Categories
мэдээ нийгэм

Сагсан бөмбөгийн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны удирдлага, дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Сагсан бөмбөгийн тус төрөл нь 2011 оноос албан ёсоор FIBA үйл ажиллагаанд орж, жилийн дотор 150 гаруй орныг хамарч, 2017 оноос олимпийн төрөлд багтсан. Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаа Дэлхийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллаж харилцан итгэлцэл хүлээсэн харилцаа бий болгоод байгаа гэж тус холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав Ерөнхий сайдад танилцууллаа.

2019 оны зургадугаар сард манай улсад 23 насны Үндэстнүүдийн лиг, U18 насны Дэлхийн аварга, Улаанбаатар Гран-При гэсэн гурван том тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Эдгээр тэмцээний зохион байгуулалт болоод тамирчдын бэлтгэл ид үргэлжилж байгааг тэрбээр хэллээ.

3×3 сагсан бөмбөгийн төрлийг улс орондоо хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож буй багш, дасгалжуулагч, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Мөн,

-Өөрсдөө санаачилж, хөрөнгө санхүүгээ зориулж эх орон, ард түмнийхээ нэр хүндийг олон улсын тавцанд гаргаж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Манай улсад энэ спорт хөгжих бүрэн боломжтой. Хүүхэд залуус маань сагсан бөмбөгийн спортод сонирхолтой. Спорт бол зөв хүмүүжил, зөв төлөвшил олгодог. Ялангуяа, багийн спортын ач холбогдол өндөр. Тийм учраас Ерөнхий сайд нь тусалж дэмжиж ажиллана гэлээ.

Монголын 3×3 сагсан бөмбөгийн тамирчид 2015 оноос хойш Элсний наадмын хүрэл, Дэлхийн оюутны аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж 2018 онд дэлхийн аваргын шилдэг найман багт оржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дасгалжуулагч, тамирчдад олимпийн эрх авч, Токио-2020 олимпод амжилттай оролцохыг ерөөлөө гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *