Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулна

Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдаан боллоо. Өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн ажлын явцын талаар мэдээллээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг түлш үйлдвэрийн үйл ажиллагаа, сайжруулсан түлш нөөцлөх агуулахын байр, түлш нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж ажиллажээ. Ажлын хэсэг сайжруулсан түлш нөөцлөх, хадгалах , ачиж буулгах, хураах шаардлагад нийцсэн агуулахуудын байршилд нэг бүрчлэн ажиллаж, 22,176 тонн түлш нөөцлөх боломжтой 11 агуулахыг сонгож гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд нийт 39100 тонн сайжруулсан түлш нөөцлөх боломжтой 30 агуулахын судалгааг төвийн зургаан дүүргээс ирүүлжээ. Одоогийн байдлаар 23235 тонн түлшийг нөөцөлсөн бол долдугаар сард 45411 тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Наадмын дараа намар гэдэг үг байдаг. Наадмын дараа сайжруулсан шахмал түлшний дахин нэг үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн захын дүүргүүдийн утааг бууруулж, төвийн дүүргүүдийн иргэдийн хангамжийг сайжруулан, зөв хэрэглээг дадуулах, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох гээд томоохон ажлуудыг хэрэгжүүлэх учиртай. Эртнээс бэлтгэлээ базааж, цар тахлын дэглэмийн хажуугаар Улаанбаатар хотод тулгамдсан бусад асуудлаа шийдвэрлэхэд төрийн нийт албан хаагчид онцгой анхаарч ажиллахыг дахин сануулъя ” гэлээ.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *