Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Өнөр: Гишүүдийн тоог нэмж болохгүй гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр няцааж байгаа хүн алга DNN.mn

УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олон нийт анхааран ажиглаж байна. Хувь, хувьдаа төсөөлөлтэй байгаа ч бас ойлголтын зөрүүтэй, өөр хоорондоо сошиалаар маргалдан, таамаглал дэвшүүлж байгаа ч тал байна. Дээрх хуулиудтай холбоотой судлаачийн байр суурийг хүргэх үүднээс “Тасралтгүй боловсрол” судалгааны институтийн багш, улс төр судлаач, нийтийн удирдлагын магистр С.Өнөртэй ярилцлаа.


-Парламент төлөөллийн байгууллага гэдэг. Тэгсэн атлаа гишүүдийн тоотой холбоотой асуудал дээр хүмүүс өөр байр суурьтай байдаг. Ярилцлагаа одоогийн парламентын төлөөлөх чадварын талаар эхлүүлье?

-Төлөөллийн хувьд хоёр өргөн асуудал байна. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд нь хүн амынхаа оршин сууж буй физик орон зайг төлөөлж чадаж байна уу, хоёрдугаарт сонгогчдын өгсөн санал нь сонгосон улс төрийн хүчнээ төлөөлж чадаж байна уу гэсэн хоёр асуулт гарч ирж байна. Эхний асуудлын хувьд хөдөө орон нутаг болон нийслэлд хуваарилагдаж буй их хурлын гишүүдийн тэнцвэр олон жилийн турш алдагдсан хэвээр үргэлжилж байна. Тухайлбал, энэ парламентад Улаанбаатар хотоос 24 гишүүн, орон нутгаас 52 гишүүн сонгогдсон байна. Гэтэл нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна.

Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,000 орчим хүнийг төлөөлж байгаа бол орон нутгаас сонгогдсон гишүүн 55,000 орчим хүнийг төлөөлж байна гэх тооцооллыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нэгэн ярилцлагадаа дурдсан байна билээ.

Нэг гишүүний төлөөлж буй сонгогчийн тоон дээр хоёр дахин зөрүү үүсчихсэн байна. Цаашилбал аймгууд дотроо ч гажуудсан үзэгдэл байна. Жишээлбэл, Хэнтий аймгийн сонгогчдын тоо 49,600 мөртлөө гурван мандаттай бол яг зэргэлдээ байгаа Дорнод аймгийн сонгогчдын тоо Хэнтий аймгаас 2,000 гаруй сонгогчоор илүү хэр нь хоёрхон мандаттай. Чингис хаан, одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг давуу эрх эдлэх ёстой гэсэн заалт л байдаггүй юм бол, шинжлэх ухааны үүднээс тайлбарлах ямар ч арга байхгүй.

-Гадаадад буй монголчуудын төлөөллийг УИХ-д яаж хангах вэ?

-Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй байгаа. Шалтгаан нь мажоритар тогтолцоо. Өөрөөр хэлбэл гадаадад байгаа иргэдийг төлөөлж нэр дэвшинэ гэж байхгүй. Тэднийг төлөөлөх “тусгай” нэр дэвшигч, УИХ-ын гишүүн гэж л тавьдаггүй юм бол бусдаар боломжгүй болчихоод байна. Тэгэхээр сонгуулийнхаа тогтолцооноос болоод Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг хязгаарлачихаж байна. Энэ хүмүүсийг хэрхэн Их хуралд төлөөлөлтэй болгох вэ гэдэг асуудлыг зайлшгүй бодох л ёстой. Үүний дараа сонгосон улс төрийн хүчин нь бидний хүсэл сонирхлыг илэрхийлж чадаж байна уу гэдэг асуудал яригдана. Парламент нь иргэдийн хүсэл сонирхлын илэрхийлэл шүү дээ. Гэтэл бодит байдал дээр одоогийн эрх барьж буй нам буюу МАН нийт сонгуульд санал өгсөн хүмүүсийн л 45 хувийн санал авсан мөртөө парламентын 81 хувийг бүрдүүлж байна. Энэ нь зөвхөн 2020 оны сонгууль дээр ажиглагдсан зүйл биш. Яагаад 81 хувийг бүрдүүлэх болов оо гэдэг асуулт урган гарч ирнэ. Удаан оршин тогтносон намууд өөрсдийн гэсэн намын үүртэй, бидний нэрлэж заншсанаар “хөлтэй” байдаг. Ийм хатуу гишүүнчлэлтэй, олон гишүүнтэй намууд тойрогт 25 хувийн саналыг зоолттой авдаг. Үүнийг халаасны санал гэж ч нэрлэдэг. Өрсөлдөгчид нь хоорондоо саналаа хуваангуут дээрх 25 хувь дээрээ нэмээд 5-10 хувийн санал аваад, гурван мандаттай тойрогт гурав дээр жагсмар болоод УИХ-ын гишүүн болчихдог.

-Сонгогчдын санал гээгдэх нь ямар сөрөг үр дагавартай гэж та дүгнэж байна вэ?

-Сонгогчдын санал гээгдэхийн хор уршиг наад зах нь хоёр зүйлээр илэрч байна. Нэгдүгээрт, иргэдийн парламент нь намайг төлөөлж байна гэх итгэл үнэмшил сулардаг. Хоёрдугаарт, сонгуульд саналаа өгөх идэвхид нь нөлөөлдөг. Нэн ялангуяа залуу сонгогчдын сонгуулийн идэвхи буурдаг. “Угаасаа миний сонгосон хүн гарч ирдэггүй дээ”, “сонголтгүй сонгууль” гэдэг үгс энэ үзэгдлийг маш тодорхой илэрхийлнэ. Дээр дурдсан “хөл” яагаад үүсэх болов гэдгийг бодох ёстой. Орон нутгийн сонгуулийг сайн ажиглавал үүний хариултыг олж болно. Дүүрэг, хороо, аймаг, сумдын захиргааны ажилчид ихэвчлэн намын гишүүд байдгийг бүгд л мэднэ. Өөрөөр хэлбэл, засаглалын энэ түвшинд нам, төр хоёр гүнзгий сүлбэлдсэн байдаг. Бидний ярьдаг засаглал хуваах онол энэ түвшинд огт ажилладаггүй. Бид зөвхөн УИХ-ыг л тойрч яриад бусдыг нь хаячихдаг. Гэтэл орон нутгийн засаглалын зохион байгуулалт, удирдлагын схемүүдийг анхаарахгүй бол энэ нь их хурлын сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлсөөр байна. Тэгэхээр намын хатуу гишүүнчлэл, төрийн ба улс төрийн албан тушаалын ялгаа бүдгэрсэн, намын ил тод байдал алдагдсан зэрэг гаж үзэгдлүүдийг бид цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Цаашдаа бид УИХ-ын тухай асуудлыг ярьж байгаа бол зэрэгцүүлээд орон нутгийн удирдлагын тухай асуудлыг хамтад нь яримаар байгаа юм. УИХ-ын давхар дээлийн асуудлыг ярьдаг ч орон нутаг дээр энэ асуудал хурцдаад удаж байна.

-Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг яагаад заавал ҮХНӨ-өөр хийх ёстой вэ?

-Сонгуулийн тухай хууль нь маш тогтворгүй. Эрх барьж буй намын үзэмжээр өөрчлөөд байдаг учир хөдөлгөөнгүй болгох нь зүйтэй гэж үзээд, эрхбиш Үндсэн хуульд нь хадчихвал илүү тогтвортой болно гэх санаа болов уу. Үндсэн хууль гэдэг бол залаад тавьсан бурхан, шүтээн биш, харин хүмүүсийн нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн “нийгмийн гэрээ” юм. Мэдээж Үндсэн хууль ч ойр ойр гар хүрэх нь сайн зүйл биш ч, гишүүний тоо өөрчлөх, сонгуулийн тогтолцоог хуульчлах хоёр нь Үндсэн хуулийн амин сүнсийг ганхуулчих ноцтой өөрчлөлт биш юм. Дашрамд дурдахад ҮХНӨ-д Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой нэг заалт оруулж ирсэн байна лээ. Тэр заалтыг мэргэжилтнүүд сайн судалж, нухацтай хандах ёстой гэж харагдсан.

-Ер нь бидэнд сонгуулийн ямар тогтолцоо илүү их ач холбогдолтой гэж бодож байна вэ?

-Сонгуулийн төгс тогтолцоо гэх ойлголт байхгүй. Бүгд сайн болон сул талтай. Эдийн засагчдын дунд “бүх загварууд буруу, харин зарим загварууд хэрэгцээтэй” гэх хэлц байдаг. Үүнтэй адил туйлын зөв тогтолцоо гэж байхгүй, харин зарим нь ач тустай. Тиймээс бид асуудлыг шийдэж чадна гэж үзсэн хувилбараа “зөв” гэж үзээд, аваад явах ёстой. Өнөөгийн ашиглаж буй мажоритар тогтолцоо нь нэг намын давамгайлал руу хөтөлдгийг дотоод, гадаадын олон судалгаагаар нотолсон байдаг. Тухайлбал, аль 2000 онд Дэлхийн банкнаас хийсэн нэгэн судалгаанд Монгол Улс сонгуулийн мажоритар тогтолцоог үргэлжлүүлэн ашиглавал нэг намын давамгайлалд хүрнэ гэдгийг “зөгнөчихсөн” нь бий. Харин нэг намын давамгайлал нь маш онцгой, цөөн хэдэн тохиолдлыг (үүний нэг нь Япон) эс тооцвол дарангуйлал руу хөтөлдөг. Энэ нь олон улс орны жишээ, тоо мэдээллээр нотлогдсон баримт. Энэ бүхнээс харахад мажоритар тогтолцоо нь ардчиллаас ухрахад хүргэх эрсдэлтэй гэж шууд дүгнэж болохуйц. Ардчиллаас ухарч байгааг харах шинж тэмдгүүд байна. Сүүлийн есөн жилийн туршид бид ардчиллын индексээр хойшилсоор байна. Энэ индексийг аливаа ашиг сонирхолд автахааргүй, олон улсын хөндлөнгийн байгууллага гаргадаг тул итгэхэд гэмгүй. Үндсэн хуулиараа бид хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлоохоор зорьж буй. Энэ зорилгын эсрэг үйлчилдэг аливаа тогтолцоог халах нь маш зөв.

-Тэгвэл 100 хувь пропорциональ тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулж болохгүй юм уу. Яагаад заавал холимог болгох ёстой гэж?

-Хэрэв 100 хувь пропорциональ болчихвол одоо алдагдаад байгаа тэнцвэр эсрэг талдаа үйлчилж эхлэх эрсдэл байна. Манай хүн амын 68 хувь нь хотожсон газарт амьдардаг. Хэрвээ 100 хувь пропорциональ тогтолцоонд шилжвэл намууд зөвхөн энэ хот суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн саналыг авах бодлого уралдуулж эхлэх бөгөөд хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд орхигдох эрсдэлтэй. Харин пропорциональ элемент нь 30, 40, 50 хувь байх уу гэдэг дээр бэлэн хариулт одоогоор байхгүй. Бид туршаад л үзэхээс өөр замгүй.

-Пропорциональ элементийн давуу тал юу вэ?

-Пропорциональ элементийн давуу тал нь тойрогт уяатай улстөрчдөөс бид салж чадна. “Тойрог усална” гэдэг үг улс төрийн шинжлэх ухааны нэр томьёоны үгсийн санд орж ирлээ. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүд үндэсний хэмжээний эрх ашгийн төлөө нэгдэж ажиллаж чадахгүйд хүрдэг. Намын мөрийн хөтөлбөр лоозонгийн шинжтэй болж, тухайн гишүүн тойрогтоо сургууль, цэцэрлэг барихын төлөө л ажилладаг болсон шүү дээ. Уг элементийн нэг давуу тал нь жижиг намууд УИХ-д төлөөлөлтэй болно. Энэ манайх шиг шинэхэн ардчилалтай улсад маш тохиромжтой. Хуучин мажоритар тогтолцооны үед жижиг намууд нь зөвхөн нэг мундаг лидерийг тойрсон хэсэг хүмүүсийн нэгдэл байв. Тэдгээр лидерүүд өөрсдийн харизм, хүчин чармайлтынхаа ачаар УИХ-ын гишүүн болж байв. Гэтэл тэдний тэргүүлсэн намууд институтийнхээ хувьд төлөвшиж чадсан уу гэвэл үгүй. Пропорциональ элементтэй үед жижиг намууд бид хичээх л юм бол суудал авч чадна гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Үүний тулд олон нийтэд ашигтай бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлэх, нэр цэвэр хүмүүсийг жагсаалтдаа оруулах, дэвшүүлж буй бодлогоо энгийн ойлгомжтойгоор тайлбарлах хөшүүрэг бий болно. Улмаар олон нийтийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх хүчин чармайлт гаргаж эхэлдэг. Ингээд үндэсний хэмжээний бодлогууд дэвшүүлээд ирэхээр хуучин намууд ч өөрсдийгөө эргэж харахад хүрнэ. Энэ мэт эерэг нөлөөлөл үзүүлэх боломжууд бий.

-Олон нийтийн дунд сонгууль холимог тогтолцоогоор явбал намын листэд олигархиуд буюу мөнгөтэй хүмүүс л багтана гэх хардлага байна. Энэ талаар таны байр суурь?

-Зөрүүлээд би одоо хэрэглэж байгаа мажоритар тогтолцоо нь олигархиудыг улс төрд олноороо орохоос сэргийлж чадсан юм уу гэж асуумаар байна. Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулаад эхэлбэл хуучин намууд мөнгөтэй хүмүүсээ жагсаалтдаа үргэлжлүүлэн оруулах магадлал бий. Харин шинэ, жижиг намууд бодлого ярьдаг, нэр цэвэр хүмүүсийг сонгогчдод санал болгоод эхэлбэл урт хугацаандаа сайн үр дүнд хөтлөх бүрэн боломжтой. Мэдээж энэ нэг удаагийн сонгуулиар шийдэгдэхгүй. Хоёр дахь гурав дахь сонгуулиар л жинхэнэ үр дүн нь мэдэгдэнэ. Ийм ч учраас холимог тогтолцоог ҮХНӨ-өөр суулгаж өгөх зөв хувилбар байх талтай. Холимог тогтолцоог нэгхэн удаа хэрэглээд үр дүнг нь үзээгүй байж ухарсан гашуун туршлага байгаа шүү дээ. Энэ тогтолцоогоор хоёр дахь, гурав дахь удаагаа сонгуулиа явуулах юм бол олигархийг нэр дэвшүүлэх нь өөрөө тухайн намд эрсдэлтэй болж хувирна. Мөн нам доторх өрсөлдөөнийг ч эрүүлжүүлдэг. Мөнгөгүй ч мэдлэгтэй, чадвартай улс төрийн идэвхтэнүүдэд бодит боломж бий болдог. Үүнийг нотолсон нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны ажлууд бий.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байна. Эрх мэдэлтнүүдийн тоо өсөх нь гэсэн болгоомжлол олон нийтэд байна, нөгөө талдаа нэг хүний эрх мэдлийг сулруулна ч гэх юм. Зөвхөн төлөөлөх чадвартай холбоотой нэмэх гээд байгаа зүйл биш байх?

-Тойргоо тэгш хуваарилж чадвал 76 хүн ч гэсэн сайн төлөөлөл байж болно. Гишүүдийн тоо нь хууль тогтоох процесст асар хүчтэй нөлөөлнө. Үүнийг жаахан дэлгэрэнгүй тайлбарлая. Бид парламент, засгийн газар, шүүх гэх инстүүцүүд нь харилцан бие биеэ хянах ёстой гэдгийг мэддэг. Дээр, доор гэсэн ойлголт байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйл дээр УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гээд тодорхойлсон байдаг. Дээд байгууллага гэж тодорхойлсон ч гэсэн хязгааргүй эрх мэдэлтэй, бүхнээс дээгүүр гэсэн үзэл санаа биш. Энэхүү тэнцвэрийг хадгалахын тулд зарим улсад парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хамтад нь хийхийг шууд хориглодог. Гэтэл манайд давхар дээлтэй сайд нарын тоог нэмсээр байна. Сайд нарын тоог нэмж байгаа шалтгаан нь Засгийн газар бид нэг завин дээр байгаа, унавал цугтаа унана шүү гэсэн санаа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл давхар дээлтэй 20 гишүүн бүр нэг нэг гишүүнд нөлөөлж чадвал 40 гишүүн нэг байр сууринд очиж чадна. Гэтэл парламентын олонхи нь 39 шүү дээ. Энэ давхар дээлийг дахин сэргээсний цаад санаа нь Засгийн газар амиа аргацаах, фракцуудын эрх ашгийг тэнцвэржүүлэх зорилготой улс төрийн ашигч үйл ажиллагаа юм. Иймэрхүү маягаар өвөр түрийдээ ордгийн хамгийн муу жишээ бол “Учрал”-ын хууль дээр илэрсэн. Энэ хууль яригдаж байх үед УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль батлах гээд байна, сайд нараа цуглуул, ирцээ бүрдүүл” гэж маш ноцтой үг хэлсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газраас орж ирсэн хуулийг сайд нарыг цуглуулж байгаад хүч түрэн батлах тухай яриа. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс бусад үед энгийн олонхи бүрдсэн Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр гэж үздэг. Их хурал 40 гаруй гишүүнтэй хуралдахад хүчин төгөлдөр гэж үзээд тэдний 23 орчим хүн гараа өргөөд эхний шатны хэлэлцүүлгийг давуулж байна. Өмнө дурдсан хуулийг ердөө 48 цагийн дотор хэлэлцээд баталчихсан. Сүүлд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Ийм парламентыг л давжаа парламент гэж нэрлээд байгаа юм.

-Үндсэндээ цөөн бол эрх мэдэл нь дэндчихээд олон болчихвол төсвийн дарамт ихэсчихээд байна уу даа…?

-УИХ-ын гишүүн цөөхөн байх тусам нэгж гишүүний нөлөө үлэмж их. Өөрөөр хэлбэл 76 хүний нэг байна гэдэг асар нөлөөтэй хүн болж хувираад байгаа юм. Санамсаргүйгээр УИХ-ын нэгдсэн чуулганыг үзвэл 45 – 50 орчим гишүүнтэй л хуралдаж байдаг. Нэг гишүүн 2 – 3 Байнгын хороонд сууж байна. Байнгын хорооны тухайд хамгийн ихдээ 19 гишүүнтэй байдаг. Бодит байдал дээр томхон байнгын хороо 12 – 13, жижигхэн нь 10 – 12 гишүүнтэй хуралддаг. Байнгын хороон дээр санал өгөхдөө УИХ-ын нэг гишүүн маш нөлөөтэй болдог. Ингээд харахаар манайд УИХ-ын гишүүн гэдэг дэндүү их эрх мэдэлтэй хүн болж таараад байгаа юм.

-Тэгвэл гишүүдийн тоо нэмэгдсэнээрээ яах вэ?

-УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх юм бол наймаалцах, хуйвалдах боломж нь багасдаг. Энэ бол математик үндэслэлтэй зүйл. Эдийн засаг олигопол гээд цөөн хэдэн компани зах зээл дээр байвал амархан хуйвалдаж картел үүсгэнэ гэдэг. Энэ нь улс төрийн хувьд ч яг адилхан үзэгдэл. Олон болох тусам хуйвалдах боломж хязгаарлагдаж, аливааг нуун дарагдуулах боломж эрс буурдаг. Үүнийг нэгэн жишээн дээр ярья. 2020 оны дөрөвдүгээр сард Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд Төсвийн тодотгол хэлэлцэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ үеэр УИХ-ын гишүүд Засгийн газраас орж ирсэн саналыг хэсэг бүлгээрээ нийлж байгаад л унагаж байсан. Шалтгаан нь тойргоос сонгогдсон гишүүд тойрогт тавигдсан төсөв танагдах вий гэдгээс эмээж, үндэсний эрх ашгийг бодолцохгүй, явцуу хандаж байсан нь саяхан. Дээрх асуудлуудаас харвал парламент, Засгийн газар өвөр түрийдээ ороод эхэлбэл бодлого гажууддаг, чанаргүй хууль баталдаг, амархан хуйвалдаж, аливааг нуун дарагдуулах чадамжтай гэдгийг харж болно. Энэ үед давхар дээл бүр их нэрмээс болчихдог. 76 гишүүн дотор 20 сайд сууж байна гэдэг гажиг үзэгдэл.

-Дахиад тодруулж асуухад УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл төсөвт маш том дарамт ирнэ гэж эсэргүүцэх хүмүүст ямар тайлбар өгөх вэ?

-Гишүүдийн тоог нэмж болохгүй гэдэг байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр няцааж байгаа хүн алга байна. 76 хулгайчийг нэмэх гэлээ, УИХ-ын тоог нэмэх биш тэднийг чанаржуулах нь чухал гэх мэт байр суурь бий. Чанарыг сайжруулах асуудал нь тоог нэмэх, хасахтай хамааралгүй зүйл. Олон гишүүн байсан ч чанартай байх ёстой, цөөхөн гишүүн байсан ч чанартай байх ёстой юм. Чанарыг сайжруулахын тулд ил тод байдлыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Үүнийг сүүлийн үед “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн судлаач М.Энхбадрал маш тодорхой хөндөж, дуу хоолойгоо хүргэж байгаа. Ил тод байдлыг хангаж гэмээнэ гишүүдийн ам, ажил хоёр нь зөрж байна уу гэдгийг хянах боломжтой болох юм. Товчхондоо 76 хулгайчийг 152 хулгайч болгох гэж ярих бус, эднийг хулгайч биш болгох, хулгай хийх боломжгүй тийм систем цогцлоох зүг рүү л явах ёстой. Хоёулаа энэ хүртэл улс төрийн шинжлэх ухаан талаас нь илүү ярилаа. Гишүүдийн тооны асуудлыг цэвэр математик тооцоогоор хийсэн судалгаанууд байдаг. Үүнийг МУИС-ийн доктор Н.Ууганбаатар багш маш тодорхой, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласан тул би нэмж нурших шаардлагагүй. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, 3.4 сая хүн амтай улсын хувьд 130-150 гишүүнтэй байх нь тохиромжтой байна гэсэн тооцоолол байдаг. Ингээд харвал одоо УИХ-ын гишүүдийг 152 болгоё гэдэг бол буруу сонголт биш юм. Үүнийг дагаад гарах цалин хангамж гэдэг бол бидний фокуслах асуудал ердөө ч биш. Хамгийн ихдээ 300 орчим хүний л орон тоо нэмэгдэнэ биз дээ. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, за больё 300 гаруй ажилчидтай хувийн компани Монголд хэд байгаа билээ дээ? Ийм учраас энэ бол санаагаа чилээх явдал огтхон ч биш юм. Иймэрхүү нотолгоо дэвшүүлж байгаа хүмүүсийн тооны баримжаа тааруухан байх шиг.

-Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх хувилбар яригдаж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ бол цочирдож, гайхан хүлээж авах асуудал огт биш. Дэлхийн “The Electoral Knowedge Network” гэх олон улсын байгууллага 180 гаруй улсыг хамруулан хийсэн судалгаагаар дэлхийн 90 гаруй улсад (58%) улс төрийн намуудад төрөөс шууд санхүүжилт олгодог. Одоо яригдаж байгаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нам нь нийт санал өгсөн хүмүүсийн хоёр хувиас багагүй саналыг авах ёстой гэсэн босго тавьсан байна лээ. Өргөн барьсан хуулийн төсөлд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувиар үржүүлсэн, мөн суудал бүрд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэн хэмжээний мөнгийг улсын төсвөөс намуудад олгохоор тусгажээ. Тооцооллыг 2016 оны сонгуулийн жишээн дээр харуулъя. Учир жижиг мажоритар байсан тул саналыг тоолох маш амархан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийнхоор буюу 550,000-аар тооцъё. 2016 оны сонгуулиар МАН 636,000 хүний санал авч 65 суудалтай болсон бол АН 467,000 санал авч 9 суудал, МАХН 113,000 санал авч, нэг суудал авсан. Одоогийн яригдаж байгаа хуульд зааснаар тооцож үзвэл МАН-д 3.5 тэрбум, АН-д 1.3 тэрбум, МАХН-д 310 сая төгрөг ногдохоор байгаа юм. Нийлбэр дүнгээрээ 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудал яригдана. Гишүүдийн тоог нэмсэн хувилбараар бодвол жилд үсрээд долоон тэрбум орчим төгрөг зарцуулагдах тооцоо гарна. Монголын дундаж нэг иргэн, нэг айлын өнцгөөс төсөөлбөл тэрбум гэдэг санаанд багтамгүй том тоо байж болно. Гэхдээ эрхбиш улсын төсөвтэй харьцуулбал том тоо биш юм аа. Та бүхэн нэг сонгуульд зориулж нэлээд хэдэн жилийн өмнө 60 тэрбумын схем зохиосон, мөн өөр нэг улс төрийн хүчин нэг нэр дэвшигчээс дэнчингийн 100 сая (76 хүнээр бодвол 7.6 тэрбум) төгрөг цуглуулж байсныг санаж байгаа байх. Зонховын хөшөөний өртөг 27 тэрбум төгрөгөөр яригдаж байсан гээд харьцуулаад бодоод үзээрэй. Бид үүнийг төсвийн дарамт гэж харахаасаа илүүтэйгээр намын санхүүжилтийн ил тод байдлыг хянах боломж иргэдэд ирж байна гэж харвал илүү зөв юм. Яаж, хэн санхүүжүүлэх гэхээсээ намуудын данс тооцоо ил тод байна уу гэдэг нь амин чухал асуудал. Энэ санхүүжилт бол маш тодорхой дүрмийн дагуу олгогдох тул толгойгоо өвтгөх асуудал биш юм. Харин илүү ноцтой нэг зүйл бий.

-Ноцтой нь юу гэж…?

-УИХ-ын гишүүний тойрогтоо ажиллах төсөв гэж маш бүрхэг, ил тод бус мөнгө жил бүрийн төсөвт суудаг. Сангийн яамныхан ийм хууль эрх зүйн орчин байхгүй гэж ярьдаг ч гэсэн гишүүдэд тухайн тойрогтоо мэдэж зарцуулах төсвийн эрх мэдэл олгодог. Энэ бол намын санхүүжилтийн хажууд маш хорон, бас шударга бус зүйл. Иймэрхүү төсвийн зарцуулалтыг нь харвал ихэвчлэн анги танхим, сургууль тохижуулаад эрхэм гишүүний санаачилгаар гэсэн пайз хадчихсан байдаг. Татвар төлөгчдийн мөнгийг хувиасаа гаргасан мэтээр сурталчилж байгаа шударга бус юм. Тэгээд ч уг нь сургууль, цэцэрлэгийн асуудал нь нарийндаа бол орон нутгийн засаг, захиргааны бүрэн шийдэх ёстой асуудал. УИХ-ын гишүүд ийм төсвийн эрх мэдэлтэй болчихоор иргэд УИХ-ын гишүүдээр аж ахуйн асуудлаа шийдүүлэх гээд байх нь аргагүй шүү дээ. Маш буруу жишиг. Цаашлаад тухайн тойрогт шинэ улстөрч өрсөлдөх тохиолдолд хуучин улстөрч аль хэдийнэ улсын мөнгөөр давуу тал үүсгэчихсэн байгаа нь шударга бус гэдгийг дунд сургуулийн сурагч ч төвөггүй ойлгоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *