Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал түр завсарлалаа

Цагдан хорих 461 дүгээр ангид С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Товлосон цагаасаа 20 минутаар хоцорсон “маш нууц” хэргийн хаалттай шүүх хурал шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын мэдүүлгээр эхэлжээ. Сэжигтнүүд дөрвөн цаг орчим мэдүүлгээ өгсний дараа улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авсан байна. Сэжигтнүүд 18 жилийн өмнө гарсан хэрэгтэй холбоотой ямар баримт, фактууд шүүх танхимд дэлгэж буй нь нууц хэвээр байна.

Хоёр дахь өдрөө болж буй шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Гэрчийн тухайд өчигдрийн хуралд суусан Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн өнөөдөр мөн л оролцох аж. Гэрч Г.Чулуунбатын тухайд хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож буй бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь тодорхойгүй хэвээр байна. Мөн онцгой байдлын хоёр шинжээч өнөөдрийн шүүх хуралд дахин оролцож байгаа гэнэ. Тэд ямар үүрэгтэйгээр нууцын зэрэгт багтсан хэргийг шүүх хуралд суусныг мөн л нууцалж байна.

Шүүх хурал эхлэх үед хэвлэлийнхэнд зураг авах боломж олгосон болохоор явцын талаар мэдээлэл өгч, зураг авахуулахгүй гэж мэдэгдэв. Шүүх хурлын хамгаалалт онцгой чанга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *