Сүүлийн хэд хоног “Саарал жагсаалт”-тай холбоотой шуугиан дэгдэж, улс орноороо л энэ сэдвийг хөндөж бөөн юм болцгоолоо. “Саарал жагсаалтад орох нь ээ”, “Саарал жагсаалтаас холуур өнгөрөх нь”, “УИХ-ын дарга маань захиа бичээд тэр жагсаалтад оруулахыг болиулчихлаа” гэж тал талд, ам амандаа ярьж байтал Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага (FATF)-аас манай улсыг “Саарал жагсаалт”-д оруулснаа мэдэгдчихэв. Ингээд Монгол Улс “Саарал жагсаалт”-даа ч ороод явчихлаа. Тэгтэл энэ жагсалтад оронгуут л “Саарал жагсаалт юу юм”, “Тэр муу “Саарал жагсаалт” юу ч биш”, “Урьд нь орж л явсан юм. Энэ бол зүгээр л сануулга, хяналт” гэх мэтчилэнгээр ярьж, бүр “Харин ч сайн юм боллоо” гэсэн пиар их явж байна.
Зарим учир мэдэх хүмүүс “Манай улс үүдээ хадаад, өрхөө битүүлчихлээ” гээд эдийн засгийн талаас нь ул суурьтай тайлбарлаж байна. Ямар ч байсан энэ жагсаалтад орох нь сайн юм биш. “Саарал жагсаалт”-д орсноор олон улсын байгууллагууд манай улстай хамтрахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасч, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх цаашилбал эдийн засаг агшиж, ард түмний амьдрал доройтох аюултай бид нүүр тулаад байгаа юм. Тэгэхээр бид саагьсан хар жийпээ хураалгачихаад саарал илжиг унаад хайвгануулж байгаагаас ялгаагүй нөхцөл байдалд орчихлоо гэж зүйрлүүлж хэлээд байгаа юм л даа.
Үүсээд буй асуудлыг өнөөдрийн өнцгөөс харахад хэрэвзээ эрх баригч нөхөд ажлаа хийсэн бол манай улс “Саарал жагсаалт” гээчид нь орчихооргүй, тойроод гарчих боломж байжээ гэж харагдаж байна. Ялангуяа Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажил үүргээ сайн биелүүлсэн бол энэ жагсаалтад улс эх орон минь орохооргүй байлаа. Эрх баригчид засаг төрөө худлаа өмөөрч, Засгийн газраа унагахгүй гэхдээ цаг авахын тулд бүтэн жилийн турш ҮХНӨ, ҮХНӨ! (Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт) гэх жүжиг тавиад юу ч хийгээгүйн гор нь “Сааралт жагсаалт” боллоо. Өнгөрсөн жил ЖДҮ-гийн асуудал олны анхааралд өртөж, МАН бараг бүхлээрээ ЖДҮ-чин гэгдэж, Засгийн газар унаж, УИХ тарах хэмжээнд энэ асуудал өндрөө авсан. Гэтэл эрх баригчид гэнэт л ҮХНӨ гэж ярьж эхэлсэн нь цаанаа нарийн учиртай байсан.
2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийнхээ асуудлыг нууц хуралдаанаар авч хэлэлцсэн байдаг. Энэ хуралдааны протокол саяхан ил болж, тухайн үед МАН-ынхан юу юу ярьж байсан нь цагаан дээр хараар үлджээ. Тэр хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Яаж 2020 оны зургадугаар сарыг үзэх вэ. Наана нь сөхрөөд унацгаах юм уу, мэдэхгүй. Яаж 2020 оны зургадугаар сарыг хүргэх вэ гэхээр ерөөсөө хаяа харагдахгүй байна. УИХ тэсэх эсэх асуудал, намаа шороотой хутгачихмааргүй байх юм, Засгийн газрын тогтвортой байдал гэсэн энэ гурван асуудал дээр ямар гарц гаргалгаа байх вэ. Ингээд бодохоор их л зовлонтой болчихоод байгаа юм…” гэж ярьсан байгаа юм. Үүнээс үзэхэд энэ намынхан тухайн үед “ҮХНӨ-ийг хэлэлцэнэ, өөр юу ч хэлэлцэхгүй гээд хэвтчихье” гэсэн нэгэн шийдэлд хүрчээ. Тийм болохоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм хийсэнгүй, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч юм хийсэнгүй. Эцэст нь ямар үр дүн гарав. Үр дүнд нь Монгол Улс “Саарал жагсаалт”-д орчихлоо.
“Саарал жагсаалт”-ын үнэтэй Засгийн газар тогтож үлдээд ард түмэн бидэнд хэрэг байна уу. Засгийн газарт хэн хэн байх нь ард түмэнд хамаагүй. Засгийн газар тэсч үлдэх эсэх нь үнэндээ эрх баригчдад л хамаатай. Тийм гэдгийг нь МАН-ын УИХ дахь бүлгийн нууц хуралдаан дээр эрхэм гишүүний ярьсан дээрх яриа баталж байгаа юм. Эрх баригчдад эх орон нь “Саарал жагсаалт”-д орохгүй тэсч үлдэхээс илүүтэй өөрсдөө сонгууль хүртэл тэсч үлдэх нь нэгдүгээрх асуудал. Яагаад вэ гэвэл нэгдүгээрт, тэд дарга, сайд байх хүсэлтэй. Цаашлаад сонгуульд орж өрсөлдөх. Хоёрдугаарт, сонгуульд орж өрсөлдөнө гэдэл бол дахиад цааш дарга, сайд хийх сонирхолтой байна гэсэн үг.
Ард түмэнд зөв бодлоготой, улс орныхоо төлөө ажиллая гэсэн Засгийн газар хэрэгтэй болохоос биш Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтах нь тийм ч чухал байдаггүй. Ард түмэнд “Эд нарыг үлдээе”, “Заавал тэд нар л Засгийн газарт байх ёстой” гэсэн тулгалт байдаггүй. Гол нь зөв бодлоготой, ажил хийдэг Засгийн газрыг л хүсдэг.
“Саарал жагсаалт”-д орсон өдрөөс нь л бүх ард түмний амь амьжиргаанд энэ жагсаалт сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хүмүүсийн яриад байгаагаар ам.долларын ханш өсөөд байвал ард түмэн амаараа шороо үмхэнэ. Гадаад, дотоодын шахалтад орж, доллар шилжүүлэхээс эхлүүлээд бэрхшээлтэй нүүр тулж худалдаа наймаа, гадаад ертөнц, дэлхийн бусад орнуудтай харьцах харилцаанд саад учирч улсын хэмжээний гэлтгүй аж ахуйн нэгж, хувь иргэдийн амьдрал, амьжиргаанд гацаа үүсч байна. Энэ бүгдтэй холбогдсон бүхий л үйл ажиллагаа, харилцаа маш түвэгтэй болоод эхэллээ, ард түмэнд. Дээрээс нь ам.долларын ханш өсөөд байвал ард түмэн жинхэнээсээ амаараа шороо үмхэнэ шүү. Улс орон, ард түмний амь амьжиргаа, энэ бүгдийн үнэ цэнэтэй Засгийн газраар одоо бид яах юм бэ?!
Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэсэн тушаалтнуудаас гадна Монголбанк ч үүнд хариуцлага хүлээх ёстой. Эдэнд хариуцлага тооцно гэдэг нь эд нарыг бүгдийг нь огцруулна гэсэн үг. Улс орноо “Саарал жагсаалт”-д оруулах хүртэл нь удирдсан энэ хүмүүст Төрийн ордонд суух байтугай, дахин төрд орж ирэх бодол ч төрөхөөргүй тийм хэцүү нөхцөл байдалд улс орон нь орж, Монгол Улсын нэр хүндэд сэв суучихаад буйг тайлбарлаж өг. Бид саагьсан хар жийпээ хураалгачихаад саарал илжиг унаад хайвгануулж байгаагаас ялгаагүй болчихоод байна.
Д.ГАНСАРУУЛ