С.Зориг агсныг хөнөөсөн гэх үндэслэлээр өнгөрсөн сард Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотоос хоёр иргэнийг барьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мөн эхнэр Б.Булганыг нь цагдан хорьсон. Тэгвэл энэ сарын 12-нд буюу өнгөрсөн бямба гаригт Ш.Отгонбилэг агсны хүү УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудастаа нэгэн ноцтой зүйлийн тухай дэлгэж, залуучуудаас тусламж хүсч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж, аавыг маань дахин хэлмэгдүүлэх гэж байна. Монголоо гэх сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” гэж жиргэжээ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн энэ жиргээ олны анхаарлыг татсан юм. Учир нь С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Б.Булганыг баривчилснаас өөр тайлбар хийхгүй байгаа энэ үед түүний түгшүүр төрүүлсэн жиргээ яав ч худал байх аргагүй мэт санагдав. Болж өнгөрсөн үйл явдлаас харахад Эрдэнэтээс баригдсан хоёр хүн Ш.Отгонбилэг агсны тогооч, малчин хоёр байсан юм биш биз гэх мэтээр холбож харах өнцөг гараад ирэх шиг. Түүнчлэн С.Зоригийн хэргийг мөрдөж байгаа ажлын хэсэг хэрэгт сэжиглэгдэж байгаа хоёр хүнийг Ш.Отгонбилэгийн захиалгаар онц ноцтой хэргийг үйлдсэн гэх сэжүүр гарч байгааг дээрх жиргээнээс тодорхой харж болохоор байна.Чухам юу болоод байгааг амралтын өдрүүдээр албаны хүмүүсээс тодруулах гэж оролдлоо. Гэвч албаны хүмүүс энэ талаар тодорхой хариулт өгөхгүй байгаа бөгөөд “Хэрэг прокурорын хяналтад байгаа учир тодорхой хэлж мэдэхгүй байна. Даваа гаригаас энэ талаар тодруулъя, лавлая” гэсэн байр сууринаас хандаж байв.
Албаны эх сурвалж С.Зориг агсны эхнэр Б.Булганыг яллагдагчаар татсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Б.Булганд өмгөөлөгч олдохгүй байгаа гэнэ. Ар гэрийнхэн нь хоёр өмгөөлөгч хөлсөлж авсан ч гэсэн татгалзсан гэдэг. Б.Булганыг ар гэрийнхэн болон найз нөхөдтэй нь уулзуулахгүй байгаа билээ.
С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд хууль хяналтын байгууллагын томоохон албан тушаалтнууд итгэлтэйгээр ярих болсон.
Э.Баатар