Categories
мэдээ улс-төр

“Сайдын цаг”-т Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцлоо

“Сайдын цаг” уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллээ хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаасаа эхэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд хөдөлмөрийн салбарт хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буй юм. Тухайлбал, УИХ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хоёр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн бариад байна. Хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2002 онд баталж, 2012 онд бүтэц зохион байгуулалтын шинжтэй өөрчлөлтийг оруулсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, багш, сурагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэх юм. Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтой гэдгийг Хөдөлмөрийн сайд онцоллоо.

Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан юм байна.

Хөдөлмөрийн салбарын суурь хуулийн нэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болсон. Мөн Ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах, гадаадад ажиллах хүч илгээх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг Хөдөлмөрийн яамныхан хийж байгааг сайд онцоллоо.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар тэрээр мөн ярилаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг хадгалах”, “Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлж, 50 мянга гаруй иргэнийг хамруулан, 30 мянга гаруй ажлын байр бий болгосныг дурдаад 2016 онд эдгээр хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор “ Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих”, “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Нийтийг хамарсан ажил зохион байгуулах”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” гэсэн долоон хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр болсноо танилцууллаа.

Хөтөлбөр, төслийн хүрээнд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалт явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах, ажил олгогчийг дэмжих, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч болон төгсөгчдийн бүлэгт санхүүгийн дэмжлэг олгох, оюутан, суралцагчдыг цагийн ажилд зуучлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчин өрхийг малжуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Энэ бүгдийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, ард иргэдийн орлого тогтворжин амьдрал ахуйд нь мэдэгдэхүйц нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа гэж Хөдөлмөрийн сайд хэллээ.

Хөдөлмөрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бас нэг томоохон ажил нь Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах боломжийг бүрдүүлэхийн тулд тэднийг шаардлагатай мэргэжлээр сургаж ур чадвар эзэмшүүлэх юм. Энэ ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд эхний ээлжинд “Монголын төмөр зам” ХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлийн 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн тул үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байгаа ажээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа тоймлон танилцуулсны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *