Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Салхит”-ын тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах биш, татраах шалтаг болчихов уу?

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэд хоногийн өмнө Салхитын орд дээр болсон тусгай ажиллагагааг удирдав. Мань эр уг нь Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах үндэсний зөвлөлийн дарга. Ийм алба давхар хашдаг засгийн өндөр албан тушаалтан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн нэр дээр байдаг орд руу цэрэг удирдан халдсан нь лав л зөв алхам биш. Цаана нь ямар ч шалтгаан үүссэн, бугшсан байж болно. Гэхдээ Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа наад өнгөндөө, бүр тодруулж хэлбэл гадна ертөнцөд яаж харагдсан бол. Хуулиа мөрдүүлэхийн төлөө зориг гаргасан төрийн өндөр албан тушаалтны дүрээр харагдсан гэвэл хэтэрхий гэнэн тайлбар болно. “Салхит”-ын ордын цаана хууль зөрчсөн, авлига хээл хахууль цутгаж Монголын цагдаа хүчнийхнийг талцуулсан, хөрөнгө оруулагчид нь маргалдсан гэх мэт өчнөөн шалтаг, шалтгаан бийг үгүйсгэхгүй. Буруутай этгээдийг шийтгэх, хариуцлага ногдуулах нь хуулийн дор амьдардаг ардчилсан нийгэмд байх учиртай, байхаас аргагүй зүйл. Гэхдээ энэ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалдаг засагт данстай зөвлөлийг удирддаг түшмэл нь жанжны дүр эсгэж удирдах хэрэг байхгүй. Шуудхан хэлэхэд хуультай, шүүхтэй, шүүхийн шийдвэрийг нь гүйцэтгэдэг тусгай газартай улсад Г.Занданшатарын “баатарлаг драм” илүүдчихлээ. Илүүдэхээр барахгүй, Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалттгүй шахам байгаа Монгол улсад хатуудсан тоглоом болоод байна.

Ядаж байхад яр гэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажилчдыг элгээр нь харуулж хэвтүүлж байгаад төрийн төмөр нүүрийг харуулсан ажиллагааны удирдагч нь гадны мөнгөтэй эрхмүүдэд хэзээнээсээ нэргүй нөхөр. Цагтаа эдийн засгийн өсөлт нь 17 хувиар хэмжигдэж, “Файнаншл таймс”-ийн нийтлэлд дараагийн БРИКС болох М3-т багтах улсын нэг гэж онцлогдож байсан Монголоос гадны хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэсэн анхны хууль 2012 оны хавар батлагдаж байв. Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах гэсэн хаягтай тэр хуулийн автор нь өнөөгийн ЗГХЭГ-ын дарга. Г.Занданшатарын санаачилж гардан байж батлуулсан тэр хуулийн балгаар эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтаар цангаж элгээрээ хэвтсэн нь Монгол улсын хувьд гашуун түүх болж үлдсэн. Ийм балагтай хуулийн автор гэдгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдад танигдсан Г.Занданшатар Засгийн газрыг төлөөлж, гадаадын хөрөнгө оруулалттай компани руу буу шийдэм, цэрэг хүчтэй дайрсан нь яав ч таатай харагдах дүр зураг биш.

Төр засаг зүгээс энэ ажиллагааг зөвтгөж тайлбарлахдаа ч гадаад ертөнцөд аятай харагдсангүй. “Монголын баялгийг цөөхөн нь цөлмөөд дууслаа. Цөөхөн нь баяжиж таарахгүй. Баялгийг шударга хуваарилах ёстой. Цаашид ч ийм тэнцвэргүй байдлыг арилгахын төлөө төр хүч хэрэглэн төмөр нүүрээ харуулна” гэх ухааны яриа хөөрөө, тайлбар хөвөрлөө. Шууд ингэж хэлээгүй ч илт тэгж ойлгогдохоор сүржин мэдэгдэл, байр суурь засаг зүгээс дуулдав. Хувийн хөрөнгийг хураах, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, бизнесүүдийг төр мэдэлдээ авах гэх мэт зах зээлийн жамаас гажсан хандлага, авир гаргасан улсын эдийн засаг элгээрээ хэвтсээр өнөөг хүрсэнийг хүн төрөлхтний төдийгөөс өдий хүртэлх түүхээс түвэггүй харчихаж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Венесуэл байна. Инфляци нь төсөөлөхөд бэрх олон тэгтэй тоогоор хэмжигдсэн энэ улс уг нь газрын тосны баялаг нөөцтэй. Эдийн засгийн өсөлт нь дэлхийд гэж яригдаж явсан сайхан үе байсан ч өнөөдөр хэцүүхэн зурагтай аж төрж буй. Шалтгаан нь бүхнийг төрд авах гэж улайрсан, гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн, хувийн хөрөнгийг адалсан төрийн удирдагчтай нь холбоотой гэдгийг цэнхэр гариг даяараа мэддэг болчихлоо. Монголын төр үүнтэй төстэй авир, хандлага гаргаад эхлэв үү гэж хардахаар өнцөг, сэжүүрийг “Салхит”-ад сая болсон үйл явдал гаргаад өгчихлөө.

Мэдээж төр засгийн өндөрлөгийн түвшинд их л ярьж зөвлөлдөж байж “Салхит”-ын ажиллагааг эхлүүлсэн байх. Гэхдээ л наад өнгөндөө, гадаад ертөнцөд ингээд харагдчих шиг болох юм. Улсынхаа дотоод уур амьсгалыг мэдэрч яваа сэтгүүлчдийн хувьд хардах бас нэг өнцөг байна. Дээр, шаргал ордонд сөргөлдөж байгаа хоёр талын нэгнээ буулгаж авахын төлөө дэглэсэн жүжгийн үзэгдэл гэж харахаас аргагүй байна л даа. У.Хүрэлсүх, М.Энхболд тэргүүтнүүд талцаад төрөө самарч дуусч буйг бид бэлхнээ харж сууна. Яг нарийндаа Салхитын лицензийг хятадуудад зарсан хүнийг М.Энхболдын уяач гэж харагдуулахад хамаг учир байна гэчихэд хэтрүүлсэн хардлага болохгүй. Түүнээс биш лицензийн наймаа хаа сайгүй гэдгийг дээр дооргүй мэддэг. Өчнөөн жил явсаар ирсэн наймаа. Тэгтлээ гайхаж цочоод сүр зарлахаар асуудал хэтээсээ биш. Магадгүй энэ удаагийн лицензийн наймааг туг бариад эсэргүүцэж яваа талын нөхөд дунд ийм наймаанд оролцсон, ийм наймаагаар мөнгөжсөн хүмүүс байж ч мэднэ. Эрх мэдэлд ойрхон улс дажгүй нөөцтэй байж мэдэх газарт лиценз авч, өнөөхөө ахиу үнээр зардаг нь үзэгдэл болчихсон учраас үгүйсгэх аргагүй хардлага. Гагцхүү энэ удаагийн сүржигнэлийн бай нь сөргөлдөгч талын нэг учраас тусгай ажиллагаандаа тулчих шиг боллоо.

Товчхондоо Г.Занданшатарын удирдсан тусгай ажиллагаа гадаадын хөрөнгө оруулагчдад эвгүй дохио өгөн барин хийх ажиллагаа мөн байв уу? Эдийн засагт тийм ч таатай биш статистикууд голлосон ийм цагт ингэж “амиа хорлон”, золиос гарган хийх ажиллагаа байгаагүй гэчихэд үнэнээс зөрөхгүй. Монгол улс УУХҮЯ, АМГТХЭГ, ҮТЕГ, МХЕГ, ШШГЕГ-тай. Энэ газруудад “Салхит”-д үүссэн асуудлыг шийдчих хуулийн мэдэл, боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Хуулийн дагуу асуудлыг шийдээд явах гарц гаргалгаа байсаар атал эдийн засагт халтай ийм сүржигнэл хийх шаардлага ер нь байв уу. Үйлдвэрлэл хөгжөөгүй манайх шиг улсад эдийн засгийн тэтгэх том хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалт. Тэр дундаа эдийн засгаараа хараат гэж хэлж болох урд хөршийн хөрөнгө оруулагчдад илт дайсагнасан хандлага гаргах нь тийм ч оносон алхам биш. Урд хөршийн тухайд манай улсыг шахаад сурчихсан, эвгүйхэн ааш аяг гаргахад хэр хэмжээний нөлөөтэйгөө хилээ хаах төдийгөөр харуулчихдаг улс. Саяхан гэхэд л нүүрс гардаг гарцаа хаах төдийд дээр дооргүй яаж бужигналаа. Эцсийн дүндээ энэ бүхнээс үүдэж гарах хохирлыг сөргөлдөгч хоёр тал буюу У.Хүрэлсүх, М.Энхболд үүрэхгүй. Энгийн иргэд л төлөөс, хохирлыг нь үүрдэг. Гадаадын хөрөнгө оруулалт татрах хэрээр долларын ханш хаданд гарна, долларын ханш өндрөө авах тусам төгрөг үнэгүйддэг. Энгийн иргэд хохирдог гээд байгаа нь цаанаа ийм учиртай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *