УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж асуулга тавьж, хариуг нь авчээ. Ерөнхий сайдаас илгээсэн хариунд гэр хороололд тараасан сайжруулсан зуухтай холбоотой сонирхолтой тоо байна. 2011-2016 оны хооронд олон улсын төслүүдтэй хамтарч нийт 175,6 мянган сайжруулсан зуух тараажээ. Нийслэлийн гэр хорооллын нийт өрхийн 97,6 хувь нь ийм зуухтай болсон юм байна.
“Сайжруулсан зуух төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гадаад орчны агаар дахь зуухнаас ялгарч байгаа жижиг ширхэглэлт тоосонцор болох PM 2.5-ийг 30 хувиар бууруулсан” гэж Ерөнхий сайд дүгнэжээ.
“Цэвэр агаар” сангийн мөнгө юунд зарцуулагдаж, хэдий хэрийн хөрөнгө гаргасныг хүмүүс сонирхдог. Тэгвэл 2015-2016 оны хооронд 47,8 сая долларыг зургаан донор байгууллага болох Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Мянганы сорилтын сангаас агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байна. Үүний дүнд Улаанбаатар хотын агаарын чанар тэр дундаа PM 2,5 тоосонцорын хэмжээ буурсан үзүүлэлттэй гарсан гэжээ.
Хэдийг, юунд зарцуулсан бэ?
-Мянганы сорилын сангийн Цэвэр агаар төсөл, Цэвэр агаарын сан, Дэлхийн банкны Улаанбаатар Цэвэр агаар төслийн дэмжлэгтэйгээр 2011-2014 оны хооронд нийт 158,659 ширхэг сайжруулсан зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхэд 68 тэрбум,
-20,7 мянган ширхэг гэрийн эсгий дулаалга,
-5,1 мянган ширхэг гэрийн үүдний гонх,
– 98 ширхэг эрчим хүчний хэмнэлттэй сууц олгож, нийт 12 тэрбум төгрөг,
-Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айл өрхүүд 18-19 цагийн хооронд 3000 кВт.ц хүртлэх сайжруулсан зуух хэрэглэж байгаа буюу бусад нөхцөл шалгуурыг хангасан бол сарын нийт 200 кВт.ц хүртлэх хэрэглээг тус тус 50 хувь хөнгөлж, нийт 3,5 тэрбум төгрөг
-100 кВт-аас дээш чадалтай 204 нам даралтын зуухыг шинэчилж, 12,5 тэрбум төгрөг,
-100кВт-аас доош чадалтай 1115 зуухыг төвлөрсөн дулаанд холбож 5,4 тэрбум төгрөг,
-250 автобусыг хий-дизель хосолмол болгоход 3,3 тэрбум төгрөг,
-“Их тойрог ЦДАШ, дэд станц” төсөлд 52,0 тэрбум төгрөг,
-“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ний уур, усны дулаан солилцуулагч бүхий 210 МВт дулааны дэд станц байгуулахад 10,0 тэрбум төгрөг,
-“Дулааны цахилгаан станц-2” ТӨХК-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулахад 17,0 тэрбум зарцуулсан байна.