Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардууллаа.
Эдгээр хүмүүс дотор ХХААХҮ-ийн сайд, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн багтаж байв. Тэрбээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын алдарт уяач цолыг гардан авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.
Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм.Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.