–ГАДААД ФЕЛЬЕТОНЫ ЦОМОРЛИГ-
Монгол Eлс дэлхийд данстай боллоо.
Бид FATF-ийн саарал дансанд бүртгүүллээ.
Гадаад явдлын Яамны меморандум
Рөүтерс. (Монгол Улс. Улаанбаатар). Монгол Улс FATF-ийн саарал жагсаалтад бүртгэгдсэнтэй холбогдогдуулан Засгийн газраас гаргасан тунхаг бичигт “Бид удтал хөөцөлдсөний үр дүнд Монгол Улсыг “жагсаалаас гаргах” аюулаас аварч үлдлээ” хэмээн өгүүлжээ. Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д амжиж багтаагүй бол “дэлхийн улсуудын жагсаалтаас гарах” байжээ. Ийм учраас орон даяар “Үндэсний саарал өдөр” зохиож, дэлгүүрүүд “Саарал баасан” зарлан, монгол хүний үнийг 20 хүртэл хувиар хямдруулжээ.
Уг жагсаалтад Монгол Улсыг оруулсныг баталгаажуулсан “Саарал цом”-ыг хүлээн авах ёслолын үеэр Ерөнхий сайд Хүрлэн сүх хэлсэн үгэндээ “Саарал цомоо Саарал ордондоо зална” гэдгээ мэдэгдлээ. Харин Сангийн Яамны сайд Хүрлэн баатар “Ноднин тас хар байсан нүүрсний утаа энэ жил саарал өнгөтэй болсон нь лавтай тэнгэрийн санаа буйзаа” хэмээн тэмдэглэв. Мөн, “шилжин явах” саарал цомын болзлыг гурав дахь удаагаа биелүүлбэл “үүрд хадгалуулах цом” болгон авч үлдэх боломж байгааг онцлов
“Монгол Улсын засаг, төрийн удирдлага дахь хүрлийн орц өндөр” гэж судлаачид хэлдэг. Ерөнхийлөгч Баттулгын нэрийн тулга нь “бат” тодотголтой боловч материал нь тодорхой бус бөгөөд Бат(хүрэл)тулга байж магадгүй гэж ажиглагчид хэлж байна. Харин парламентын спикер нь модны (Santalum) орцтой гэдгийг эх сурвалжууд баталж байгаа юм.
Монгол Улсын иргэд ч “Саарал цом”-той холбоотой санаа бодлоо илэрхийлсээр байна. Natsagdorj.d@ хаягтай жиргээч твиттер хуудсандаа тавьсан “Шувуун саарал” эсээгээ “Хөх монгол, саарал монгол монгол болов. Юутай саак, юутай фаак(т)” хэмээн төгсгөжээ.
l l l
Вашингтон мост.(Монгол Улс. Улаанбаатар). Монгол Улс “Саарал жагсаалт”-нд багтах хугацаандаа төрийн ёслол, хүлээн авалтанд зөвхөн Grey goose буюу “Саарал галуу” хэмээх архи сөгнөх ба гагцхүү “Буурал саарал илжиг нь буруу тийшээ…” хэмээх ардын дуугаар ая барьж байх журам гарсан гэж албаныхан ярьж байна.
Монгол Улс саарал жагсаалтад орсон явдалд баяр хүргэхээр ирсэн Оросын зочид “Один серый, другой белый два весёлых гуся…”(Нэг нь сааралтсан, нөгөө нь цайрцан, наргианы хоёр галуу) гэдэг дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн гэх.
Засгийн газарт ажилладаг хэсэг эрдэмтэд “Бөртэ чоно нь үнэн хэрэгтээ саарал чоно байсан” гэдгийг нотолсон судалгаа хийснээ толилуулжээ. Зарим нэг эх орончдын эхнэрээс хөх биш, саарал толботой хүүхэд төрж эхэлсэн тухай ч Эрүүлийг хамгаалахын тайланд дурдсан байна.
l l l
Нэшнл комьпютер график. (Монгол Улс. Улаанбаатар). Номхон далайгаас олдсон, газрын зурагт хараахан тэмдэглэгдээгүй арлаас манай сурвалжлагч доорхи мэдээг ирүүллээ. Махчин овгийнхон хэсэг жуулчдыг олзолсон байна. Овгийн ахлагч расист үзэлтэй бөгөөд олзныхныг ч арьс өнгөөр нь ялгаварлан иддэг юм байна.
Овгийн ахлагч,
-Цагаан арьстнуудаар цагаан сарын бууз хийнэ гэхчлэнгээр ангилж байтал хамгийн сүүлд хоёр монголыг авчрав.
Овгийн ахлагч тэднийг үзээд шогширч,
-Хээцэс, саарлууд. Борц л хийхээс, хаялтай биш гэжээ.
l l l
Би Би Чи. (Монгол Улс. Улаанбаатар). ОУВС-гийн мэдээллээс үзвэл дэлхийн улс орнуудын үнэт цаас, валютын хэлц нэршлийг дараахь байдлаар шинэчлэн тогтоосон байна. Үүнд: Америк долларыг “Ногоон”, Хятадын Юаныг “Улаан”…Монгол төгрөгийг “Саарал” хэмээн нэрийдсэн байна.
ДЭМБ-ын ээлжит чуулганаар хүн төрөлхтнийг арьсны өнгөөр нь Цагаан буюу Европжуу, Хар буюу африкжуу, Шар буюу монголжуу хэмээн хувааж байсныг өөрчилжээ. Шар арьстныг “Сааралжуу арьстан” гэх болсон байна.
l l l
Засгийн газрын мэдээлэл (Монгол Улс. Улаанбаатар). Монгол Улсын төр, засаг “Саарал жагсаалт”-д орсон шалтгааныг ч тогтоосон байна. Мөрдөн байцаагчдын тогтоосноор, одоогийн засаг төр энэ явдалд зий ч хамаагүй нь нотлогджээ. Эх орноо “Саарал” болгосон явдал нь өмнөх Засгийн газруудын буруугаас болсон байна. Тухайлбал, Ю.Цэдэнбал даргатай Сайд нарын Зөвлөлийн үед “Саарал шинелиэ тайлаагүй, буурал найз минь хаа байна” гэдэг дуу зохиогдож, нийтэд түгсэнээс хойш БНМАУ сааралтаж эхэлжээ. Ард нийтээрээ “саарал…” өнгийг санагалзсан гэгэлзсэн явдал нь Саарал жагсаалтыг мөрөөсөн дуудсан үзэл суртал болсоон” гэж уг тайланд дурдсан байна. Нэр нь ядаж “Дайчин нөхрийн тухай” ч гэх шиг, айн?
Учир иймээс, Ю.Цэдэнбал тэргүүтэй БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн гишүүдэд эрүү үүсгээд, АТГ-аас нэхэн шалгаж эхэлсэн ба сүнс дууддаг бөө нарыг ажлын хэсэгтээ оруулсан гэх.
Түүнчлэн Монгол Улсын төр, засгаас гарахын тулд хийх ажлын “А”, “Б” төлөвлөгөө гаргаж НҮБ-д хүргүүлжээ. Хөтөлбөр хоёр хэсгээс бүрдэж байна.
Нэгдүгээр: “А” төлөвлөгөө
-Саарал ордныг өөр өнгөөр будах.
-Улсын наадмаар саарал морь уралдуулахгүй байх.
-Бие засах газруудад саарал ус ашиглах хөтөлбөр хэрэгжүүлэхээс түдгэлзүүлэх.
– “Агуйн нууц” МУСК-ны гол дүр Сааралын нэрийг сольж Буурал болгоод эфирт гаргах
-“Саарал шинелиэ тайлаагүй…” гэсэн үгтэй дууг хориотой бүтээлийн жагсаалтад оруулах.
-Д.Нацагдоржийн “Шувуун саарал” өгүүллэгийн нэрийг түр сольж “Шувуун цэнхэр” болгон сурах бичигт оруулах…
Хоёрдугаарт: “Б” төлөвлөгөө
– FATF-ийн “хар жагсаалт”-д үсрэн орж “саарал” нэрнээсээ салах.
…эдгээр болно гэжээ.
2019.10.21