Categories
мэдээ цаг-үе

Сагсан бөмбөгийн талбай дахь “РЕГБИЧИН”

Монголд хүү төрвөл бөх болно гэдэгтэй адил Бразилд хөлбөмбөгч, Канадад хоккейчин, Шинэ Зеландад регбичин болоорой хэмээн ерөөдөг байх. Яагаад гэвэл тэнд дээрх спортууд гоцолдог, хүмүүс нь түүнийгээ л үзэж баясч чаддаг учраас. Гэтэл ийм газар төрсөн, сайхан бие хаатай залуу “төөрч яваад” Америкт оччихсон сагсан бөмбөг тоглож бужигнуулаад, бас зүгээр бужигнуулаагүй, сайн багт “бух”-ын үүрэг гүйцэтгээд маналзуулж явна. Түүнийг Стивен Фунаки Адамс гэдэг. Хэдийгээр “Оклахома-Сити Тандер”-т ирээд гурав дахь жилээ өнгөрөөж байгаа ч гэлээ энэ жилээс л эр бие нь жагсаж олны нүдэнд өртөхүйц тоглолтыг үзүүлж байгаа. “Оклахома-Сити Тандер”-ийг уг нь Рассел Уэстбрук, Кевин Дюрантын баг гэдэг ч харин энэ жилийн плей-оффын тэмцэлд Адамс тэднээс дутахааргүй багтаа нэмэр болж байгаа тул онцолмоор санагдаад. Тэгээд ч дөнгөж 22 настай мөртлөө насандаа багтамгүй тайван тоглолттой, яаж ч зодуулж байсан хариуг нь барьж муудалцахгүй дээшээгээ зүтгэх, талбайн төвд өөртэйгөө адил болон бие, хүч, туршлага илүү “бухнууд”-тай байлдаж тэмцэж өөрийгөө нээж байгаа тул түүнийг хүндэлмээр, бусдаас гоцолж танилцъя, бусдад таниулъя гээд.

Адамсын эгч Валерия олимпийн хоёр удаагийн аварга

Стивен Адамс бол Роторуа хотод төрсөн “орги” зеланд хүн. Орги гэдгийн учир нь ээж нь Тонга арлын уугуул иргэн тул тэгж байгаа юм. Баруун гарынх нь шууг давсан шивээс нь энэ нутгийн дайчин эрсийн эрт дээр үеэс биедээ шивдэг байсан дүрс, зураглал. Харин аав нь бол Англиас ирсэн цэргийн хүн бөгөөд Адамсын 13 настай байхад ходоодны хорт хавдраар нас барсан юм билээ. Адамсын аав Сид нийт таван эхнэр сольж 18 хүүхдийн эцэг болсон хойноо хорвоог орхисон гэдэг. Тэр өөрөө их том биетэй эр байсан тул хүүхдүүд нь бүгд л биерхүү болж өсчээ. Эрэгтэй хүүхдүүдийнх нь дундаж өндөр хоёр метр, эмэгтэйгийнх нь 1.83 метр гээд бодохоор бас чамлахааргүй “материал” хайрлажээ дээ. Адамсын нэг эгч болох Валерия Адамс нь 2008, 2012 оны зуны олимпод бөөрөнцөг шидэлтээр дараалан алтан медаль хүртсэн, энэ зун гурав дахьдаа оролцоно гээд бэлтгэлээ базааж байгаа 31 настай од тамирчин.

Валериягаас гадна регби оролдож гайгүй тоглочихдог ах нар олон байсан тул Стивен 14 хүртлээ тэднийгээ дагаж гэрт тогтохгүй, гадуур гүйсэн сахилгагүй хүүхэд байжээ. Тэр олон ах нарынх нь нэг болох Уоррен Адамс улсынхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байсан бөгөөд гудамжаар гэр хийсэн дүүгээ хүмүүжүүлэхийн тулд төрөлх Роторуа хотоос нь Веллингтон руу нүүлгэж сагсан бөмбөгийн Scots Col­lege хэмээх дунд сургуульд өгчээ. 14 хүртлээ бараг бичиг үсэг сураагүй Стивентэй харин ч тэр сургуулийнхан сайн зууралдсан юм билээ. Номын дуу сонсож сайн хүмүүжсэн дүүдээ Уоррен баярлаж хувийн дасгалжуулагч хөлслөн бэлтгэл хийлгэсээр тун удалгүй Америк явуулж Питсбургийн их сургуульд шалгалт өгөөтүүлтэл тэнцсэн. Тэгээд тэндээ сурч байхдаа 2013 оны драфтад нэрээ дэвшүүлж 12 дугаараар “Оклахома”-д ирсэн билээ.

Адамсын ах, дүүс

Стивен Адамсыг шинэ цагийн хамгийн тайван төвийн тоглогч гэдэг. Мэдээж тэр регбиний орноос ирсэн тул олон бүдүүн хүн чихэлдсэн талбайд тохой, нударгаа ашиглаж тэмцэх хэрэгтэй гэдгийг мэднэ. LA Times сонин 24 дасгалжуулагчаас хамгийн бохир тоглолттой сагсан бөмбөгч хэн бэ гэж санал асуулга явуулахад Стивен хоёрдугаар байр эзэлж байжээ. Тэр түлхдэг, бас түүнийг түлхдэг. Гэхдээ африк гаралтай америк сагсан бөмбөгчдийг бодвол цохиулж нудруулах бүртээ хонзон санаж эргээд нүдэлцээд байдаггүй. Тийм ч учраас түүнийг Картер, Рэндолф, Уайтсайд гээд бүгд л дүрмийн гадуур нудрах юм, тэр ч тоохгүй гүйгээд л явчихна. Харин Грин хоёронтоо “эмзэг газар нь” өшиглөхөд яалт ч үгүй шалан дээр хэвтлээ. Гэхдээ уурлаагүй шүү. Ямар сайндаа түүний багш, цагийн сайханд НБА-ийн хамгийн бохир тоглогч байсан Перкинс нэгэн удаа “энэ Адамс их олон жил гахай хариулсан байх аа” гэж халаглаж байсан гэдэг.

Сагсан бөмбөгийн ачаар Адамс гэртээ үлдсэн ах дүү нараа бодвол олон сая ам.долларын гэрээ байгуулж баяжсан нь үнэн. Гэхдээ тэр оддын өвчин тусч тэнгэрт залраагүй, хүүхэд зангаараа, харсан үзсэн болгоноо магтаж гайхаж явах дуртай. Америкт түүнийг хамгийн их бишрүүлдэг зүйл нь эхэн үедээ онгоц байсан гэнэ лээ. Хувийн онгоцоор ниссэн тухайгаа “Найзууд аа, онгоц дотор ширээ байх юм. Тэгээд түүн дээр нь баахан идэх юм, гаазтай ундаа тавиастай. Тэр бүгд үнэгүй тул чөлөөтэй авч идэж болдог юм билээ. Онгоц хөөрөөд буух хүртэл хүссэнээрээ идэж болно” гэж бичиж байжээ. Түүнийг багийнх нь анд нар одоо хүртэл идэх хэмжээгээр нь барахгүй гэж ярьдаг. “Оклахома”-гийн бас нэг төвийн тоглогч Коллисон хэлэхдээ “Стивен нэг хоолны газар очиж идчихээд гараад дараачийнх руу нь орж байдаг юм. Энэ маягаараа тэр бүтэн өдөржингөө ч идэж чадна” гэж тодорхойлж байлаа. Багадаа нэг ахынхаа ферм дээр ажиллаж байхдаа дандаа өлсдөг байсан, тэр үеэсээ ийм их иддэг зуршилтай болсон гэх. “Ахын ферм дээр өглөөнөөс үдэш хүртэл ажиллачихаад амраад хэвтэж байхад амьдрал хичнээн сайхныг мэдэрнэ шүү дээ” хэмээн тэр нэг удаа сэтгүүлчид хэлсэн.

Адамс хаанаас гаралтай, хэний ачаар өдий зэрэгтэй яваа билээ гэдгээ мартдаггүй. Багийнх нь анд нар түүнийг киви аялгатай ярьдаг гэдэг бол “Оклахома”-гийн хөгжөөн дэмжигчид Тонга арал, Фунаки гэдэг нэрийг нь өхөөрдөж “Ste­ven Adams is a Funaking boss!” хэмээн хашгирна. Харин тэр өөрийнхөө хөлсийг дуслуулан байж олсон мөнгөө ах дүүс рүүгээ илгээхээ мартдаггүй. Бас амьдралыг нь тэгшилсэн Scots College дунд сургуульд нь суралцдаг авьяаслаг хүүхдүүдийн тэтгэлгийг хувиасаа гаргадаг юм билээ.

213 см-ийн өндөртэй, 116 кг жинтэй, гараа өргөөд зогсход 280 см хүрдэг 22 настай энэ хүүтэй хийсэн “шинэ цэргийн” гэрээ удахгүй дуусах бөгөөд ESPN-ийн судлаачид түүнийг тун удахгүй багаар бодоход дөрвөн жилийн хугацаатай 88 сая ам.долларын гэрээг үзэглэх нь энүүхэнд гэж бичиж байна. Бэртчихгүй бол энэ жилийн плей-оффын тоглолтуудыг яах аргагүй чимж байгаа хүүхэд дээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *