Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Зулпхар: Өрхийн орлогыг оруулан тооцох аргачлал ашиглан амьжиргааны түвшинг тодорхойлох боломжтой DNN.mn

ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхартай ярилцлаа.


-Цар тахал, геополитикийн асуудлаас шалтгаалаад сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байлаа. Энэ хугацаанд манай улсын ядуу хэмээх ангилалд багтдаг иргэдийн тоонд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

-Үндэсний статистикийн хорооноос саяхан энэ талаарх судалгааны дүнг танилцуулсан. Манай улсын хүн амын дундах ядуурлын түвшин одоо ч санаа зовоох хэмжээнд байгаа нь нууц биш. ҮСХ хуулийн дагуу хоёр жил тутамд түүвэр судалгаа явуулж, хүн амын дунд ядуурлын түвшин тогтоодог. Энэ судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд хүн амын 27.8 хувь нь ядууралд өртсөн байна. Ковид цар тахал манай улс төдийгүй дэлхий нийтэд хүндхэн цохилт өгсөн. Энэ хүндрэлийг даван туулах зорилгоор улс орон бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэрэгсэл, үйл ажиллагаа зохих түвшинд үр дүнгээ өгсөн. Ялангуяа хүүхэд бүрт олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгт хүргэсэн нь өрхийн орлого болон хэрэглээг зохих түвшинд хадаглах үр дүнтэй зохицуулалт болж чадсан. Мөн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн үр дүнд ажлын байрыг эрсдэлд орохооос хамгаалах, хадгалах арга хэмжээ авч чадсан. Энэ бүх бодлогыг амжилттай хэрэгжүүлээгүй бол ядуурал таван хувиар нэмэгдэх, цаашлаад түүнээс ч өндөр түвшинд хүрч болзошгүй нөхцөл байдал судалгаа, тооцоолол, дүн шинжилгээгээр гарч байна. Тиймээс бид цар тахалын үеийг харьцангуй хүндрэл багатай даван туулсан. Үүнийг олон улсын байгууллагууд мөн адил тухайлан тэмдэглэж байгаа.

-Та бүхний тооцоолсноор ядуу иргэд гэж яг хэдэн төгрөгөөс доош орлоготой иргэдийг хамааруулж байна вэ.Ядуурлыг тооцоолох аргачлал юу байна вэ?

-Өрхийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг үнэлж тодорхойлох судалгааг ҮСХ-ноос хийдэг. Түүнчлэн өрхийн хэрэглээтэй уялдуулан амьжиргааны баталгаажих доод түвшинг ҮСХ мөн адил тогтоодог. Тухайлбал, 2022 онд өрхийн нэг гишүүн амьжиргаагаа авч явах хэрэглээний хэмжээ нь Улаанбаатар хотод 277800, бүсүүдэд 238000-аас 240000 буюу дунджаар 247000 төгрөг байна. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар мөн адил өрхийн мэдээллийн сантай байдаг бөгөөд орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхүүдийн амьжиргааг үнэлдэг. Эдгээр судалгаануудад тулгуурлан өрхүүдийн хэрэглээний түвшинг үнэлдэг. Үүний үр дүнд тулгуурлан амьжиргааны түвшин доогуур буюу зорилтот бүлгийн өрхийг тодорхойлдог. Түүнчлэн зорилтот бүлгийн өрхөд чиглэгдсэн нийгэм, эдийн засгийн арга хэрэгсэл, арга хэмжээг зөв тодорхойлох боломжтой болдог.

-Үнийн өсөлт, цалингийн доод хэмжээ,эдийн засгийн хүндрэлийг тооцоолоод үзэхэд ядууралд өртсөн иргэдийг тооцох аргачлалыг өөрчлөх нэн шаардлагатай гэдэг нь анзаарагдаж байна. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Дээр дурдсан судалгаа, үнэлгээний аргуудад тулгуурлан ядууралд өртсөн болон өртөж болзошгүй өрхүүдийг тодорхойлох боломжтой. Эдийн засгийн өсөлт, инфляцийн түвшин, хөдөлмөр эрхлэлт, өрхийн хэрэглээ болон орлогод нөлөөлөхүйц бусад хүчин зүйлсийг зохистой тооцоолсны үндсэн дээр амьжиргааны түвшинг үнэлэх, бас тодорхойлох боломжтой гэсэн үг л дээ. Үүний зэрэгцээ амьжиргааны баталгаажих түвшин болох 247 мянган төгрөг гэдэг бол тогтсон тоо биш. Дээрх үзүүлэлтүүдээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Түүнчлэн өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалыг одоо хэрэглэж байгаа. Тус аргачлалыг 2022 оны тавдугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан. Тухайн өрхтэй холбоотой захиргааны мэдээллийн зэрэгцээ орлогын оруулах шалгуур үзүүлэлтээр үнэлж, дүн шинжилгээ хийж өрхийн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлох боломжтой болоод байна.

-Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгөн тэтгэмжээс өндөр орлоготой гэх ангилалд багтсан есөн хувийн айл өрхийн хүүхдүүд хасагдахаар болсон нь нийгэмд маргаан дагуулаад байна.Энэ есөн хувьд хичнээн хүүхэд хамаарч байна вэ?

-ҮСХ-ны дарга, ХНХЯ-ны сайдын хамтран баталсан өрхийн орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу үнэлж тодорхойлно. Тус аргачлал хэр найдвартай болохыг турших үүднээс 6, 7 дугаар сард Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас 400 гаруй өрхийг үнэлгээнд хамруулсан. Энэ аргачлал алдаа маш багатай, ашиглаж болох н гэсэн үр дүнд хүрсэн. Тиймээс уг аргачлалын дагуу өрхүүдийн амьжиргааний түвшинг үнэлнэ. Энэ аргачлалд тулгуурлан захиргааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мөн шаардлагатай нөхцөлд давхар үнэлгээ хийх замаар харьцангуй өндөр орлоготой хичнээн өрх байгааг нарийвчлан гарах юм.

-Хавтгайрсан халамж хэрээс хэтэрсэн гэх шүүмжлэл нийгэмд байдаг. Халамжийг хавтгайрахаас сэргийлж хүүхдийн тэтгэмжээс боломжит айлын хүүхдүүдийг хасахаар болсон. Хамгийн гол нь халамжийг хавтайруулахгүй гэх нэрийдлээр төр халамж үзүүлэх иргэдээ тойргийн гадна үлдээх вий. Халамж авах зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгээ бүрэн тодорхойлж чадсан уу?

-Зорилтот бүлгийг бүрэн тодорхойлох боломжтой. Тиймээс зорилтот бүлэг рүү хандсан нийгмийн халамжийн хөтөлбөрийг зохистой бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлийн эхлэл тавигдсан байгаа. Халамж очих ёстой эзэндээ очдог, төр хүрэх ёстой хүндээ үр дүнтэй хүрдэг байх зорилтыг хэрэгжүүлнэ.

-Хүнсний талонд хамрагдах шаардлагагүй иргэд хамрагдсан талаар мэдээлэл нэлээд шүүмжлэл дагуулж байсан. Одоо зорилтот бүлгээ бүрэн тодорхойлж, хүрч чадаж байгаа юу?

-Эрхийн бичиг олгох журмыг шинэчилж, тодорхой шалгуурууд тавьсан. Өмнө нь 241 мянган хүнсний тус эрхийн бичигт хамрагддаг байсан. Журам шинэчлэгдсэнээр 95 мянган хүн тус эрхийн бичгээс татгалзсан. Тиймээс одоо зорилтот бүлэгтээ хүрч ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Хүнсний эрхийн бичигт хамрагддаг айл өрхүүдэд байгаа хөдөлмөрийн насны иргэдэд ажил эрхлэх талаар санал болгож, ажилд орох саналаас хоёр удаа татгалзсан тохиолдолд тухайн өрхийн хүнсний эрхийн бичгийг цуцалж байгаа. Өөрөөр хэлбэл, халамжаас хөдөлмөрт шилжих бодлого энд хэрэгжсэн. Ажил эрхлээгүй удсан иргэдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулж, тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр санал болгодог. Уг ажлын үр дүн гарч байгаа.

-Төсөвт тэтгэвэр, тэтгэмж нэлээд жин дарж байна. Тэтгэврийн шинэчлэл хэзээнээс ажил хэрэг болох вэ. Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барих асуудал удааширч байгаагийн шалтгаан юу байна?

-Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд 5 хууль боловсруулсан бөгөөд УИХ-д гурван хууль өргөн баригдсан, хоёр хууль өргөн барихад бэлэн болоод байна. Тус хуультай холбоотойгоор олон нийт, эрдэмтэн судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулсан. Тус хуульд нийгмийн хамгааллын гол арга хэрэгсэл холбоотой учраас тогтолцоогоо шинэчилж байгаа асуудал. Тиймээс Засгийн газраас хуулийн төслөө бэлэн болгочихсон, намрын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын, түүн дотроо тэтгэврийн шинэчлэл 2023 оноос үе шаттайгаар эхлэх бүрэн боломж бүрдэх юм.

-Тэтгэвэр өвлөгддөг байх талаар хуульд ямар ямар өөрчлөлтүүд тусгагдсан бэ?

-Тэтгэврийг өвлүүлдэг болох талаар иргэдээс маш олон санал ирж байгаа. Гэхдээ одоо ч манайд тэтгэвэр өвлөгддөг элемент нийгмийн даатгалын тогтолцоонд бий. Тухайлбал, тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог. Ажил хөдөлмөр эрхлэх явцдаа тэжээгч нь нас барсан бол ар гэр, үр хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олгодог. Цаашид хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих бөгөөд энэ хүрээнд тэтгэвэр өвлөгдөх нөхцөл бүрдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *