Монголын архичид аминчлахуй буюу “АА нийгэмлэг”-ийн ерөнхий менежер С.Юндэндоржтой ярилцлаа.
-Монголын “АА нийгэмлэг” хэзээ үүссэн талаар яриагаа эхэлье?
-АА нийгэмлэг нь анх дэлхий нийтийн хөдөлгөөн гэсэн нэртэйгээр 1935 онд АНУ-д үүссэн байдаг. Тухайн үед дэлхийн 130 гаруй оронд хоёр сая гаруй хүн уг хөдөлгөөнд хамрагдаж байсан гэсэн судалгаа бий. Уг нийгэмлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр шимийг нь хүртэж, архи уухаас татгалздаг юм. Монголын архичид аминчлахуй нийгэмлэг 1998 онд анх үүссэн. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага. Төрийн бус байгууллагыг нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг гэж хоёр ангилдаг. АА нийгэмлэг цэвэр гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.
Анх АНУ-д үүссэн түүхийг тодруулъя. Хоёр архи уудаг хүн хоорондын ярианаас үүсэлтэй гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүний зовлон бэрхшээлийг адилхан түвшинд буй хүн л ойлгоно гэдэг санаанаас үүдэлтэй. Хүн архи их ууж, донтож байгаагаа мэддэггүй юм билээ. Тухайлбал, “Иргэн Г за, одоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй” гэж бусдад ярьж, боддог. Гэтэл өөрийн мэдэлгүй архи уучихдаг. Давтамжтай ууж явсны эцэст, сүүлдээ архинд донтдог. Үүнийг зарим хүн архинд донтсон сэтгэцийн өвчин гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин уг үндэс нь сэтгэцийн нэг төрлийн өвчин юм байна гэдгийг анх 1950 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрдэмтэд баталсан. F10 гэсэн оноштойгоор баталж, тогтоосон. Манай улсад үүнийг өвчин гэдгийг мэдэхгүй олон жилийг өнгөрөөсөн. Архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг хүмүүсийг ар гэрийнхэн нь бие махбодод нь дур хүслийг нь дарах, албадан эмчилгээ хийлгэдэг. Харин сэтгэцийн өвчин гэдгийг анзаардаггүй. Сэтгэцийг нь эмчилдэггүй байсан юм байна лээ.
-Сүүлийн үед манай улсад архинд донтож, сэтгэцийн өвчтэй болсон хүмүүс их бий гэж судлаачид үзэж байгаа. Үүнийг хэрхэн эмчлэх ёстой вэ?
-Сэтгэцийн өвчнийг эмчлэхийн тулд хүмүүс бие биетэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Үүгээр дамжуулж, тухайн өвчнийг сэдрээхгүй байлгах ёстой юм. Архинд донтсон хүнийг ханиад хүрээд эм ууж байгаатай адил эмчилдэггүй юм билээ. Архи, согтууруулах ундааг МЭӨ үе, 5000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хэрэглэж эхэлсэн. Энэ нь цаашид ч байх зүйл. Тиймээс тухайн хүн сэтгэл зүйгээ засаж, өөрийгөө олж, шинэ зүйлийг танин мэдэж байх ёстой. Ухамсрын түвшингээ дээшлүүлж, алдаа дутагдлаа засахын тулд хичээх ёстой. Тухайн хүн өөрт нь ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг эрж, хайх хэрэгтэй. Ингээд тэрхүү алдаа дутагдалтай зан чанар дээрээ уйгагүй ажилласны эцэст үр дүн гарна. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ. Эрүүл биед саруул ухаан оршино” гэх зэрэг монгол ардын уламжлалт сургамжийг санах ёстой. Архины албадан эмчилгээ хийхэд хэсэг хугацааны туршид үр дүнтэй байна. Харин тухайн хүн ирээдүйд ямар байх вэ гэдэг нь ухамсартай холбоотой.
-Танай нийгэмлэг тодорхой үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж, ажилладаг гэсэн үг үү?
-Манай нийгэмлэг реклам гаргадаггүй. Сүүлийн үед хүмүүст тус болъё гэдэг үүднээс ганц хоёр сонинд зар гаргасан. Уг асуудал хувь хүний асуудал. Хэнд ч тохиолдож болно. Заавал тэнд очиж, эм авч уух ёстой гэсэн зарчмаар шахалт үзүүлдэггүй. Харин хүний оюун санааг зөв зүйл рүү чиглүүлсэн хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Тухайлбал, долоо хоногийн өдөр бүр нэгээс хоёр цагийн хооронд хувь хүний ярилцлага үргэлжилдэг. Хувь хүн зөвхөн өөрийнхөө л тухай ярина. Ингээд олон өдөр явж, зөвлөгөө авч, бие биетэйгээ ярилцаж, зөв алхам хийхэд цаг хугацааны явцад эмчилгээний үр дүн мэдрэгдэнэ. Тухайн хүн өөрийнхөө төлөө л хичээнэ гэсэн үг. Нийгэмлэгт 12 хөтөлбөр бий. Хөтөлбөрийг хараад уншихад амархан юм байна гэж бодогддог. Гэхдээ хэрэгжүүлнэ гэдэг тухайн хүнээс тэсвэр хатуужил, их хөдөлмөр шаардана.
-Хөтөлбөрийг тодруулахгүй юу?
-Манай нийгэмлэгт улстөрч, дуучин, бүжигчин, урлаг соёлын одод, гудамжны архичин, цагдаа, цэрэг, багш, эмч гэх зэргээр хүмүүс хамрагдсан байдаг. Архинаас гарах татгалзах олон арга бий. Манай нийгэмлэгт хамрагдахад ямар ч шаардлага тавигдахгүй. Танд зөвхөн архинаас татгалзах чин хүсэл байхад болно. Тодруулбал, хувь хүний зарчим дээр тулгуурласан хөтөлбөр юм. Тухайн хүн өөртөө итгэл үнэмшилтэй, үнэнч байх ёстой. Мөн бусдад талархаж, найз нөхөд, хүмүүст хүндэтгэлтэй хандахыг эрхэм болгоно. Үүний дагуу хүний оюун санаа эрүүл болж, архинаас хамааралгүй болох боломжийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо “Та өнөөдөр архинаас татгалзаж, эрүүл явъя гэвэл өөрийнхөө төлөө уйгагүй зүтгэсэн” үг. Ингэвэл архины асуудал шийдвэрлэгдэнэ. Манай нийгэмлэгт 12-20, 30 жил архинаас хамааралгүй явж чадсан хүмүүс ч байна. Тэдгээр хүмүүсийн ард байсан гэр бүл, найз нөхөд, ах дүү нь амар тайван болсон. Нийгэмлэгийн гишүүд “Би эрүүл амьдарвал, хөдөлмөрлөж чадна. Архи, согтууруулах ундааны зүйлсээс бүрэн татгалзаж чадвал миний ард буй гэр бүл, үр хүүхэд минь аз жаргалтай байна. Ингэх нь Монгол Улсын иргэн хүний хувьд үүргээ сайн биелүүлж, улс эх орондоо том хөрөнгө оруулалт хувь нэмрээ оруулж байгаа юм” гэж үздэг. Хамгийн гол нь хувь хүний нууцыг гадагш нь огт задруулдаггүй.
-Танай нийгэмлэгт хэдээс хэдэн насныхан голдуу хамрагдсан байна вэ?
-Ихэнхдээ 30-70 орчим насны хүмүүс хамрагдсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд насны ангилал залуужиж байгаа. 18-20 насны залуучууд ирж байна. Тэд бүр хэт их архинаас хамааралтай болчихсон гэвэл үгүй. Гэхдээ давтамжтай архи уудаг болсон. “Архи миний амьдралд зохицохгүй, болохгүй” гэдгийг ухамсарлаж ирэх тохиолдол ихэссэн. Хувь хүний мэдээллийг чанд нууцалж хадгалдаг. Иймээс статистик тоо, судалгаа гаргахад бэрхшээлтэй. Манай нийгэмлэгт улсын хэмжээнд 103 бүлгийн 3000 гаруй гишүүн байгаа гэдэг. Гэхдээ бүртгэгдээгүй хүмүүс ч бий.
-Манай улсын “АА нийгэмлэг” дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу?
-Дэлхийн албан ёсны гишүүн орон болж, бүртгэгдсэн. Өнгөрсөн жил Ази номхон далайн орнуудын хүрээнд уг нийгэмлэгийн томоохон сургалт манай улсад зохион байгуулагдсан. Туршлагын хүрээнд тогтворжсон.
-Хүмүүс архинд донтож байгаагийн шалтгаан нь юутай холбоотой байна?
-Хүн архинд донтох ямар нэг шалтгаан гэж байхгүй. Тухайн хүн архи, согтууруулах ундааг хэрхэн яаж, хэрэглэж байснаас шалтгаалж, донтолт явагдаж эхэлдэг. Нэг ёсондоо хувь хүнээс өөрөөс нь болсон хэрэг. Хамгийн гол нь хэрэглээгээ хянаж чадаагүйгээс архинд донтсон байдаг. Архинд хүний оюун санааг дарангуйлах асар их элементүүд агуулагддаг. Дарангуйлал нь яаж явагддаг вэ гэхээр тодорхой хэмжээгээр тасралтгүй хэрэглээд байх тусам хүний оюун санааг дарангуйлж, уруу татдаг гэсэн үг. Архи бол сэтгэцийн хорт хавдар юм. Ходоодны хорт хавдрыг дурандаж, юунаас болсон, ямар үе шаттай явна вэ гэдгийг харж болно. Харин хүний сэтгэцийн нөхцөл байдал гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Архинд донтоно гэдэг сэтгэцийн нэг төрлийн өвчин, эмгэг юм. Архи уухгүй бол хөдөлмөр хийж, бүх зүйл гэгээлэг болно. Оюун санааны хөтөлбөр хэрэгжүүлсэн цагт хувь хүн архинаас ангид эрүүл амьдарна. “АА нийгэмлэг”-т яваад архи ууж, алдаа гаргаж байсан хүн үгүй гэсэн судалгаа бий. “Би архи уухгүй л байх ёстой” гэсэн зарчимтай. Манай нийгэмлэг гадны хандив, тусламжаас татгалздаг. Улс төрөөс хол ангид, үнэ төлбөргүй. Хүн өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүний хүсэл эрмэлзэл, хоёрдугаарт, өөрөө өөртөө үнэнч хандах зарчмыг баримталдаг. Ингээд “Олны хүч оломгүй далай” гэдэг. Хүн хүнийхээ хүчинд явдаг. Зөв явсны шагнал гарч ирнэ. Манай нийгэмлэгийн харьяа бүлгүүд үүсчихсэн. Дүүрэг бүрд хоёроос гурван бүлэг бий. Мөн 21 аймаг төдийгүй сумдад ч бий болж байна.