Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1, 22.4-2.4, Эрүүгийн хуулийн 268.1, 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэлсэн.
Гэвч шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан талаар хүсэлт ирүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгдэгч нарыг өмгөөлөх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулахаар тогтжээ.
Шүүхээс: өмгөөлөгч П.Одонтунгалаг, А.Золжаргал нарыг Зөрчлийн хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-д /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасны дагуу тус бүрийг 300.000 төгрөгөөр торгож, шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлолоо.