Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайншандад Энэтхэгийн зээлээр баригдах нефтийн үйлдвэрийн хөрөнгө шийдэгдсэн үү?

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавих болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнгөрсөн зургадугаар сарын 22-нд болсон. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөжлийн сайд, Ж.Бат-Эрдэнэ,УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Ражна Сингх, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин зэрэг албаны хүмүүс болон лам хувраг ч байлцсан. Энэ үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих мэдээ бий. Ийнхүү нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэлсэн юм. Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох тооцоо байдаг. Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлын ТЭЗҮ болон судалгааны ажлыг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны есдүгээр сард эхлүүлсэн. Улмаар 2022 онд ашиглалтад бүрэн хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Харин УУХҮ-ийн сайд Сумъяабазар мэдээлэхдээ “Есдүгээр сард эцсийн шийд гаргахаар Энэтхэгийн төлөөлөгчид ирнэ” гэж хэлсэн нь сонирхол татлаа. Олон нийтэд тарсан мэдээллээр бол энэтхэгчүүд манайд нефть байгуулах зориулалтаар нэг тэрбум ам долларын зээл олгож байгаа. Энэтхэгчүүдийн ярьснаар бол манай тал хэр амлалтаа биелүүлэхээс шалтгаална гэдэг.

Гэвч ямар үйлдвэр барих талаар мэдээлэл тун хомс байна. Саяхан албаны эх сурвалж манай сонинд ирүүлсэн тус үйлдвэрийн талаарх мэдээллийг хүргэж байна. Тус үйлдвэр Сайншанд хотоос зүүн хойш 22 км-т Алтанширээ сумын нутагт баригдана. Үйлдвэр барих бэлтгэл ажлын хамгийн чухал хэсэгт дэд бүтцийн байгууламжийг барих ажил тооцогдож байна. Энэ нь үйлдвэрийг барихад усан болон цахилгаан хангамж, авто болон төмөр зам шаардлагатай юм. Дээрх үйлдвэрт зориулж Алтанширээ суманд 150 га газар олгожээ. Дэд бүтцийг барих ажлыг БХЯ, ЗТХЯ, ЭХЯ хариуцна. Засгийн газрын зүгээс дэд бүтэц барих ажлыг энэ оны зургадугаар сарын 3-наас эхлүүлжээ. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд Сайншандын төмөр замтай үйлдвэрийг холбох 27 км төмөр зам, 18 км цахилгааны 110 кв-ын агаарын шугам, дэд станц, 16 км авто зам барих ажлууд хийгдэнэ. Эдгээр ажлуудыг ирэх оны дөрөвдүгээр улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тус үйлдвэрийг барихад усан хангамж шийдэгдээгүй эсвэл байгаль орчинд сөрөг нөлөө учруулах тухай мэдээлэл гарсан. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол Дорноговьд хийсэн судалгааны дүнгээр Бор хөөврийн газар доорх гүний уснаас жилд 10-15 сая куб метр ус хэрэглэнэ. Хэрэглэсэн усныхаа 70 хувийг дахин ашиглана. Үүнийг боломжтой гэж БОНХЯ баталгаажуулсан аж. Төслийн “Байгаль орчны төлөв байдлын болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-г “Эко планет” компани хийж энэ оны нэгдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгчээ.

Энэ үйлдвэр нь жилд 1.5 сая түүхий нефть боловсруулах хүчин чадалтай. Түүхий нефть Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар дамжин 560 км замыг туулан Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдсан үйлдвэрт ирнэ. Түүхий нефьтийг тээвэрлэх хэрэгсэл нь Орос, Хятадын хооронд барьж байгаатай адил ган хоолой юм.

Үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг Засгийн газрын зүгээс 2017 оны IV улиралд эхлүүлж 2018 оны зургадугаар сард Энэтхэгийн талд шилжүүлэн өгчээ. Энэтхэгийн “Инженерс Индиа лимитед” нэртэй төрийн өмчийн зөвлөх компани нарийвчилсан ТЭЗҮ хийснээр дээрх үйлдвэр Энэтхэг Монголын хооронд тохирсон нэг тэрбум ам долларт багтахгүй гэдэг дүгнэлт гарч. Харин Монголын талаас үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолойн технологийг сонгох, эдийн засгийн тооцоог олон улсын жишигт нийцүүлэх шаардлагыг хүргүүлсэн байна. Хэдийгээр Энэтхэгийн тал давтан тооцоо хийсэн боловч үйлдвэр, түүхий нефть дамжуулах хоолойн үнэлгээг бусад технологитой харьцуулаагүй, хөрөнгө оруулалтын зардлыг дорвитой бууруулаагүй аж.

Үүний улмаас дээрх асуудлаар УУХҮЯ, СЯ, ГХЯ болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн төлөөлөгчид Энэтхэгт айлчилж Энэтхэгийн ГХЯ “Экспорт импорт банк”, ТЭЗҮ хийсэн “Инженерс Индиа лимитед” зөвлөх компанийн төлөөлөгчидтэй уулзжээ.

Уулзалтаар үйлдвэрийг Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл болох нэг тэрбум ам долларт багтаахаар тохиролцсон байна. Гэвч уулзалтаар тохирсон асуудалд зургадугаар сарын 22–нд Энэтхэгийн тал хариу ирүүлсэн ч тооцоо нь Монголын талын хүсэлд бас л нийцсэнгүй. Тиймээс Монголын тал өмнө уулзсан талуудтай дахин уулзалт хийх хүсэлтийг долдугаар сарын 22-нд хүргүүлж. Асуудал үүсгээд байгаа түүхий нефть дамжуулах хоолойн хувьд манай улстай ижил нөхцөлтэй ОХУ, БНХАУ-д хэрэглэж байгаа уламжлалт технологийг судлах ажлыг эрчимжүүлж, үүнд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн боломжит эх үүсвэрийг тодорхойлох шаардлагатай болж байна. Стратегийн ач холбогдолтой энэ үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улсыг түлш, шатахуунаар хангана. Цаашдаа аж үйлдвэрийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нефть-химийн үйлдвэрийн суурь бий болно. Жилд 1.5 сая тн ямар ч түүхий нефьтийг боловсруулах энэ үйлдвэрийг Засгийн газар 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дээрх мэдээлэл бол АМГТГ-аас өгсөн албан ёсны мэдээлэл. Мэдээллээс харвал нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн талаас үзүүлэх нэн хөнгөлөлттэй нэг тэрбум ам долларын зээлд багтааж барихаар хоёр тал тохиролцсон нь харагдана. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар үйлдвэрийн байршил нь Энэтхэгийн зээлд багтах боломжийг үгүйсгэж байгаа аж. Үйлдвэрийг нэг тэрбум долларт багтааж барих боломжтой ч түүхий нефть дамжуулах хоолой багаар тооцоход 1.2 тэрбум доллараар босно. Энэ мөнгийг Энэтхэгийн тал гаргах тухай ямар ч мэдээлэл байхгүй. Дээр нь үйлдвэрийг нэг тэрбум долларт багтааж байгуулах хоёр талын тохиролцоонд ч мэргэжилтнүүд эргэлзэж байсан юм. Ийм хэмжээний хүчин чадалтай, орчин үеийн технологийн нефть боловсруулах үйлдвэр байгуулахад багаар тооцоход 1.6 тэрбум ам. доллар шаардлагатай гэнэ. Мөн усны асуудал эцсийн байдлаар шийдэгдсэн гэхэд мэргэжилтнүүд итгэхгүй байгаа аж. Учир нь өмнөх албаны эх сурвалжууд Улаан нуур, Сайн усны говь, Хэрлэн голоос ус татах тухай мэдээлж байсан боловч эцсийн бүлэгт Засгийн газар Бор хөөвөр хэмээх газрын гүний ус ашиглах шийдвэрт хүрсэн байна. Энэ нь байгаль орчинд хөнөөлгүй гэдгийг өнөөг хүртэл Засгийн газрын бүтцийн байгууллагаас өөр хэн ч батлаагүй гэнэ. Зүй нь хөндлөнгийн тэр тусмаа олон улсын мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах ёстой аж. Эндээс харвал манай зүгээс хэдэн тэрбум төгрөг гаргаж, дэд бүтцийг л шийдэх боломжтой. Бусад асуудлууд маргаантай байгаа нь харагдана. Хөрөнгө оруулалтын хувьд хаанаа ч хүрэлцэхгүй. Хамгийн гол аюул нь хоёр тал хэд дахин уулзалдаад өнөөг хүртэл хийн хоолойн технологийн асуудалд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл үйлдвэрийн тухай ярих боломжтой болно. Эс шийдэгдсэн тохиолдолд үйлдвэр эхлэх нь осолтой асуудал болж хувирах гэнэ. Гэхдээ дээрх асуудал удахгүй ирэх Энэтхэгийн төлөөлөгчид буюу УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хэлснээр шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд Энэтхэгээс ирснээр нэг тийш болох магадлалтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *