Categories
мэдээ нийгэм

Сайн хань, ээж, аав байх талаар уулзалт, ярилцлага зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвээр сургалт, уулзалтыг хамтран зохион байгуулах ба нөгөө талаас хүүхэд багачуудыг цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэхэд хамтран ажиллах юм.

Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар “Хуурай замын цэргийн командлал хэмээх том байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байна. Залуус байгаа газар гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн хүмүүжил, хариуцлагатай ээж аав байх тухай сэдэв дагаж байдаг учир энэ чиглэлд хамтран ажиллана. Бид зэвсэгт хүчин рүү чиглэсэн тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөлөл, хөгжлийн асуудлыг нийслэл, дүүрэг, аймаг орон нутаг дахь салбар байгууллагаараа дамжуулан цогцоор нь авч явна. Хамтын ажиллагаа амжилттай үргэлжилвэл төрийн цэргийн болон хүчний байгууллагатай ч хамтрах боломжтой тул энэ санамж бичиг цаашид олон ажлын эхлэл болно” хэмээгээд үндэсний хэмжээний энэ үйл ажиллагааг төрийн бодлогоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих боломжтой гэлээ.

Мөн Бригадын генерал Б.Амгаланбаатар “Зэвсэгт хүчин тэр дундаа Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний дийлэнх нь залуус байдаг. Тэднийг зөвхөн цэргийн албаар хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд анхаарч ирсэн. Цаашдаа хувь хүний суурь хүмүүжил, сэтгэл зүйн төлөвшил, нийгмийн талд нь анхаарч ажиллах шаардлага бий. Иймд мэргэжлийн байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Бид албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэх үүрэг, хариуцлагаас гадна нийгэмд идэвхтэй, зөвөөр үлгэрлэсэн залуус байх, сайн хань, ээж, аав байх талаас нь уулзалт, ярилцлага тасралтгүй зохион байгуулна” гэв.

Гарын үсэг зурсны дараа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *