Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингисийн талбай”-д боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нарын хүмүүс оролцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн банк хамтран зохион байгуулах энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр иргэдэд зээл олгох юм байна. Уг зээл нь таван жилийн хугацаатай 10 сая хүртэлх төгрөгийн зээл байх ажээ. Түүнчлэн иргэдийн амьжиргааны чадварт нийцүүлэх үүднээс сард төлөх мөнгөн дүн 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан байхаар зохицуулна гэж албаныхан хэлж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69,200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээв.
Эл хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм байна. Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр “Роял Кинг” констракшн, “Баярс” констракшн, “Азийн Зөн” ХХК, МЗЭ ХХК, “Тот Ком Сервис”, “Ану Сервис”, Төрийн банк зэрэг нийт 31 компани, аж ахуйн нэгж ажиллах юм байна.
Иргэн “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар:
- Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэх
- Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурах
- Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгох
- Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх тухай Нийслэлийн удирдлагууд хэлэв.