Загвар өмсөгч, модель Ч.Сүбээдэй энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө гэртээ амиа алдсан билээ. Талийгаач хоолой нь боогдсон байдалтай амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь энэ сарын 2-ны 03.00 цагийн орчимд олжээ. Тэрээр БНХАУ-д ажиллаж байгаад эх орондоо түр ирсэн байжээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс хэргийн талаар тодруулахад “Ч.Сүбээдэйн хоолой боомилогдсон байдалтай гэртээ амиа алдсан байсан. Уг хэргийг шалгаж байгаа. Гадны нөлөөтэй амиа алдсан уу, гэртээ нас барсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Талийгаач энэ сарын 1-ний өдрийн 16.00 цагт facebook хуудасныхаа нүүр зургийг сольжээ. Түүний сүүлд авсан зургийг харсан олон хүн “ядрангуй царайтай байна”, “өвдөө юү”, “сэтгэлээр уначихсан харагдаж байна” гэх мэт сэтгэгдэл бичсэн байсан. Мөн тавдугаар сарын 31-ний орой найз охиныхоо хийж өгсөн хоолны зургийг facebook хуудастаа тавьсан байна.
Түүний нас барсан шалтгааны талаар мэдээллийн сайтууд мэдээлсний доор уншигчид янз бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж байгаа. Бүр хандив цуглуулж буяны ажил хийх уриалга хүртэл facebook-ээр цацагдаж, энэ тухай сайтууд мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдоход ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан. Мөн талийгаачийн ойрын хамаатны гурван эмэгтэй facebook-ээр дамжуулан мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал, “Интернетээр хандивын мөнгө цуглуулъя гэсэн яриа гарсан байна. Бидэнд хандивын мөнгө хэрэггүй. Дүүг минь ямар ч алт мөнгө орлож чадахгүй.Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд хууртаж мөнгө төгрөг өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү. Хүндэтгэсэн: Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ” гэжээ.
Талийгаач Хятадад загвар өмсдөг байжээ
Талийгаач 1992 оны нэгдүгээр сардтөрсөн. Ахтайгаа өссөн аж. Аав ээж нь тэднийг бага байхад нас баржээ. Ч.Сүбээдэй дунд сургуулиа төгсөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаад тус агентлагийн тав, зургаан загвар өмсөгч Сингапурт гэрээгээр ажиллахаар явахад багт нь оржээ. Түүнээс хойш гадаадад загварын карьераа хөөж байсан юм. Ч.Сүбээдэйтэй хамт загвар өмсч байсан Э.Сэлэнгэ сонинд ярилцлага өгөхдөө “Монгол модель” агентлагийн дарга Д.Болормаа намайг тэр залуутай харддаг” гэж ярьж байсан удаатай. Хариуд нь топ модель Д.Болормаа Ч.Сүбээдэйг загварын карьер хөөхөд ирээдүйтэй залуу гэдгийг тодотгоод хамт ажиллаж байсан Э.Сэлэнгэ тэр хүүтэй эвгүй харьцдаг байсан гэдгийг онцолж байсан.
Загвар өмсөгчид, сонирхогчид түүнийг авьяастай, гадаадын нэр хүндтэй тайзан дээр эх орныхоо нэрийг гаргах залуу гэж үнэлдэг байжээ. Тэрбээр Монголын олон кино, дуучдын клипэнд тоглосон. Мөн 2013 онд Японд Ариунаа Сүригийн загварын долоо хоног болоход эх орноо төлөөлөн нээлтийг нь хийж байсан билээ. Хонконгт байхдаа “Canon” зургийн аппаратны рекламанд тоглож байжээ.
С.Төгс: Ар гэрийнхэнд нь, найз охинд нь эмгэнэл илэрхийлье
Талийгаач Ч.Сүбээдэйг топ модель С.Төгстэй хамтран амьдарч байсан гэдгээр нь залуучууд андахгүй. Ч.Сүбээдэй нас барсан талаар харамсалтай мэдээлэл гарсны дараа С.Төгс facebook хуудастаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрс доо” хэмээн бичжээ. Цахим мэдээллийн хэрэгсэл болон хүмүүс тэдний талаар янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа. Бүр талийгаачийн нас барсан шалтгааныг загвар өмсөгч бүсгүйтэй холбох нь ч байна. Тиймээс топ модель С.Төгстэй ярилцлаа.
-Загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар амиа алдлаа. Ийм үед ярилцлага авахаар холбогдсонд уучлаарай.
-Харамсалтай явдал боллоо. Ар гэрийнхэнд нь, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлье.
-Найз охинд нь эмгэнэл илэрхийлье гэлээ. Цахим мэдээллийн хэрэгслээр та хоёрыг хамт амьдарч байсан гэж бичсэн байсан.
-Сайтууд юу бичих нь хамаагүй. Шар мэдээлэл бичиж, хов живээр хүмүүсийг булдаг сайтуудын мэдээллийг тоож уншихыг ч хүсдэггүй. Гэхдээ хүн нас барчихаад байхад монгол хүний жудаг хайччихсан юм бэ. Яагаад элдвээр бичээд байдаг юм бэ. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж хүртэл ярьдаг биз дээ. Талийгаачийн араас элдэв муу мэдээлэл бичих шаардлагагүй баймаар юм. Ойрын хүмүүсийн мууг үзэх гэж байгаа юм шиг янз бүрийн мэдээлэл тараагаад байгаа хүмүүс хүн чанартай байгаасай. Тэр хүн амьдралын минь нэг хэсэг байсан нь үнэн. Гэхдээ бид хоёр жилийн өмнө салсан. Талийгаач найз охинтой байсан шүү дээ. Бид энгийн найзуудын л харьцаатай байсан.
-Та найз бүсгүйг нь таних уу?
-Танихгүй. Гэрт нь очиход хамт байсан. Хамт амьдарч байгаа юм болов уу гэж бодсон. Жижигхэн охин байсан. Лав загварын талын хүн биш байх.
-Уучлаарай та хоёрын салсан шалтгааныг хүмүүс бас сонирхох байх.
-Би Сингапурт, талийгаач Хонконгт ажиллаж байсан. Загварын карьераа хөөхөд хэдэн жилдээ нэг газар, хамт амьдрах боломж байгаагүй. Тиймээс ярилцаж байгаад тус тусынхаа замыг хөөе гэж шийдсэн. Надад ч, Сүбээдэйд ч том зорилго байсан учраас ажлаа хийх нь зөв гэж ярилцаад хоёр тийшээ болсон. Хэрэлдэж, муудалцсан зүйл байхгүй. Угаасаа ч талийгаач даруухан, эелдэг залуу байсан. Хөдөлмөрч, хэлсэн үгэндээ заавал хүрдэг хүндэтгэхгүй байхын аргагүй хүн.Бид салсан ч нэгнийхээ мэндийг мэддэг, гэрээр нь орж гардаг байсан. Тийм ч учраас энэ харамсалтай явдлын дараа гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн.
-Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй гэх юм. Бас амиа хорлосон ч гэх мэдээлэл байна.
-Үнэхээр юу болсныг мэдэхгүй байна. Ах нь дуугарахгүй байсан. Аргагүй шүү дээ. Ганц дүүгээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой. Би ч нарийн зүйл асуугаагүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Ер нь ойрын хүмүүс болсон явдлын талаар аль болох ярихгүй байхыг хүсч байгаа. Гэтэл огт танихгүй хүмүүс элдвээр таамаглаад, яриад байгаад харамсч байна.
-Талийгаач нас барахынхаа өмнө гэртээ зургаа авч facebook-тээ тавьсан байна лээ. Гэртээ ганцаараа амьдардаг байсан юм болов уу?
-Мэдэхгүй. Найз охинтойгоо амьдардаг байсан байх. Нэгэнт би тэр хүнээс салаад удаж байгаа учраас амьдралыг нь мэдэхгүй шүү дээ гэв.
Б.Цэцэгдэлгэр
Б.Хүрэлцэцэг