Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, СУИС-ийн дуулах урлагийн багш МУГЖ С.Цогтсайхантай ярилцлаа.
-Зуны улирлыг хэрхэн өнгөрүүлж байна. Үндэсний урлагийн их театр өдөр бүр тоглолт тавьж байгаа гэсэн. Амарч чадсан уу?
-Бид наадмын бэлтгэл ажил гэсээр явтал зун талдаа орчихдог. Долдугаар сарын 11-12-ны наадмын арга хэмжээнд манай Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Төрийн концерт болон Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн ёслолд оролцдог учир долдугаар сарын 13-ны өдрийг хүртэл ачаалалтай байсан. Түүнээс хойш үргэлжлүүлээд өдөр бүр 18:00 цагт манай театр дээр жуулчдад зориулсан концерт тавигдаж байгаа. Жил бүр тавигддаг. Бусад салбарын хүмүүс амраад, аялаад алжаалаа тайлаад амарч байдаг бол манай театрынхан илүү их ажилтай байдаг. Гэхдээ манай байгууллага олон хүний бүрэлдэхүүнтэй болохоор дотроо зохион байгуулалт хийн уран бүтээлчдээ амраадаг. Монгол Улсын Ардын жүжигчин Д.Самбуу ахын 70 насны ой тохиож, түүний урлагт 50 жил ажилласан тэгш ой давхар тохиосон учраас Архангайн нутгийн зөвлөл энэ хүний “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэх томоохон арга хэмжээ зохиосон юм. Энэ арга хэмжээнд манай байгууллагын хамт олон бас хүндэтгэл үзүүлэн оролцоод ирсэн. Тэр далимаараа арын сайхан хангайн үзэсгэлэнт газраар аялаад ирлээ.
-Урлагийн хүний хувьд наадмын нээлтийн ёслолд оролцоно гэдэг хамгийн нэр хүндтэй зүйл байх. Та хэдэн жил наадмын нээлтийн ёслолд оролцож байна. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь хэзээнийх вэ?
-1996 оноос хойш гэхээр 22,23 дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага автоматаар наадмын нээлтийн ёслолд оролцдог. Уламжлал болон тогтчихсон. Энэ хугацаанд би наадмын арга хэмжээг алгассан жил байгаа болов уу. Сайн санахгүй байна. Жил бүрийн наадмын нээлт үнэхээр сайхан болдог. Бараг оролцохгүй бол үгүйлэгдэх маягтай. Хэрвээ оролцохгүй бол сэтгэл догдолж үгүйлэх хэмжээний болчихсон гэж хэлж болно. Жил бүрийн л наадам сайхан байдаг. Тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн нь хэдэн оныг нь сайн санахгүй юм. Бага залуу байж. Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Н.Норовбанзад багшийг нисдэг тэргэнд дуулаад Төв цэнгэлдэхийг тойруулан, Онгоцноос буулгадаг нээлт санаанаас гардаггүй юм. Залуу дуучид нэг эгнээгээр урд нь зогсчихсон нисдэг тэрэг тойрч ирээд ард багшийг буулгаад гоцлоод дуулж байсан юм. Түүнийг нь бид хамтран дуулсан. Онгоцноос бууж ирэхэд нь яаж бууж байгаа бол гэж сонирхоод эргэж хармаар санагдаад сэтгэл догдолж байсан тэр наадам сэтгэлд тодхон үлджээ.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Дуучин болох эхлэл хэзээнээс тавигдсан юм бол?
-Бага нас хөдөө өнгөрсөн. Би малчны хүүхэд. Хурга ишиг хариулж, сүү цагаан идээ хийж өссөн. Хүүхэд байхад сумын наадам гэдэг маш гоё. Морь унаж байгаа хүүхэд бүрээ танина. Барилдаж байгаа бөх бүрээ мэднэ. Морь уяачдаа бүгдийг нь танина. Тэр утгаараа сумын наадам хамгийн сайхан. Сумын наадмаа үзээд, хүүхдүүд шон тойрч, гийнгоолохыг сонсох, найр наадамд томчуудын дуулахыг сонсох сайхан шүү. Нутгийн томчууд маань найр наадамдаа хүүхдүүдээ унт, гарж тогло гэх мэтээр цааргалаад байдаггүй. Найран дээр нутгийн өвгөчүүлийн олон сайхан дууг чих тавин сонсдог. Сурах гэж биш ч гэсэн сонирхож дурладаг. Түүнийгээ дагаад хөгждөг. Тэр цагаас дуучин мэргэжлийг эзэмших сонирхол хүсэл мөрөөдөлтэй болсон гэж хэлж болно.
-Ардын дуу ард түмэн дундаас төрдөг шүү дээ. Сүүлийн үед ардын дуу шинээр төрж байгаа болов уу?
-Мэдээж ардын дуу гэж хэлээд байгаа боловч энэ нь нэг зохиосон зохиогчтой байж таараа. Тэр зохиосон хүн нь тодорхой биш учраас ардын дуу гэж яваад байдаг юм болов уу. Одоо дуулаад байгаа олон сайхан нийтийн дуу бий. Ард түмэнд хүрээд хүмүүс сонсох дуртай болчихсон. Энэ дуунууд ч гэсэн магадгүй хэдэн зуун жилийн дараа багахан өөрчлөгдөөд ч юм уу, дуулагдаж магадгүй шүү дээ. Тэр үед бас л ардын дуу гэж ярина. Тэгэхээр ардын дуу төрөөд л байгаа гэж хэлж болно.
-Та өнгөрсөн хавар Арабын хааны нэрэмжит олон улсын тэмцээнээс Гранпри шагналыг авсан байсан?
-Өнгөрсөн гуравдугаар сард АНЭУ-ын эзэн хааных нь нэрэмжит тэмцээн дэлхийн мэргэжлийн ардын урлагийн уран бүтээлчдийн дунд зохиогдсон тэр наадамд 100-аад орон оролцсон. Ардын урлагийн бүх төрлөөр болсон. Нэг орон бүх төрлийг авчирна гэж байхгүй шүү дээ. Зарим орон загвар зонхилсон бол, зарим нь дуу, зарим нь бүжиг зонхилон оролцож байсан. Энэ уралдаанд гоцлол номер уртын дуугаараа Гранпри шагналыг хүртсэн. Хэдийгээр 100-гаад орон оролцсон олон улсын том тэмцээн байсан ч зургаан гран при шагналтай, хоёр тусгай байртай өрсөлдөөн ихтэй тэмцээн байсан. Манайхаас Үндэсний урлагийн их театрын морин хуурч, хөөмийч Хөсөгтөн хамтлагийн гишүүн В.Батзориг, Монгол костьюмс, уран нугаралт зэрэг үндэсний онцлогийг харуулах хэд хэдэн газраас нийлж явсан. Монгол бол тэнд үнэхээр өвөрмөц, гайхамшигтай байж чадсан учраас зургаан гранпригийн хоёрыг нь авсан. Монгол костьюмс маш олон үндэсний хувцасны коллекц, ястан үндэстний загварууд, Хүннү гүрний үеийн хувцас, Алтан ордны үеийн хувцас, Урлах эрдэм дээд сургуулиас орчин үеийн авангард загвартай үндэсний хувцсыг харуулсан. Эртний үеийн хувцаснууд нь үндэсний натур байж чадсан. Шүр сувд нь жинхэнэ. Мөнгөн өмсгөл хэрэгсэл нь бас жинхэнэ байсан учир бусад орны хувцаснаас ялгарч байсан л даа. Гадаадынхан манай үндэсний хувцсыг маш ихээр сонирхож, олноор үзэж байсан.
-Олон улсын тайзан дээр гарч зогсоход юу бодогддог вэ?
-Эх орноо төлөөлж маш олон тайзан дээр гарсан. Уралдаан гэхээр арай өөр л дөө. Эх орноо сурталчлах, тоглолт гээд явбал бас арай өөр. Уралдаан гэдэг нь илүү ач холбогдол өгч, илүү хариуцлага хүлээдэг зүйл. Бид Монгол гэдгээрээ омогшиж, үндэсний урлаг урлагаараа бахархаж, тэр нэрээ өндөрт өргөхийн тулд явдаг. Аливаа нэгэн шагнал авлаа гэхэд ганц би авч байгаа хэрэг биш. Энэ бол Монголын үндэсний урлаг. Уртын дуу энэ том наадмын шагналыг авч байгаа болохоор Монгол гэдэг нэрийг хаа ч явсан хамгийн өндөрт өргөх үүрэг үүрдэг. Улс орон болгоны өөрийнх нь үндэсний урлаг гэдэг мэдээж ард түмэндээ хамгийн нэр хүндтэй өндөрт өргөх эрхэм зүйл. Тэгэхээр бүхэл бүтэн үндэстнээ төлөөлж байгаа болохоор хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Миний харж байгаагаар олон тайзанд гарахад манай үндэсний урлаг аль ч талаараа онцлог байж чаддаг. Яагаад гэвэл гадаадынхан хөгжмийн боловсрол маш өндөртэй байдаг. Тэрийг хүлээж авч байгаа байдал нь ондоо. Бараг өөдөөс хөгжмийн онол ярих нь холгүй хүлээж авдаг. Тэр бүгдээс манай үндэсний урлаг ялгарч, тэр өндөр боловсролтой хүмүүст хүрч чаддаг юм.
-Наймдугаар сард Дундговийн уртын дуучид цуглан томоохон хэмжээний тоглолт тавина гэж сонссон?
-Наймдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Дундговь аймгийн Их газрын чулуу хэмээх газарт байрлах Н.Норовбанзад багшийн нэрэмжит задгай театр бий. Тэнд 3000 уртын дууч, морин хуурчдын маш том наадам болно. Ийм том арга хэмжээ урьд нь хаана ч, хэзээ ч болж байгаагүй. Энэ наадамд Дундговь аймгийн бүх уртын дуучин, морин хуурчид оролцоно. Бүх мэргэжлийн болон мэргэжлийн бус Дундговь аймгийн уугуул суугуул уран бүтээлчид хамрагдана. Задгай байгальд гэдэг утгаараа энэ бол маш өвөрмөц сайхан наадам болно. Тэгэхээр уншигчид маань энэ сайхан наадмыг хүрэлцэн ирж сонирхоорой гэж хүсч байна.
-Жилийн дөрвөн улиралд завгүй ажилладаг таны хувьд ар гэрийнхээ амьдралыг хэрхэн зохицуулдаг вэ?
-Хүн баярлаж байхад бид ажиллаж, үйлчлэх үүрэгтэй. Хүний амралтын хугацаанд зориулж бид үйлчилгээ үзүүлдэг хүмүүс учраас тэрэн дээр зохицуулалт хийдэг.
-Хүн болгоны сэтгэлд хоногшсон дуу гэж байдаг. Таний хувьд ямар дуу дурсамж сэдрээдэг вэ?
-Бэхбатын хөгжим Загдын шүлэг “Уяхан цэнхэр хавар” дууг аравдугаар анги төгсөх үеэр гитартай маш их дуулдаг байсан. Энэ дууг дуулахаар, сонсохоор арван жилд суралцаж байсан үеүд дурсагддаг. Би ээжийн тухай дууг маш их сонсдог. Ээжийн дуунуудыг сонсохдоо эх хүн, эмэгтэй хүн гэдэг утгаар сонсохоор илүү уян байдаг юм. Биднийг хүүхэд байхад их дуулагддаг байсан “торхтой зайрмаг, цөцгийтэй зайрмаг, шоколадтай зайрмаг би ч дуртай чи ч дуртай цөмөөрөө дуртай” гээд энэ дууг гоцлол дуулж байгаа хүүхэд болгон дуулдаг байсан. Бас “Борхон тойрмын захад
Цагаан хөөрхөн ботго” гээд их дуулдаг байлаа. Бас хүүхэд болгон дааганы тухай дууг дуулдаг байсан. Ийм гоё гоё дуунуудыг сонсохоор дөрөв, тавдугаар ангид суралцаж байсан тэр цаг үе санаанд ордог.
-Таныг ээж тань хэр дэмждэг байсан бэ?
Одооны эцэг, эхчүүд хүүхдүүдээ чиглүүлж багаас нь ийм хүн болгоно. Тэгэхээр энэ чиглэлээр бэлдье гээд сургалтанд хамруулдаг. Миний ээжийн хувьд нэгдлийн малчин хүн. Хүүхдээ сургуульд нь даалгачихсан. Надад дуулах авьяас байсан болохоор тэрийг нь багш нар хөгжүүлээд уралдаан тэмцээнд бэлдэж дуулуулдаг. Дугуйланд хамруулсаар хөгжиж ирсэн. Ээж маань намайг ямар зурсан зураг хувь тавилан байсны дагуу л явуулсаар байгаад өдий зэрэгт хүргэсэн дээ. Гэхдээ ээж маань аймаг, зэргэлдээ сумруу урлагийн үзлэг, тэмцээн уралдаанд явлаа гэхэд “яв яв” гээд дэмждэг байлаа. Охиндоо шинэ тирко, гуталтай явуулах гэж хичээдэг. Тэмцээн дээрээ парчик өмсөөрэй гэхэд шинэ парчик, үсний тууз авч өгөх жишээтэй. Ээжийн маань дэмжиж байгаа хэлбэр нь энэ байсан. Миний ээж бүрэг ичимхий, даруу хүн байсан болохоор дэмжлэг нь үгээр илэрдэггүй. Харин үйлдлээрээ үзүүлдэг хүн байсан.
-Таны эцэг, эх дуулдаг хүмүүс байсан уу?
-Аав маань сайхан дуулдаг байсан гэж ээж хэлдэг юм. Намайг бага, байхад аав минь тэнгэрт хальсан болохоор би аавыгаа сайн мэддэггүй. Ээж минь их сайхан дуулдаг хүн бий. Ээжээс илүү эмээ маань сайхан дуулдаг хүн байсан сан. Тиймээс миний хувьд цаанаасаа өгөгдөлтэй хүүхэд байсан болохоор дуучин мэргэжил эзэмшсэн байх. Удам угшилд нь дуулдаг хүн байгаагүй бол дуулдаг хүүхэд төрнө гэж байхгүй байх.
-Таны гэр бүлээс дуучин мэргэжил сонгосон хүн байдаг уу?
-Манайх зургаан хүүхэдтэй айл. Ах, эгчийн хүүхдүүдээс дуулаачийн мэргэжлээр сураад төгссөн хүмүүс байгаа. Миний өөрийн төрсөн ах, эгч, дүү нараас бол байхгүй. Гэхдээ орон нутагтаа сайхан дуулцгаадаг. Тухайлбал, сумын шинэ жилийн арга хэмжээ ч гэдэг юм уу, хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн дундах тэмцээнд оролцдог.
-Таны хүүхдүүд дуучин мэргэжилтэй болно гэвэл та хэрхэн хүлээж авах вэ?
Би их айхтар дэмжээд гүйхгүй байх. Манай хүүхэд дуулах гэж оролдоод л байна. Урлагийн хүн болно. Урлагаар явна гэдэг амар асуудал биш. Маш их цаг хугацаа шаардлагатай. Тэсвэр хатуужил хэрэгтэй. Тухайлбал, дуулдаг хүүхэд байлаа гэхэд дүүрэг, хот, аймгийн ямарваа нэгэн уралдаан тэмцээнд оролцоход бэлдэх цаг хугацаа зарцуулагдана. Гэртээ амарч байгаад тайзан дээр гарна гэдэг зүйл байдаггүй. Тиймээс одоохондоо айхтар дэмжээгүй байна. Яахав, нас нь бага байна. Цаашид гоц гойд болох шинжтэй, өөрөө урлагт дурлаад байвал дэмжинэ гэж боддог. Түүнээс биш одоогоор хичээл номых нь цаг хугацаанаас хомслох хүсэлгүй байна.
-Урлагийн тайз хатуу гэдэг. Танд шантарч байсан үе бий юу?
-Би шантарч байгаагүй. Үнэндээ би энэ ажлыг дуртайдаа хийж байна. Урлагийн тайзан дээр өдий хүртэл тууштай байхын шалтгаан нь дуртай зүйлээ ажил болгон хийж байгаа болохоор тэр. Миний хувьд өнөөдөр шантрах эрх байхгүй. Бидний ажлын хувьд гэвэл эхлээд үзэгчдэдээ гоо сайхны таашаалыг өгдөг. Дараа нь сонорыг нь дуу хуураар мялааж байдаг учраас их сайхан ажил хийдэг гэж боддог.
Э.НАРАНЗАЯА