяр хүрээд ганц нэг хундага татмаар санагдана. Үнэхээр нэг сонин нөхөр авчихвал бас татмаар санагдана. Юм чинь их сонин шүү дээ. Би яахав дунд үеийн л нэг хөгжмийн зохиолч. Тэрнээс алдар суутай элдэв хүн рүү яваад байдаг нэгэн биш шүү дээ. Сүүлийн үед сонсголоороо явдаг баарны хөгжимчин, дуучид л төрийн шагнал авдаг боллоо. Филармонид арав, хорь, гучин жил ажилласан мэргэжлийн гайхамшигтай хөгжимчид шагнал авч байна гэж сонссон уу. Мэргэжлийн хөгжим, сонирхогчдын урлаг хоёрыг төр ялгаатай харах цаг нь уг нь болсон л баймаар. Соёлын яамнаас л шалгалт хийчихэд болоо шүү дээ. Монголд тэгээд хөгжмийн боловсролтой хүн улам цөөрөөд байна л даа. Намайг залуу байхад аливаа чуулгын удирдлагад гавьяат цолтой хүн байдаггүй байлаа. Жүжигчид, дуучид нь цол авдаг байлаа. Одоо тэгсэн нэг нөхөр аль нэг урлагийн байгууллагад даргаар очлоо гэхэд уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл дээр хувийн тоглолт хийгээд л өөрийгөө гавьяатад тодорхойлоод энгэртээ тэмдэг зүүдэг болчихсон шүү дээ.
-Урлагийнхны гэр бүл гэж хазайхад түшиг, халтирахад таяг мундаг хана хэрэм болсон улс байдаг даа?
-Миний хань Бяруузаны Мөнхцэцэг гэж Монгол Улсын мастер эсгүүрчин хүн бий. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Сайн хүнтэй сууна гэдэг шар тэмдэг авахаас илүү эр хүний хамгийн том аз юм шүү.