-ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨР БОЛОХ 150 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫГ ОЛОХЫН ТУЛД НАПОЛЕОН ТООРТ ХИЙЖ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ-
Саяхан фейсбүүк хуудсаар Сүхбалсангийн Золзаяа гэдэг бүсгүй нялх охиноо эмчлүүлэхийн тулд наполеон тоорт хийж худалдан эмчилгээний төлбөр цуглуулж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүний охин одоо дөрвөн настай. Эмч нар булчингийн хөгжилгүй гэсэн онош тавьж, яаралтай мэс засал хийлгэхийг зөвлөжээ. Охин болон охины аав, ээжид Христийн шашны нэгэн байгууллага тусалж, мэс засал хийлгэхээр АНУ-ын эмнэлэгт хандаад байгаа аж. Гэвч уг эмнэлгийн төлбөр болох 150 мянган ам.доллар энэ гэр бүлд байхгүй учир бяцхан охиныг хөл дээр нь босгох эмчилгээ хойшлогдсоор байгаа гэнэ. Гэвч охины ээж чадах бүхнээ хийж эмчилгээний зардал олохоор тоорт хийж зарж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд захиалга авч байгаагаа мэдээлснээр одоо тэр 200 гаруй тоортны захиалга аваад байгаа гэнэ. Бэрхшээлийн өмнө шантралгүй, хандив гуйж гараа хумхин суулгүй үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй 25 настай залуухан ээж С.Золзаяагийн ярилцлагыг хүргэж байна.
-Охины тань эмчилгээ хэр хийгдэж байгаа вэ. Мэс засалд хэзээ орох бол?
-Миний охин одоо дөрвөн ойтой. АНУ-ын Мичиган мужид эмчлүүлэхээр оччихсон байгаа. Өнгөрсөн долдугаар сард Америк явсан. Очоод шинжилгээнүүдээ хийлгээд, мэс заслын өмнөх бэлтгэлээ хийлгээд байж байна. Шинжилгээгээр миний охинд дараалан зургаан мэс засал хийх шаардлагатай гэсэн дүгнэлт эмч нар хийжээ. Эхний мэс заслыг арваннэгдүгээр сарын 3-нд хийх хуваарьтай байсан. Уг нь мэс засалд орох цаг хугацааг нь төлөвлөчихсөн байсан юм. Гэтэл эмнэлгийнх нь зүгээс ор хоногийн төлбөр, мэс заслын дараахь физик эмчилгээ гэхчлэн миний ойлгож байгаагаар холбогдох бүх үйлчилгээнд нь нийт 150 мянган ам долларын төлбөр төлөх шаардлагатай гэсэн. Ор хоногийн төлбөр нь нэг хоногийн 700 ам.доллар юм байна. Тэгээд төлбөрөө төлөөгүй гээд мэс заслыг нь хойшлуулчихсан байгаа.
-Өнгөрсөн долдугаар сард Америк явсан гэсэн. Одоо тэндээс ямар мэдээлэл өгч байна?
-Очоод гурван сар болж байна. Америкт мэс засалд орох гэж байгаа хүнд тухайн өвчнөөс өөр элдэв хууч өвчин байх ёсгүй гэдэг юм байна. Мэс засалд ороход өвдөх өөр юмгүй байх ёстой гэдэг гэнэ. Миний охины ганц хоёр шүд нь хорхойтой. Тэрийгээ очсон хойноо янзлуулсан. Ерөнхийдөө бүх шинжилгээнүүдээ өгөөд мэс засалд ороход бэлэн болчихсон байгаа юм. Манай охиныг хариуцаж авч явсан байгууллагын хүмүүс тэр эмнэлэгт хүсэлт тавьсан гэсэн. Бид яаж ч цуглуулаад 150 мянган доллар цуглуулж чадахгүй. Төлбөрөө жаахан ч гэсэн багасгах боломж байна уу, ядуу орны хүүхдэд арай жаахан уян хатан хандаж туслаач гэсэн хүсэлт тавьчихаад байгаа гэсэн. Ядаж мэс заслын дараахь зарим үйлчилгээний төлбөрөөс чөлөөлөх ч юм уу, зарим нэг хоногийг нь үнэгүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа л даа. -Охиныг тань эмчлүүлэхээр хариуцаж яваа байгууллага ямар байгууллага вэ?
-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, христэд итгэгч Америкийн байгууллага. Хүүхдийн төлөө буяны ажил хийдэг, арав гаруй жилийн туршлагатай байгууллага юм. Манай хүүхэд тэдний тусалсан хорин зургаа дахь хүүхэд нь гэж байсан. Монголоос бол хоёр дахь нь.
-Та бүхэн тэр байгууллагыг яаж олж холбогдов. Эндээ эмнэлгийн тусламж хэрхэн авч байв?
-Охин маань нэг сартайгаасаа Гэмтэл согогийн эмнэлгийн хяналтад орсон юм. Төрөхдөө хөл гар нь таталттай төрсөн. Нэг сартайгаас нь эхлэн хөл гарт нь гипс, чиг тавьж, бараг нэг ой гартал нь тэгж явсан. Нэг удаа шөрмөс сунгах мэс засал хийлгэсэн юм. Тэр мэс заслыг хийлгэсний дараа хөл нь арай гайгүй, хүний хөл гэх хэлбэр дүрстэй болсон.
-Манай эмч нар тэр үед юу гэж оношилсон бэ?
-Ерөнхийдөө гадаадын эмч нартай адил төстэй юм хэлдэг байсан. Гэхдээ шөрмөс л гэж яриад байхаас булчингийн тухай огт ярьж байгаагүй. Гэтэл Америкт очоод шинжилгээ хийлгэтэл манай хүүхдийг булчингийн хөгжил огт байхгүй байна гэсэн. Монгол эмч нар булчин гэж нэг ч ярьж байгаагүй болохоор бид энэ талаар юу ч мэддэггүй. Америкт шинжилгээ өгөхөд, эмчилгээг их оройтуулсан байна гэж эмч нар нь хэлсэн. Оройтуулчихсан учраас олон төрлийн мэс засал хийх шаардлагатай болж байгаа юм байна. Манай эмч нар хэлэхдээ “танай хүүхэд арай л нялх байна. Манай Монголд ийм хүүхэд төрж байгаагүй болохоор бидэнд ямар ч туршлага байхгүй, ядаж жаахан томрохоор нь мэс засал хийж үзье” л гэдэг байсан. Гаднын эмч нар болохоор бүр нялхад нь эртхэн эмчлэх ёстой гэж хэлж байна.
-Гаднаас эмч нар ирлээ, үзлэг оношилгоо хийж байна гэсэн мэдээлэл байн байн гардаг. Та энэ дагуу явж хандаж байв уу?
-Гадаадаас хааяа эмч нар ирсэн үед охиноо үзүүл гээд эмнэлгээс дууддаг байсан. Очоод үзүүлэхээр нөгөөдүүл нь нэг их тодорхой юм хэлдэггүй. Монгол эмч нь нэлээн удаан хугацааны эмчилгээ шаардана гэж хэлдэг бол гадаадын эмч нар бага дээр нь мэс засал хийх ёстой л гэдэг байсан. Манай эмч нар “Бид туршлагагүй” гээд мэс засал хийхгүй явж ирсэн. Би зөвхөн тэр эмнэлгээр дамжуулж биш, гадаадаас эмч ирлээ гэж сонсдох болгонд өөрөө очиж уулздаг. Тэр болгонд “оройтлоо шүү дээ, бүр багад нь мэс засал хийх ёстой” гэдэг байсан. Тэгэхээр нь монгол эмч дээрээ очоод хэзээ хагалгаа хийх вэ гэхээр “Болоогүй ээ, арай л бага байна” гээд байдаг байсан. Тэгсээр хоёр ой ч гарлаа. Хүүхдээ ядаж хөл дээрээ босчихоосой гэж бодоод зөндөө л хөөцөлдсөн. Эмч маань нөгөө л “болоогүй байна” гэдэг үгээ л хэлдэг.
-Америкт очсон эмнэлгийнх нь эмч нар мэс заслын дараахь үр дүн ямар байх талаар урьдчилж мэдээлэл өгөх юм уу?
-Анх энэ байгууллага охиныг маань авч явахдаа найман сар болоод, ганц хоёр мэс засал хийлгээд бараг хөл дээр нь босгоод ирнэ гэсэн төсөөлөлтэй явсан юм. Хүүхдээ авч очоогүй, эхлээд зөвхөн зургийг нь явуулсан болохоор тийм баримжаа өгсөн байх. Гэтэл бүх шинжилгээ хийсний дараа зургаан удаа мэс засал хийх нь тодорхой болсон. Эмч нар нь хүүхдийг маань хөл дээрээ босоод явах нь явна гэж байгаа юм. Манай хүүхэд шиг булчингийн хөгжилгүй хүүхэд байдаг юм болов уу гээд би интернэтээр нэлээн судалж үзсэн. Анх охиноо булчингийн хөгжилгүй гэдгийг эмчээс биш интернэтээс мэдсэн л дээ. Англид манай охин шиг төрсөн нэг охин мэс засал хийлгээд явдаг болсон тухай уншсан юм. Бас л том болтлоо эмчилгээ хийлгээгүй байж байгаад таван настайдаа мэс засалд ороод хөл дээрээ босч, явдаг болсон гэж бичсэн байсан. Хэрэв бид охиноо багад нь Америкт эмчилгээ хийлгэсэн бол булчинг нь хөгжүүлээд өөрөөрөө явах боломжтой байсан юм билээ. Одоо бол, нэгдүгээрт зургаан удаа хагалгаа хийнэ. Хоёрт, мэс засал хийлгэсний дараа протез өмсүүлнэ. Протезний тусламжтайгаар л явдаг болно, бараг насан туршдаа тийм байна гэж байна. Уг нь бага дээр нь эмчилсэн бол өөрөө хөл дээрээ босоод явах боломж байсан юм билээ.
-Хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг цуглуулахаар сэдсэн санаа тань олны дэмжлэгийг ихээр хүлээж байна. Та тоортоо хэзээ хийж эхлэв. Захиалга хэр ирж байна?
-Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Одоогоор 200-гаад тоортны захиалга авчихаад байна. Фейсбүүк дээр “ээжүүдийн групп” гэж байдаг юм. Тэрэн дээр ээжүүд адилхан үр хүүхэдтэй хүмүүс болохоор нэгийгээ их сайн дэмждэг. Тэгээд би охиныхоо тухай бичсэн л дээ. Хүмүүс цааш нь түгээж маш олон хүн мэдээлэл авсан байна лээ.
-Ямар үнээр зарж байгаа вэ?
-Хорин мянгаар.
-Өмнө нь та бялуу, нарийн боов хийдэг байсан уу?
-Үгүй үгүй. Тоорт яаж хийхийг интернэтээс харж сурсан. Одоохондоо охиныхоо төлөө миний хийж чадах юм энэ л байна. Зүгээр тоорт хийе гэхээр чимэглэж чадахгүй. Тиймээс наполеон тоорт хийж байгаа юм. Ажиллагаа ихтэй л юм байна. Тийм их мөнгө хаанаас олно доо гэж дэмий шаналж суухын оронд хөдөлж л байвал учир нь олдох болов уу гэж бодох юм. Тэгээд ч завгүй байхаар хүүхдээ санах нь арай гайгүй. Хүүхдээ явуулчихаад зүгээр суух биш араас нь бага багаар мөнгө явуулаад л байна. Наполеон тоорт зарж олсон мөнгөө хүүхдэдээ л явуулж байна. Захиалга орж ирэхийн хэрээр хийгээд л байна.
-Тусалъя, хандив өгье гэсэн хувь хүмүүс, компани албан байгууллагууд хэр хандаж байна?
-Хандаж байна. Дөнгөж сая л гэхэд Цагдаагийн академийн сонсогч оюутнууд хандив өгье гэж утсаар ярьсан. Хувь хүмүүс ч тусалж дэмжмээр байна, дансны дугаараа өгөөч гэж утасдаж байна. Өнөөдөр Мэдээлэл харилцаа холбооны газраас нэг эгч утсаар яриад тусалмаар байна, мэдээллээ өгөөч гэсэн. Олон салбартай юм байна, салбарууддаа уриалаад манай охинд хандив өгье гэж ярьсан. Би яг албан ёсоор данс нээгээд мөнгө хэрэгтэй байна, өгөөч ээ гээгүй байгаа л даа. Охиноо Америк руу явуулахад бас л мөнгө төгрөг амаргүй л байсан. Итгэгч байгууллага маань ихэнх зардлыг дааж байгаа. Мэс заслыг нь нэг эмчээр үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Шинжилгээг нь үнэгүй хийлгэхээр болж байгаа юм. Гэтэл эмнэлэг, эмч хоёр нь тусдаа байдаг болохоор эмнэлгийн зүгээс ор хоногийн мөнгө шаардлагатай гээд байгаа.
-Та хандивын данс нээхгүй юм уу?
-Одоохондоо өөрийнхөө дансыг тусалъя гэсэн хүмүүст өгч байна.
-Та юу ч гэсэн дансныхаа дугаарыг мэдээлчихгүй юу. Бялууны захиалгаа ч түүгээр хийж болох болов уу?
-ХААН банкны 5100124153, Голомт банкны 1815007441 дугаартай.
-Гэр бүлээс тань охиныхоо хамт Америк руу хүн явсан уу?
-Үгүй. Зөвхөн итгэгч байгууллагын хүмүүс хариуцаж явсан. Нөхөр маань АПУ-д борлуулалтын жолооч хийдэг юм. Охиноо Америк явуулах болчихоод би ажлаасаа гарсан. Өмнө нь охиноо тусгай цэцэрлэгт өгчихөөд ажлаа хийдэг байсан. Одоо би хоёр дахь хүүхдээ тээж байгаа. Жирэмсэн болохоор ажил хайгаад ч олдохгүй юм. Хүүхдэдээ мөнгө явуулмаар байдаг. Ажилгүй хүн олигтой мөнгө өгч чадахгүй, шаналж суухын оронд хөдөлж байя гээд тоорт хийж байгаа минь энэ.
Н.ПАГМА