Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргээр яллагдаад буй Т.Чимгээд үл мэдэгдэх тариа тарьжээ

Өчигдөр Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн хэргийн давж заалдах шүүх хурал явагдсан билээ. Олон хүмүүсийн эргэлзээг тайлж энэхүү шүүх хурлаар үнэн мөнийг тогтоох болов уу гэж горьдсон ч ялыг хэвээр үлдээв. Үүнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа мэдэгдэж, гэм хийгээгүй хүүхдүүдийг минь хорьж байна хэмээн ээж нь тэмцсээр байна. Харин шүүх хурлын тогтоол уншиж байхад “Ялтан нарыг тухайн үед хэргийн газар байсныг нэр бүхий гэрч шууд таньсан” гэв. Тэгэхээр цорын ганц гэрч нь С.Зориг агсны эхнэр Б.Булган гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тиймдээ ч түүнийг өнгөрсөн 18 жилийн хугацаанд хууль хяналтынхан хараандаа байлгаж, сүүлийн жилүүдэд цагдан хорьж, тусгаарлаад байсан. Тэгэхээр шүүгчийн хэлж байгаагаар тэрээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг Б.Булган шууд таньсан бололтой.

Хэд хоногийн өмнө буюу энэ сарын 9-ны өдөр Дорноговь аймгаас яллагдагч Т.Чимгээг ар гэрийнхэн нь эргэжээ. Гэвч түүнд үл мэдэгдэх тариагаар тарьсан гэх зүйлийг Т.Чимгээ ярсан байна. Ар гэрийнх нь үзэж байгаагаар ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Энэ талаар түүний ах “Дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь манай дүүд үл мэдэгдэх тариа тарьсан байна. Дүү маань ямар ч хэрэг хийгээгүй болохоор айхгүй байна гэж байгаа ч би айж байна. Ямар хүн, яах гэж тариа хийснийг хэлж мэдэхгүй байна. Ухаан санаа эрүүл саруул хүнийг л аваад явсан. Тийм л хүн гарч ирэх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нөлөөлсөн бол хууль хяналтын байгууллагад хандана. Тэр тариа ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.

О.ӨНӨР


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *