Сайншандын салхин цахилгаан станц гадаадын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдээс 120 сая ам.долларын санхүүжилтийн багц хүлээн авахаар болов. Энэ нь Монголын хувийн хөрөнгө оруулалт бүхий гурав дахь салхин цахилгаан станц юм.
Тус станцын төслийг хэрэгжүүлэгч Сайншанд Салхин Парк ХХК нь дээрх хөрөнгө оруулалтыг Францын эрчим хүчний салбарын тэргүүлэгч болох ENGIE, Германы төсөл хөгжүүлэгч Ferrostaal, Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан (DCIF) болон үүсгэн байгуулагч Р.Даваанямын дэмжлэгтэйгээр Европын хөрөнгө оруулалтын банк (EIB) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас (EBRD) авахаар болжээ.
Төслийн санхүүжилтээс 47 сая ам.долларыг EIB-наас гаргаж, үүний нэг хэсэг санхүүжилтийг EKF, Данийн Экспорт Хөгжлийн Агентлагаас батлан дааж, NORD/LB банк зуучлагчаар оролцож үлдсэн 31,5 сая ам.долларыг EBRD-наас гаргаж байна.
Салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор Монгол дахь нүүрсхүчлийн хийн ялгаралыг багасгаж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад томоохон хувь нэмэр оруулах юм. Уг төсөл нь Монголын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй суурилагдсан хүчин чадлыг 2020 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх Засгийн газрын зорилтод нийцэх юм.
Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 460 км-т орших тус салхин цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр Чайна машинери инженеринг корпорейшин (CMEC) ажиллах бөгөөд 25 Вэстас V110 2.2 MBт турбин суурилуулах юм. Барилга угсралтын ажлыг 2018 оны хоёрдугаарт хагаст бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сайншандын салхин цахилгаан станцад 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд талууд гарын үсэг зурсан юм. Энэ үеэр хэн юу хэлсэн талаар та бүхэнд хүргэе. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (EBRD) Эрчим хүч, байгалийн нөөцийн асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Нандита Паршад “2009 онд Монголын хамгийн анхны салхин цахилгаан станцад хөрөнгө оруулсанаас эхлээд, EBRD нь Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг тууштай дэмжигч байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл хэрэгжсэн бүхий л салхины эрчим хүчний төсөлд бодлогын зөвлөмж, техникийн туслалцаа болон санхүүжилтыг хангасаар байна. Сайншандын төсөл бол бидний хөрөнгө оруулсан Монгол дахь гуравдахь салхин цахилгаан станцын төсөл бөгөөд би энэхүү ирээдүйтэй салбарт шинэ хөрөнгө оруулагчидтай уулзахдаа туйлын таатай байх болно” гэв.
Европын хөрөнгө оруулалтын банкны (EIB) дэд ерөнхийлөгч Жонаттан Тэйлор “Европын хөрөнгө оруулалтын банк нь Азид уур амьсгалын холбогдолтой хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн бөгөөд нүүрсний хэрэглээнээс татгалзахад шинэ хувилбарыг санал болгож буй салхин цахилгаан станцын Монгол дахь хөгжлийг дэмжихдээ таатай байна. Сайншандын салхин цахилгаан станц нь дэлхийн хэмжээний технологийг ашиглах төдийгүй салхин эрчим хүчийг эрс тэс уур амьсгал бүхий алслагдсан бүс нутагт амжилттай ашиглаж болохыг харуулах болно” гэсэн юм.
Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут ярихдаа “Монгол болон Европын холбоо нь Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрийг үзэглэсэн. Шинээр баригдаж буй Сайншандын салхин цахилгаан станц нь сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан нүүрсхүчлийн хийн ялгаралыг бууруулахад Европ, Монголын нягт хамтын ажиллагааг бүрдүүлж байна. Европын санхүү, техникийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг давах туулахад говь цөлийн салхины эрчим хүчийг ашиглах тал дээр Монголын түншүүдтэй нягт хамтран ажиллах замаар хамтын санаачлагыг хэрэгжүүлж байна” гэлээ.
Данийн Экспорт хөгжлийн агентлагийн дэд гүйцэтгэх захирал Кристиан Олгаард “Монгол шиг улс оронд хувийн салхин цахилгаан станц байгуулах нь маш түвэгтэй асуудал билээ. Санхүүгийн олон түншүүдийн нягт хамтын ажиллагааг хангах болон тухайн улс орон болон төсөлд тулгарч болох онцгой эрсдэлүүдийг даван туулах чадавхийг бий болгоход туйлын хүндрэлтэй. Европын хөрөнгө оруулалтын банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тусламжтайгаар уг төслийг санхүүжүүлэх боломжтой болсондоо туйлын баяртай байна” гэжээ.
Хөгжиж Буй Орнуудын Хөрөнгө Оруулалтын Сангийн (IFU) Гүйцэтгэх Захирал Томми Томсэн “Бидний Сайншандын салхин цахилгаан станцад оруулж буй хөрөнгө оруулалт нь хөгжиж буй орнууд болон шинээр бий болж буй зах зээлүүд дэх уур амьсгалд-ээлтэй төслүүдэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Данийн уур амьсгалын-холбогдолтой технологиудыг хэрэглээг дэмжих зорилттойгоор ажилладаг Данийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн зорилтуудтай бүрэн нийцэж байна. Сайншандын төсөлд Данид үйлдвэрлэгдсэн салхин турбинуудыг ханган нийлүүлэхээр болоод байна. Бид Монгол Улсыг ногоон эрчим хүчний хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд туслах энэхүү томоохон хэмжээний төсөлд оролцож буйдаа туйлын баяртай байна” гэжээ.
Монголын Худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн Сэргээгдэх эрчим хүчний зөвлөлийн тэргүүн бөгөөд Сайншанд Салхин парк ХХК-ийн захирал Р. Давааням “Арван жилийн турш үргэлжилсэн төслийн төлөвлөлт, хэлэлцээрийн үе шат өнгөрч, Сайншандын салхин цахилгаан станцын барилгын ажил эхлэх болсонд туйлын баяртай байна. Уг станц ашиглалтанд орсноор дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж ялангуяа Улаанбаатар- Дорноговь чиглэлийн эрчим хүчний ханган нийлүүлэлтийн чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах болно. Төслийн түншүүд болох ЭНЖИЭ болон Ferrostaal нь уг төслийн үндэс суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Дорноговь аймгийн удирдлагууд уг төслийг дэмжиж ирсэн” хэмээн онцоллоо.