Ойрын өдрүүдэд ОБЕГ-т ирж буй галын дуудлага буурахгүй байгаа тул иргэдэд гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжилж, өөрөөс шалтгаалах үйлдэлд хянамгай байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт 10 гаруй дуудлага ирсэн бөгөөд БЗД-ийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарчээ. Энэ тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 19:02 цагт хүлээн авч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
АРД ИРГЭДЭД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУДААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
- Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
- Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
- Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
- Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
- Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
- Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
- Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
- Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх нь чухал.