Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Салбарын нийт ажилчдын цалинг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэв

Цахим наадмыг нэг жилээр хойшлуулахыг эсэргүүцсэн уяачид төв талбайд морьтойгоо жагссан. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төв талбайд жагсаж байна.

Тэдний төлөөлөл болох Эрүүл мэндийн ажилтны байр суурийг сонслоо.


Тэрбээр “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтны төлөөлөл төв талбайд жагсаж байна. Хэдий цөөн хүн байгаа ч мянга мянган ажилтнуудын төлөөлөл юм. Бид халдвар хамгааллын дэглэмээ барьж байгаа. Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Засгийн газарт эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тухай шаардлага хүргүүлсэн. Долдугаар сарын 1-н буюу өчигдөр албан ёсны хариу, тайлбар ирэх ёстой байсан. Гэтэл нэг ч байгууллагаас хариу ирүүлээгүй. Иймд бид шаардлагынхаа хариуг нэхэж байна. Манай салбарын эмч, ажилчид цар тахлын үед хоёр жил гаруй хугацаанд өдөр шөнөгүй, шахуу цагаар цөхөртлөө ажиллаж байна. Төр, засгийн бодлого шийдвэрийг бид өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн. Халдварын тархалт цар хүрээгээ тэлж, өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын ажилчид олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орж байна.

Манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Үүнийгээ төлж чадахгүй, өвдсөн ажилчид эм тангаа ч авч чадахгүй хүнд байдалд хүрээд байна

Манай ажилчид дэлхийн түвшинд нийцэхүйц эмчилгээ, ур чадвар гаргаж чадаж байгаа. Гэтэл гадаадын орнуудын эм, ажилчдын цалинтай харьцуулбал бид 8-10 дахин бага цалин авч байна. Бид нэг удаагийн тэтгэмж, дэмжлэг хүсээгүй. Хийсэн ажлынхаа хөлсийг шударгаар үнэлүүлэхийн тулд жагсаж байна.

Засгийн газраас эрүүл мэндийн салбарын нийт 56 мянган ажилчдын 13 мянгыг халдварын улаан бүсэд ажиллаж байгаа гэж үзэн илүү цагийн мөнгө зэргийг олгож байгаа боловч улсын хэмжээнд бүх эмнэлэг “Ковид”-ын тасагтай болоод байна. Тэд ч мөн улаан бүсэд ажиллаж байгаа. Тиймээс салбарын нийт ажилчдын цалин хөлсийг шударгаар үнэлэх хэрэгтэй” гэв.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *